Эрдэнэт үйлдвэр зардлаа 34.9 тэрбум төгрөгөөр бууруулжээ
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт vйлдвэр” ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр бөгөөд 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан аж. Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг байна.
2012-2014 оны хооронд засвар механикийн заводод хийгдсэн импорт орлох бүтээгдхүүний хувьд, цутгамал бүтээгдэхүүн, металь хийц, резинэн эдлэл, механик боловсруулалттай эд ангиудыг үйлдвэрлэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2000 оноос хойш үйлдвэрлэл, эдийн засгийн тогтмол өндөр үзүүлэлттэй, ашигтай ажиллаж байгаа ч сүүлийн жилүүдэд үргэлжилж байгаа дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас үүдсэн өнгөт металлын зах зээлийн үнийн өөрчлөлт нь компанийн ашиг буурахад нөлөөлсөн болохыг Үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.
2013 оноос эхлэн Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан 5 жилийн гэрээний үндсэн дээр аймаг орон нутгийн хөгжлийг дэмжсэн 1 тэрбум 400 сая төгрөгийн ажлууд хийгдэж байгааг танилцууллаа. Үүнд: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өртөж буй зулзаган хус, шинэс модыг Баян-Өндөр суманд шилжүүлэн суулгах, Эрдэнэт хотын нисэх онгоцны буудлыг сэргээх, “Эрдэнэт үйлдвэр-Орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүүхдийн ордон болон Янзага зуслангийн тохижилтын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймгийн хөгжлийг дэмжсэн, эдийн засгийн эргэлтэд орж иргэдэд онцгой ач холбогдолтой ажил хөтөлбөрт анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулав.
Үүний дараа УИХ-ын дарга “Шим-Технологи” ХХК-ийн молибдены баяжмал боловсруулах үйлдвэртэй танилцлаа. 2005 онд ашиглалтад орсон энэхүү үйлдвэр 250 ажилтантай бөгөөд жилдээ 3600 тн молибдены баяжмал боловсруулж, 2500 тн молибдены техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болохоо танилцуулсан юм.
URL: