Төлбөр нэмэхэд яаманд яагаад мэдэгдэл хүргүүлэх ёстой юм бэ
БШУЯ-наас сургалтын төлбөрийг нэмүүлэхгүй гэж ярьдаг ч улсын болон хувийн их дээд сургуулиуд төлбөрөө жил бүр нэмдэг бичигдээгүй хууль тогтсон. Энэ жилийн хувьд зарим сургуулийн амралт ч эхлээгүй байхад МУБИС төлбөрөө 15 хувиар нэмлээ. Өмнөх жилд 9.3 хувиар нэмсэн бол 2014-2015 оны хичээлийн жилд 15 хувиар нэмснээр сая 240 мянган төгрөгөөр сурч байсан бакалаврын сургалтын оюутнууд 1 сая 500 орчим мянган төгрөгөөр сурах болж байна.
Харин магистрын сургалтын төлбөр 1.9 сая, докторын сургалт 2.1 сая болж нэмэгдсэн байна. 2014 онд МУБИС-д шинээр элсэн орох оюутнуудын нэг кредитийн үнэ хичээлээсээ хамаараад 49 мянга 500 төгрөгөөс дээш байхаар тогтоожээ. Энэ талаар сургалт эрхэлсэн дэд захирал Г.Тамираас тодруулахад төлбөр нэмсэн шалтгаанаа инфляцитай холбон тайлбарласан юм.
-Их дээд сургуулиудаас хамгийн түрүүнд төлбөрөө нэмсэн нь МУБИС байна. Ямар шалтгаанаар сургалтын төлбөрөө нэмсэн юм бэ?
-Манай сургууль инфляцитай уялдуулж төлбөрөө нэмсэн. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхуүний үнэ өсч байна. Өмнөх жилд худалдаж авдаг байсан зүйлээ яг тэр үнээр нь энэ жил худалдаж авч чадахгүй шүү дээ. Ер нь манай сургууль хамгийн бага төлбөртэй байдаг. Бусад сургуулийн төлбөр манайхаас хамаагүй өндөр. Багш ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн. Тиймээс төлбөрөө нэмэхээс өөр аргагүй. Сургалтын төлбөрөө 15 хувиар нэмснийг оюутнууд ойлгож байгаа. Бусад сургуулиуд түүнээс ч их хувиар нэмж магадгүй.
-БШУЯ-нд мэдэгдсэн үү? Яамнаас төлбөрөө нэмэхийг зөвшөөрсөн юм уу?
-Яагаад боловсролын яаманд мэдэгдэл хүргүүлэх ёстой юм бэ. Манай сургуулийн удирддагууд хуралдаад 15 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Яаманд мэдэгдлээ өгсөн. Гэхдээ сургалтын төлбөрийн асуудлыг яам биш сургуулийн удирдлагууд шийддэг.
Бусад их, дээд сургуулиудаар орж төлбөрийн талаар сонирхоход ‘Төлбөрөө нэмнэ, гэхдээ зөвлөлдөх цаг болоогүй. Наймдугаар сар гаргаад төлбөрийн асуудлыг ярина” гэсэн хариулт өгч байлаа.
Э.ДЭЛГЭРМАА /ӨДРИЙН ШУУДАН/
URL: