Н.Болдхүү: Түлшний үнэ цаашид бүр илүү хямдарна

ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүүтэй түлш татан авалт, нөөц бүрдүүлэлт, үнэ ханш болон авч буй арга хэмжээний талаар ярилцлаа.

-Түлш яагаад хомсдсон бэ. Шатахуун хомсдох талаар урьдчилан харж байсан биз дээ?

-ОХУ евро стандарт нэвтрүүлэх гэж туршилт хийсэн. Гэтэл энэ нь цаг үеэ олоогүй байсан учраас амжилтгүй болсон. Ийм олон зүйлээс шалтгаалж саатал үүссэн юм. Одоогоор ОХУ-ын 3-4 газартай 91 мянган тонн, Хятад улстай 3000 тонн түлш авахаар гэрээ хийсэн. Мөн Солонгос улсаас түлш авах яриа хийгдэж байна. Энэ сард 91 мянган тонн түлш авах гэрээг хийсэн.

Одоогоор хоёр удаагийн ачилтаар 13 мянган тонн түлш ирсэн. Энэ долоо хоногт 22 мянган тонн ачигдана. А-92 шатахуун сард 18-20 орчим мянган тоннын хэрэгцээтэй. “Роснефьт” компани 8000 тонн, бусад газраас 1000-3000 тонныг авахаар яригдаж байна. Аль болох олон газраас нефть авахаар болж байгаа учраас хомсдол үүсэх ёсгүй. Хомсдол хүмүүсийн сэтгэх үйгээс шалтгаална.

-Шатахууны үнийг барихын тулд гаалийн татварыг бууруулсан. Гэтэл үнэ буурахгүй байна. Хяналт тавьж байна уу?
-Шатахуун импортлогч компаниуд бүх аж ахуйн нэгжтэй гэрээ хийж бүтээгдэхүүнээ картаар нийлүүлж байгаа. Бизнес сэтгэлгээтэй хэсэг хүмүүсийн ашиг сонирхлыг дарж чадсан. Нийслэлийн сарын, өдрийн шатахууны хэрэглээ хэвийн хэмжээнээсээ хоёр дахин нэмэгдсэн нь хүмүүсийн амиа бодсон арчаагүй үзэлтэй бас холбоотой.

-Хөдөө орон нутагт шатахууны хомсдлоос болж зарим зам, даваа, барилгын ажил зогссон гэсэн. Энэ байдлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Өнөөдөр Улаангом, Хандгайт болон Баянтүмэнгийн боомтоор 5-6 мянган тонн түлш ачигдаж ирсэн. Энэ нь баруун болон зүүн өмнөд бүсийг сарын хэмжээнд хангах бүрэн нөөц. Түлшээ өмнө нь ганцхан чиглэлээр оруулж ирдэг байсан. 60-70 хувийг нь Наушка буюу Сэлэнгийн гаалаар. Тэгвэл одоо таван чиглэлээр оруулж ирэхээр арга хэмжээ авсан нь бүтээгдэхүүнээ жигд тараах нөхцөл бүрдсэн.

-Манайх ОХУ-аас нэг литр шатахууныг 1250 ам.доллараар авч байгаа гэсэн. Хэрэглэгчдийн гар дээр хэдээр борлогдвол үнэнд нийцэх вэ?
-Ойролцоогоор нэг литр шатахууны үнэ 1700 орчим төгрөг байна. Олон зардал нэмэгдэнэ. Долларын ханшны зөрүү, гурван төрлийн замын албан татвар авдаг. Энэ нь 3-20 ам.доллар. Тухайн өдрийн долларын ханшны өсөлт өөр хэлбэлздэг. Дараа нь нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, өөрийн үнийн дүнгээс авах 15 хувь, гаалийн болон тэмдэгтийн хураамж зэрэг бүх татвар нэмэгдэнэ. Цааш нь тухайн компани агуулахын зардал, ШТС-ын ажилчдын зардлаа бас нэмнэ. Нэг литр түлшийг 1100-1200 ам.доллараар нийлүүлэх санал ирсэн байна.

Өрсөлдөөн бий болоход үнэ буурах нь дамжиггүй. Тиймээс заавал 1700 төгрөг байна гэж байхгүй. Буурч 1580 төгрөг болж болно. 1700 төгрөгөөс өсч болно.

-Есдүгээр сар хүртэл түлшний асуудал энэ хэвээрээ үргэлжилнэ гээд байгаа. Та ямар хариулт өгөх вэ?

-Зохицуулалт таван янзаар хийж байна. Монголынхоо баруун, зүүн хязгаарт А-92 шатахууны хангалт хийсэн. Өмнөд бүс Өмнөговь, Ховд, Говь-Алтай аймгуудаар тодорхой хэмжээний түлш авах яриа хэлцэл хийгдэж байна. Улаанбаатарын хэрэглээгээр Монголыг төсөөлж болохгүй. Тиймээс олон эх сурвалжаас авах тусам өөрийн өртөг багсч тээврийн зардал буурна. Иргэд аж ахуйн нэгжид таатай боломж бүрдэнэ. Ирэх жилийн тухайд бол байдал хэвийн болж, шатахууны үнэ буурна гэж хэлж чадна. Өнөөдрийн нөхцөл байдлаас сургамж авч хийсэн олон талын ажлын үр дүнд Монгол өөрсдөө түлшээ үйлдвэрлэдэг болно.

-Түлшний нөөцийн сав бэлтгэх ажил эхэлсэн гэсэн хэзээ ашиглалтанд орох вэ?
-Замын-Үүдэд 80 мянган тонн түлш нөөцлөх сав бий. 2012 он гэхэд ашиглалтад орно. Энэ нь манай улсын 2-3 сарын хэрэглээ. Бусад улс тухайлбал АНУ таван сарын нөөцөө бэлтгэсэн байдаг.

Ц.Мягмарбаяр


URL:

Сэтгэгдэл бичих