2012 оны сонгуульд МАН-ыг санхүүжүүлэх баячуудын нэрийг зарлаж байна
Саяхан нэрээ солиод байгаа МАХН баячуудыг Бага хуралдаа багтааж, тэдэнд найр үзүүллээ.
Төсвийн саалийн “үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзоригийг орлогч захирал Ц.Бат-Энх, санхүү эрхэлсэн орлогч Б.Жаргалсайханы хамт оруулсан байна. Мөн хоёр улсын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн дарга О.Эрдэнэ, УБТЗ-ын дарга Т.Очирхүү, Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн ордуудын лицензийг эзэмшигч төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ” компанийн удирдах албан тушаалтнууд болох Б.Ганхуяг, Г.Тэмүүлэн гээд улсын өмчийн үйлдвэрийн газруудын дарга нар хөвөрнө. “АХ” намыг бараадвал албан тушаалд хүрдэг учир залуус хошуурахаас ч аргагүй аж.
Энэ намд шинэ цагийн баячуудын хүүхдүүд түрэн орж шатаар хурдтайгаар өгсөж байна. “МАК” компанийн ерөнхий захирлын хүү Н.Номтойбаяр, “Их засаг” их сургуулийн захирал Д.Ням-Осорын хүү Н.Учрал гээд цуварна. Завхан нутгийн гурван анд гэгддэг байсан Н.Багабанди, Ц.Балдорж, Ш.Отгонбилэг агсны хүүхдүүд ч энэ намын нүүр царай болохоор шийдэж улс төрийн карьер хөөх болжээ. Ш.Отгонбилэг агсны хүү “Петровис” компанийн гүйцэтгэх захирал О.Содбилэг, Ц.Балдорж агсны хүү “Улаанбаатар” зочид буудлын ТУЗ-ийн дарга Б.Мөнхтүшиг нар Бага хурлын гишүүн болсон байна. Мөн хувийн банкны эзэд, захирлууд ч МАН руу хошуурах болжээ.
Хас, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны боссууд орлогч нараа дагуулаад Бага хуралд шургалж амжжээ. “Би шинэ үеийн төлөөлөл, МАХН бол коммунист нам, энэ нам дарангуйлагч, бялдуучлагч нарыг бэлддэг” хэмээн шүүмжилж байсан М.Ичинноров МАН-д “хайр” зарлаж Бага хурлын гишүүн болж амжив. 2008 оны сонгуулиар ИЗН-ын төлөө улайран гүйж эрх баригч хүчин рүү чичилж байсан сэтгүүлч Б.Батзулын үзэл бодол ч өөрчлөгджээ. Энэ бүсгүй намд элсэн магтан дуулдаг болсныхоо хариуд намын дарга С.Батболдоор хувийн эзэмшлийнхээ Ногоон сувгийг дэмжиж ажиллана гэсэн бичиг хийлгүүлээд агентлагуудын дарга нараас мөнгө шаналгаж санхүүждэг гэсэн яриа ч чих дэлсэх болжээ.
“Бөмбөгөр” худалдааны төв шатаж лангуу түрээслэгчдэд ээрүүлж байсан хатагтай Г.Алтан, татвараас нуугдахын тулд хахууль өгсөн хэрэгт татагдан шоронгийн хаалга татах гэж байсан “Ноёд” группын захирал Г.Буяндорж гээд хэл амны бай болж байсан бизнесмэнүүд МАН-ын ивээлд багтаж Бага хурлын гишүүд болжээ. Их хурлын зарим төлөөлөгчид “Очиж очиж Г.Алтанг сонгоод байх даа яахав дээ. Олон хүнийг хоолноос нь салгачихаад хохирлыг нь барагдуулж дуусалгүй хил даван зугтаасан биз дээ. Манай нам гэмт хэрэгтнүүдийг хаацайлах байр юм уу” хэмээн баалсан ч Увсын фракцынхан тэр дундаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж зүтгүүлсээр Бага хурлын гишүүн болгосон гэцгээх аж. МАН эрдэм номын мөр хөөсөн философич, эрдэмтэн судлаач гэсэн оюунлаг давхарга, малчин, тариаланч гэсэн жирийн иргэдийг ойшоодоггүй бололтой дог оо. 310 хүн дотор их, дээд сургуулийн багш, судлаач нар дэндүү цөөхөн.
МУИС-ийн ХЗДС-ийн захирал С.Нарангэрэл, ШУА-ын тэргүүн нарийн бичгийн дарга Т.Галбаатарыг эс тооцвол шүү дээ. Харин урлаг, соёл, спортын одуудад элэгтэй гэж жигтэйхэн. МАН-д элсэн батлахаа өвөртлөөд удаагүй байгаа МУГЖ Д.Жаргалсайхан болон Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Улсын аварга Д.Сумьяабазар, төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Жанцанноров зэрэг эрхмүүдийг урьж залан Бага хурлынхаа гишүүн болгожээ. “Жижиг” намд ороод албан тушаалд хүрнэ гэж зүдэрч байхаар “том” нам бараадах нь ашигтай гэж ахдаа зөвлөж байсан Симба Ц.Батаагийн төрсөн дүү Ц.Бат-Энх ч аргагүй мэдрэмжтэй нэгэн аж.
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал болоод зогсохгүй Бага хурлын гишүүн болоод амжлаа.. За тэгээд намдаа гар татдаггүй өгөөмөр компанийн захирлуудаа ч Бага хурлын гишүүн болгохоо мартсангүй. “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Эко констракшн”-ны босс С.Нямдаваа гээд нам дагаж бизнесээ цэцэглүүлж байгаа бизнесмэнүүд олноороо МАН-ын Бага хуралд сонгогджээ. Дээрх баячууд Бага хурлын гишүүн болсныхоо төлөө ирэх 12 оны сонгуульд намаа мөнгөөр угжих нь тодорхой.
URL: