Ж.Батзандан: АН фракциасаа салахгүй бол төрд гай болно

 6ded4cc369d20b3big

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийгөө удирдлагагүй яваа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Гэвч намынхан нь түүний шийдвэрийг дэмжихгүй байгаа сурагтай.  Түүнтэй ярилцлаа.

-Та өөрийгөө Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн гэсэн үү. Танай намынхан Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлээд байгаа шүү дээ. Ийм байхад дэмжлэг авах уу?

-Дэмжлэг авах эсэх нь чухал биш. Хамгийн гол нь шударга өрсөлдөөний зарчмаар явах нь чухал байна.

-АН-ын бүлэг таныг нэр дэвшүүлэхгүй байх шалтгаан нь юу бол?

-Шалтгааныг нь мэдэхгүй байна.

-Мэдээж фракцитай холбоотой биз?

-УИХ-ын гишүүн Монгол Улсын хуулийг мөрдөж баримталж явах ёстой. УИХ-ын тухай хуульд байнгын хорооны даргыг байнгын хорооны гишүүдийн дундаас нэр дэвшүүлж сонгоно гээд заачихсан. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд төрийн албан тушаалыг өрсөлдөөний зарчмаар бус фракцийн хуваарилалтаар л хийдэг болсон. Энэ ужиг зуршил их гүнзгийрчихлээ. Сүүлдээ энэ гажуудлаа манай дарга нар хэвийн зүйл гэж ойлгодог болж. Энэ бол хэвийн зүйл биш, гажиг зүйл шүү. Үүнийг засах ёстой. Байнгын хорооны дарга нар болоод улс төрийн өндөр албан тушаалд хэн нэгнийг томилохдоо заавал чөлөөт өрсөлдөөнөөр сонгон шалгаруулах ёстой. Түүнээс биш бүлгийн шийдвэр эсвэл намын шийдвэр  гээчийг гаргаж ирээд Монгол Улсын хуулийг зөрчиж болохгүй. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын бүлэг хууль зөрчих гээд байна. Тэд бүлэг дээр сонгосон хүнийг сонго гэх тулгалтыг байнгын хороонд өгч байна. Эцсийн дүндээ байнгын хороо бол намын хороо биш. Байнгын хороо нь төрийн байгууллага.  Төрийн байгууллагыг удирдах хүнийг чөлөөт өрсөлдөөний журмаар сонгох ёстой гэдгийг намын удирдлагуудад хүргүүлсэн байгаа.  Энэ өрсөлдөөнд фракцийн асуудал байж таарахгүй. Намын албан тушаалыг фракциар хувааж болно. Харин төрийн албан тушаалыг фракциар хувааж огтхон ч болохгүй.

-Бүлгийн даргадаа өө­рийгөө бие дааж нэр дэв­ших болсноо дуулгасан уу?

-Өгөх гээд л албан бичиг төлөвлөөд сууж байна /өнгөрсөн баасан гариг/. Удахгүй өгнө. Ер нь уулзах бүртээ Засгийн газрын бодит төрхийг нь хэлж байгаа. Засгийн газрын болж байгаа, болохгүй байгаа, цаашид яах ёстой вэ гэдгийг нь хэлж байгаа. Хямралын үндсэн шалтгаан гаднаас биш биднээс болж байна. Манай намын дотоод зохион байгуулалт,  эрх мэдлийн буруу хуваарилалтаас болж хямрал даамжирч байгаа шүү дээ. Ялангуяа, бодлого мэдэхгүй хүнийг бодлогын байгууллагын даргаар тавьснаас болж, ажил хийж чаддаггүй хүнийг ажил нь овоорч байгаа байгууллагад томилсноос болж, мэргэжлийн бус хүнийг мэргэжлийн байгууллага удирдуулснаас болж хямрал илүү ихээр нүүрлэж байна. Ийм үед Ардчилсан намыг засч залруулахын төлөө төрийн ялзрал, гажуудлыг засч залруулахын төлөө явахаас өөр арга зам байхгүй. Өөрийгөө золиослож байгаад ч хамаагүй явна.

-“Байнгын хорооны даргад нэр дэвшээд хэрэггүй. Нэрээ тат” гэж байгаа АН-ын бүлэг таныг ингэж сөрөөд байвал хариуцлага тооцож магадгүй байх?

-Хариуцлага тооцохыг үгүйсгэхгүй. Намаас гар гэж  шахан шаардаж магадгүй. Тэглээ гээд би айхгүй. АН дотор эрүүл ухаанаар сэтгэдэг, боловсролтой, ардчилалд хайртай мянга, мянган гишүүн байгаа. Дүрэм журмаа сахидаг байхыг жирийн гишүүд маань байнга хэлдэг. Сүүлийн хоёр жилийн дотор Ардчилсан намын дүрэм ажиллахаа байсан. Ардчилсан намын дарга удирдлагууд дүрмээ өдөр бүр л зөрчдөг болсон. Уг нь намын дүрмээр бол Үндэсний зөвлөлдөх хороо болоод шат, шатны намын байгууллагууд жил бүр хуралдаж,  өөрсдийгөө шинэчилж байх ёстой юм. Дотоод болон гадаад хяналтын тогтолцоо нь ажилладаг байх ёстой. Намын даргыг их хурлаасаа сонгодог байх ёстой. Төрийн алба болоод захиргааны албанд очсон хүмүүс нь намынхаа байгууллагын гишүүнчлэлээс татгалзаж төрийн албанд зүтгэдэг байх ёстой. Харамсалтай нь, манай намын дүрмүүд хэрэгжихээ байсан. Өнөөдөр нам, төр хоёр холилдчихоод байна. Үүнийг засч залруулахгүй бол Ардчилсан нам Монголын хөгжилд том чөдөр тушаа болно. Болоод ч эхэлчихсэн байна. АН-ын алдааг залруулахын төлөө би хэлээд байгаа юм. Түүнээс биш дарга болох гэсэндээ яриагүй. Байнгын хорооны дарга хэн ч болж болно. Би болох ч албагүй. Зөвхөн төрийн байгууллагын даргыг шударга өрсөлдөөнөөр сонго гэдэг  шаардлагыг хүргүүлээд байгаа.

-Нэрээ тат гэж хэлэх эрх мэдэл АН-ын бүлгийнхэнд бий юу?

-Байхгүй. УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийг баримталж ажиллах ёстой. Зөвхөн Үндсэн хуульд захирагдах ёстой. Тэр намын дүрэм гэдэг бол жижиг асуудал. Аливаа намын дүрэм Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах ёстой. Үндсэн хуулиас давсан намын дүрэм өөрөө хүчингүй.

-Д.Ганбат гишүүнийг АН-ын бүлэг дэмжинэ. Харин таныг хэн дэмжих бол?

-Байнгын хорооны дарга болох,  эс болох нь чухал биш. Хамгийн гол нь өрсөлдөөн, сонгон шалгаруулалт нь чухал. Манай намын олон гишүүн фракцийн зарчмаар албан тушаал хуваарилах нь улс орны эрх ашигт хор хохирол учруулдаг гэдгийг ойлгосон. Одоо бид энэ чөтгөрийн тойргоос гарахгүй бол энэ буруу гажуудлаа засахгүй бол Ардчилсан нам өөрийгөө хохироогоод зогсохгүй Монголын төр, ард түмнийг хохирооно. Улс эх орондоо гай тарьж байна. Үүнийг л хэлээд байгаа юм. Мэргэжлийн ажил дээр мэргэжлийн л хүн томилох ёстой. Фракци энд огт хамаагүй.

-Танай нам засаг бариад бишгүй хугацаа өнгөрлөө. Эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтож байна. Намынхаа ажилд ямар дүн өгөх вэ?

-Эдийн засаг маш хүнд байна. Мянга, мянган аж ахуйн нэгж дампуурч байна. Вальютын ханш огцом өсч, нөөц нь хомсдлоо. Төсвийн орлого ч  40 хувиар тасарлаа. Энэ бол Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгааг илтгэнэ. Ийм Засгийн газрыг огцрох ёстой гэдгийг би олон удаа хэлсэн. Ялангуяа, Засгийн газрын эдийн засаг хариуцсан нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурь дээрээ хатуу зогсч байгаа.

-Зөвхөн хэлээд л суух уу. Эрх, үүргийн хувьд нөлөөлөх боломж бий юу?

-Хэлэх үгээ хаана ч гэсэн хэлнэ.  Хэнээс ч айхгүй хэлнэ. Харамсалтай нь, Ардчилсан намынхан маань алдаагаа засахгүй удах тусам Монгол Улс, Монголын ард түмэнд олон тэрбумын хохирол учирч, улс орон том агуулгаараа их хэмжээний хохирол амсч байна. Энэ дарамт, энэ хямрал эцсийн дүндээ иргэдийн нуруун дээр очиж байна шүү дээ. Хамгийн наад захын жишээ гэхэд хүмүүсийн худалдан авах чадвар буурч, иргэд ядуурч байна. Үүнийг хараад зүгээр сууж болохгүй. Сууж ч чадахгүй нь. Ж.Батзандан гэдэг хүн хямралыг өдөөж байгаа нөхөдтэй хариуцлага тооцуулахын төлөө явна. Намаа шинэчлэхийн төлөө явна. Өнөөдөр эрх мэдэлд очсон манай намын удирдлагуудын чих нь дүлий, нүд нь сохор болчихож. Тэгвэл нүд, чихийг нь нээхийн төлөө хамтдаа зүтгэе гэж намынхаа мянга, мянган шударга гишүүдийг уриалах байна.

-АН-д фракцийн зарчим цадигаа алдлаа гэж байна. Та өөрөө ч гэсэн ялгаагүй Ардчилсан хүчний холбоо гэсэн фракцид хамаардаг байх аа?

-Би фракцид дургүй.  Саяхнаас “Өглөөний цай” гэдэг улс төрийн клуб байгуулан хамаарах болсон.

-АН-ын дотоод зөрчилд хэнээс хамаарч байна. Н.Алтанхуяг даргын үйл ажиллагаанаас  уу. Эсвэл олон фракцийн үл ойлголцолтой хамаатай юу?

-Энд хэн нэгний тухай яримааргүй байна. Эцсийн дүндээ хариуцлагыг дарга нь үүрдэг. Цэргүүд нь үүрдэггүй. Гишүүд нь үүрэхгүй. Нам удирдаж байгаа тэр хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Хүлээж чадахгүй бол гишүүд нь хүлээлгэдэг хариуцлагын тогтолцоо ажиллах ёстой. Цаашдаа Ардчилсан нам их хурлаа хуралдуулж, үндэсний зөвлөлдөх хороогоо зарлаж намдаа бугшаад байгаа асуудлаа ярих цаг нь болсон. 2012 оны сонгуулиас хойш нэг ч удаа намын их хурал, зөвлөлдөх хороогоо хуралдуулсангүй. Намын шинэчлэлийн бодлогоо ярьсангүй. Одоо ярих, бодох, нүдээ нээх цаг нь болсон байна.

-Их хурлаа хийвэл удирдлагаа өөрчлөх тухай ярина биз?

-Манай нам ардчилалтай улс төрийн хүчин. Ардчилсан нам асуудалд яаж ханддаг тэр зарчмаар явах ёстой.

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах ёстой гэдэгт санал нэг байгаа билүү, Та?

-Н.Батбаяр сайдын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх байх. Тухайн үед ямар байр сууриа илэрхийлнэ.

 

Д.БОЛОРМАА

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих