“Лидерс” цэнгээний газрын хамгаалагчид сэтгүүлч, зураглаачийн биед халджээ
Энэ сарын 3-4-нд шилжих шөнө иргэдийн мэдээллийн мөрөөр албан үүргээ гүйцэтгэж явсан “ТВ-8” телевизийн зураглаач П.Тулга, Б.Давааням, сэтгүүлч Б.Мэндбаяр нарын биед халдсан ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн XIII хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лидерс” шөнийн цэнгээний газрын 10 гаруй хамгаалагч тус телевизийн сэтгүүлч зураглаачдын биед хүнд гэмтэл учруулж, мэргэжлийн камер болон бусад эд зүйлийг нь эвдэлжээ.
“Лидерс” шөнийн цэнгээний газар нь байнга цаг хэтрүүлэн ажиллаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг учраас ийнхүү “ТВ-8” телевизийн “Шөнийн толь” нэвтрүүлгийн баг хамт олонд хандсан байна.
Болсон явдлыг сийрүүлбэл, Энэ сарын 3-4-нд шилжих шөнө хэсэг оршин суугчид тус телевизийн редакци руу утасдаж цаг хэтрүүлэн ажилладаг шөнийн цэнгээний газрыг сурвалжлан холбогдох албаны хүмүүсийн сонорт хүргэж “арга хэмжээ авахуулж өгөөч” гэж хүссэн аж. Ингээд тус телевизийн багийг шөнийн 00:02 цагт очиход “Лидерс” шөнийн цэнгээний газарт 30 гаруй үйлчлүүлэгч архи согтруулах ундааны зүйлээр үйлчлүүлэн сууж байжээ.
Тэднийг тус газар руу нэвтэрч орох гэхэд нь 10 гаруй хамгаалаагч гар гараасаа барилцан гинжин холбоо үүсгэж тэднийг түрж шахан авсан бичлэгийг нь булаах гэж нэлээд ноцолдсоны эцэст тэдний нэгийг нь чирж машинд суулган харанхуй байрны буланд аваачиж байгаад толгой түрүүгүй зоджээ.
Харин зарим үлдсэн хэдэн хамгаалагч нар нь зөөгч нартайгаа нийлж цэнгээний газарт үлдсэн сэтгүүлчдийг бас л зодож гэмтээсэн байна.
Б.Мэндбаяр: Зурааглаач П.Тулгыг машинд чирч суулган харанхуй газар аваачин зодсон
Ингээд халдлагад өртсөн “ТВ-8” телевизийн “Шөнийн толь” нэвтрүүлгийн сэтгүүлч Б.Мэндбаяр “Зургаадугаар сарын 3-4-нд шилжих шөнө манай телевизийн 1900-1952 дугаарын утсанд ирсэн мэдээллийн дагуу 13 дугаар хороололд байрлах “Лидерс” гэх шөнийн клубт үйл ажиллагааг нь сурвалжлахаар очсон.
Тухайн үед шөнийн 00:02 цаг өнгөрсөн байхад архи согтууруулах ундаагаар чөлөөтэй үйлчлээд 00:00-00:06 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчин ажиллаж байсан. Мөн тэр өдөр мягмар гараг байсан. Пүрэв, баасан, бямба гарагт тусгай үзүүлбэртэй бол шөнийн 00:03 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр сунгаж ажиллах эрх нь байдаг.
Гэтэл мягмар гарагт шөнийн 00:02 цаг хүртэл үйл ажиллагаагаа хууль зөрчин явуулж байсан. Бид тухайн үед дотогшоо дайрсаар байгаад орж дүрсээ авч чадсан юм. Гэтэл зөөгч нартайгаа нийлсэн 10 гаруй бие хамгаалагч бидэн рүү дайрч камер болон бусад эд зүйлсийг булаан авах гэж улайран дайрч эхэлсэн. Мэдээж бид тухайн үед камераасаа бичсэн бичлэгийн хальсаа авч амжсан байсан.
Гэтэл зураглаачийг маань хамгаалагчид нь машинд чихэж аваад тус хорооллын нэгэн байрны гадаа аваачиж байгаад зодсон. Уг нь бид нар хамгаалагч нартай зууралдаж байгаад зураглаачаа зугтаалгасан боловч тэд хаалгаа түгжиж зурааглаачийг барьж авсан байсан.
Ийм асуудал үүссэн учраас бид Баянзүрх дүүргийн цагдаад дуудлага өгөхөд нэг л цагдаа ирсэн. Тухайн хорооны байцаагч нь бид нарыг “Та нар зохицоод өнгөрвөл яасан юм” гэсэн өнгө аястай үг хэлж байсан. Уг нь бид шүүх эмнэлгийн дүгнэлт энэ тэр гаргасан боловч цагдаагаас одоог хүртэл хариу өгөхгүй байгаад гайхаж байна.
Ингээд бид энэ үйл явдал болсны маргааш нь дахин нэвтрүүлэг бэлдэж тус дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Халиунаа гэх эмэгтэйгээс тодруулга авахад “Тус шөнийн цэнгээний газарт бид удаа дараа албан бичиг явуулж эрхийг нь цуцлуулах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст явуулсан.
Уг нь өнгөрсөн жил тус баарны үйл ажиллагааг зогсоож байсан боловч өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд тусгай зөвшөөрлийг нь буцаагаад олгочихсон байсан. Мэдээж бид энэ тал дээр ажиллаж байгаа боловч ямар нэгэн байдлаар буцаагаад эрхээ сэргээлгээд авчихаад байна” гэж хэлж байсан нь өдгөө баримт болон үлдсэн.
“Шөнийн толь” нэвтрүүлгийн үйл ажиллагаа бол хууль бус үйлдлийг олон нийтэд шууд ил болгодгоороо онцлогтой шүү дээ. Бидэнд маш их дарамт ирдэг. Тухайлбал биднийг нэвтрүүлэг бэлдэх гээд гарах үед хөдөлгөөний нэр барьсан зарим нөхдүүд, мөн баар цэнгээний газрын эздийн хамгаалагч нар араас машинтай даган айлгаж сүрдүүлж байдаг нь ч нууц биш.
Яг болсон бодит үйл явдлыг баримтаар дүрсжүүлэн авсан байхад Баянзүрх дүүргийн цагдаагийнхан хэргийг ямар шатанд явж байгаа талаар ч мэдээлэл өгөхгүй байна. Уг нь бид нар аль хэдийнэ шүүх эмнэлгийн дүгнэлтээ гаргуулж гэмтлийн зэргээ тогтоолгосон байгаа шүү дээ.
Одоо бидний хэргийг шалгаж байгаа Цагдаагийн ахлах дэслэгч, мөрдөн байцаагч Г.Баасанжав ямар ч хариу өгөхгүйгээр өнөөдрийг хүрээд байна. Энэ хэрэг явдлын дараа “Лидерс” цэнгээний газрынхан хүнээр дамжуулж биднийг уулзъя, зохицъё гэж хэлүүлэхдээ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг тал дээр юу ч ярихгүй байгаа нь харамсалтай байна.
Хэрэг явдал болсны маргааш нь л биднийг дуудаж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаад өнөөг хүртэл ямар ч мэдүүлэг аваагүй байна. Бид ажлаа хийж явсан сэтгүүлчид гэдгийг цагдаагийнхан ойлгох хэрэгтэй. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн онд баар цэнгээний газраар шалгалт хийж явсан цагдаа сэтгүүлчийг хамтад нь зодсон хэрэг гарч байсан шүү дээ.
Юутай ч бид энэ хэргийг зүгээр өнгөөрөхгүй. Хамгийн гол нь үнэ цэнэтэй мэргэжлийн камераа эвдүүлж өөрсдийн бие мах бодид гэмтэл учруулсанд гомдолтой байна. Тиймээс эцсээ хүртэл явж сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаална” гэж гэв.
Бид энэхүү шөнийн цэнгээний газрын эздийг нь ямар хүн байдаг талаар асууж сонирхоход эх сурвалжууд “Нэр төртэй нэг найруулагчийн эхнэрийн ажиллуулдаг баар гэсэн. Ер нь эздүүд нь өөрсдийгөө их л нууцладаг шүү дээ. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс ч жинхэнэ эзэн нь ямар хүн байдгийг ч мэддэггүй гэсэн.
Ер нь эдний ард маш том хүн байгаа болоод л өглөө хүртэл ажилладаг ганц газар болоод байна. Та нар судлаад яваад үзээрэй Нийслэлийн захирагчийн ажлын албаны худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс тус цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг нь дандаа сунгаад өгдөг.
Энэ хавьд эднийхээс өөр ингэж ажиллах зориг зүрхтэй газар байхгүй” гэлээ.Юутай ч дээрх сэтгүүлч зураглаач нар болсон үйл явдлыг баримтжуулан авч цагдаагийн байгууллагад өгсөн байхад өнөөдрийг хүртэл эл хэргийн талаар яагаад нэг ч удаа байцаалт авахгүй байгаа нь хачирхалтай.
Уг нь хуульдаа 00:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарж болохгүй гээд цагаан дээр хараар дурайтал бичсэн байдаг шүү дээ. Товчхондоо бол цагдаагийн хурандаа нарын ивээлээр 04:00 цаг хүртэл ажилладаг газрууд хаа сайгүй бий.
Томхоноос нь дурьдвал Барилгачдын талбайн «Доргио» шөнийн клуб 5000 төгрөгийн таксаар өглөөний 06:00 цаг хүргэдэг байх жишээтэй. Тэдний нэг нь сэтгүүлчдийн биед халдаж ноцтой гэмтэл учруулаад байгаа «Лидерс» шөнийн клуб орно.
Мэдээж тус цэнгээний газар хэн нэгэн эрх мэдэлтний ач буянаар ажиллаж байгаа нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл цагдаагийн эрх мэдэл бүхий дарга нарын улаан цээжээрээ хамгаалдаг иймэрхүү газрууд дүүрэг бүрт бий .
Хамгийн сонирхолтой нь бусад шөнийн клубыг хавчин хяхаж 23:50 цаг болов уу үгүй юу баахан цагдаа нар дайрч орж ирээд сүрийг үзүүлж байгаад хаалгадаг нь бас л бодит зүйл. Гэтэл “Лидерс” шөнийн цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Улаанбаатар хотын захирагчийн албаны Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс рүү явуулсаар байхад яагаад тусгай зөвшөөрлийг буцаан сэргээдэг юм бэ гэж тус газраас асуумаар байна.
Дээрх балмад үйлдэлд цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж эхлэхийг нийт хэвлэл мэдээллийнхэн хүсч байна. Харин Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс уг хэргийг анхааралдаа авч сэтгүүлчийн биед халдсан энэ мэт үйлдэл сүүлийн үед их гарах болсон учраас хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлж сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах болно гэдгийг хэлж байсан.
Юутай ч энэ он гарснаас хойш анх удаа ийнхүү сэтгүүлч, зураглаачийн биед халдсан анхны хэрэг гарлаа. Бид дараагийн дугаартаа хуулийг уландаа гишгэсэн “Лидерс” шөнийн цэнгээний газар нь хэн гэгч эрх мэдэлтний нөмөр нөөлөгт ийнхүү дураараа авирлаж байдгийг сурвалжлан хүргэх болно.
Р.Саруул
Эх сурвалж:
URL: http://www.fact.mn/174012.html