ЗЭВСЭГ НЭГТНҮҮДЭЭ ХОРООЖЭЭ
БНСУ-ын хуурай замын цэргийн дэслэгч /зарим мэдээгээр түрүүч/, 22 настай Лим гэгч хамт алба хааж байсан таван цэргээ буудаж, долоон хүнийг шархдуулсны дараа оргон зайлжээ. Тэрбээр бүрэн зэвсэгтэй, хэд хэдэн гранаттай байж болзошгүй талаар хэвлэлүүд мэдээллээ.
Хэрэгтэн өөрийг нь хайж байгаа цэргүүдтэй Канвандо мужийн Косон хотын нэгэн сургуулийн орчимд буудалцан, нэг цэргийг шархдуулсан гэсэн мэдээлэл ирлээ. Түүнийг бүрэн бүсэлж бууж өгөхийг зөвлөж байгаа бөгөөд эцэг, эх нь хэргийн газарт ирээд байгаа гэнэ.
Хэрэг юунаас үүдсэнийг хэлэхэд эрт ч өнгөрсөн оны нэгдүгээр сард цэрэгт татагдсан Лим нөхцөл байдалдаа дасч чадаагүй гэх таамаглал байна. Иймэрхүү хэрэг 2005 онд мөн гарч байсан бөгөөд нэг байлдагч хуаран руу гранат шидсэний дараа цэргүүд рүү гал нээж байлаа.
Өмнөд Солонгосын эрэгтэй хүн бүр хоёр жилийн алба хаах ёстой бөгөөд ихэнхи нь Умардтай хил залгаа ангид хуваарилагддаг юм. Баттай бус мэдээгээр Өмнөд Солонгосын арми 600 гаруй мянган цэрэг, алба хаагчтай гэнэ.
Н.ТУУЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: