Н.Энхбаяр МАНАН-ийн колоничлолд бүрмөсөн орох нь энэ үү
Н.Энхбаяр МАНАН-ийн колоничлолд бүрмөсөн орох нь энэ үү
Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулайг гүйцэх биш дээ, ямар. Ер нь туулайг үхэр гүйцнэ ч гэж юу байх вэ. Дугуйтай экс Ерөнхийлөгч машинтай МАНАН-г бас гүйцсэнгүй. МАНАН-ийн төөрөгдлөөс гарах гэж яваад МАНАН-ийн колоничлолд орчихлоо.
Хамгийн сонирхолтой нь мань эр өөрийн мэдэлгүй биш, өөрөө мэдсээр байж тийм “нүх”-нд уначихав. УИХ-ын дарга байхдаа баталсан Улс төрийн намуудын тухай хуулийнхаа өмнө хүчин мөхөстлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч ахуйдаа санал болгож байсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн урд өвдөг сөхрөх нь тэр.
МАНАН нэгдэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг зүв зүгээр нийтлэл биччихээд санамсаргүйхэн алхаж явахад нь хаалттай “хаалга” мөргүүлчихлээ. Ингэж яаж болох юм бэ.
Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн бичсэнчлэн “Өршөөнө гэдэг өс хонзонгоо авахаас илүү эр зориг” бишсэн билүү. Үндсэн хуулийн Цэц “Н.Энхбаяр нар намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх боломжтой” гэсэн шийдвэр гаргасан бол яах байсан гэж. Тийм ээ, экс Ерөнхийлөгч яах байсан гэж…
Тэрбээр эрх мэдлийн тавцнаа дахин “амилах” байсан. Гэвч Н.Энхбаярыг эзний суудалд заларч явахад ялалтын “тууз”-ыг өөрсдөдөө өмчилсөн Ардын намынхан, Үндэсний зөвлөлдөх хорооныхоо гишүүдийн тал хувийг мань хүний мэдэлд байлгадаг байсан Ардчилсан намынхан үүнийг хүссэнгүй. Үнсэн доороос биежин босч ирэхийг нь харахыг бүр ч хүссэнгүй. Ардын намыг МАХН байхад Ардчилсан намтай хамтатган захирч явсан энэ товариш өнөөдөр МАНАН-ийн колоничлолд орох юм гэж хэн саналаа.
Экс Ерөнхийлогч Н.Энхбаяр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцохоор уржигдар бие хамгаалагчдын хамт дугуйтай ирэв. Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Ардын намын хоёр гишүүн машинаас бууцгаалаа. Тэд ч, бас Цэц ч экс Ерөнхийлөгчийг МАХН-ын гишүүдийнх нь өмнө дэгээдэж унагах нь тэр.
Улс төрийн тавцнаа тус намын туг дахин мандвал нэгдэх бодолтой яваа Үндэсний шинэ намынхны нүдэн дээр өвдөг шороодуулж орхилоо. Юу болох нь энэ вэ. Эвлэлдэн нэгдэх эрх Н.Энхбаярт байхгүй гэж үү. Тийм ээ, тэрбээр иргэн хүнийхээ хувьд ийм эрхийг эдлэх эрхтэй. Гэвч эрх баригчид түүнд улстөрчийн байтугай иргэний эрхийг нь ч эдлүүлэхийг хүссэнгүй. Экс Ерөнхийлөгчийг МАХН-тай нь хамт “цавчиж” орхилоо.
УИХ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг 14 хоногийн дотор хэлэлцэх учиртай. Гэвч МАХН-ынхны хувьд байдал тун бүрхэг байна. Учир нь УИХ-ын чуулганы танхим бол МАНАН-ийн орон зай, Н.Энхбаярынхны хувьд, ангийн дайсны үүр билээ. Тиймээс УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн авч, МАХН-ынхны өмнө хориглон хамгаалалт босгох нь тун ойлгомжтой. Гэвч хэн хамгийн их айж байна гээч. Тэд бол Ардчилсан намынхан. Хэрэв Н.Энхбаяр дахин хүчирхэгжвэл, бас МАХН эргэн сэргэвэл тус нам улс төрийн тавцнаас арчигдах байлаа.
Тулааны талбарыг Ардын нам ба МАХН-ынхан эзэлсэн бол Ардчилсан намынхан бүр ч сураггүй болох байв. Чухам үүнээс л тэд айж байна. Ийм л учраас Ардын намынхантай хүч хавсран Н.Энхбаярыг нуман тулгуурт орууллаа. Экс Ерөнхийлөгчийн хувь заяаг МАХН-ын ирээдүйтэй хамт МАНАН дунд замхруулах анти Энхбаяр ажиллагаа үргэлжилж байна. Н.Энхбаяр ч дугуйтайгаа давхисаар л…
“Улс төрийн тойм” сонин
URL: