Дахиж битгий мессеж нисгээд бай, хайран мөнгө
Сүүлийн үед ихээхэн маргаан дагуулаад байгаа хуулийн төсөл бол Газрын тухай хууль. Гадны иргэнд сунгасан байдлаараа 100 жил газар өмчлүүлнэ гэсэн заалт орсон гэсэн яриа нийгэмд газар авч, иргэдийн дургүйцлийг төрүүлээд байгаа. Ерөнхий сайд өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ уг хуулийг татаж авах бололцоотой гэж мэдэгдэв.
Тэрбээр “Газрын хуулиа өргөн бариад батлуулах гэхээр ажил хийлгэхгүй байгаа байхгүй юу. Энэ бол явж явж цөөхөн тооны газар хуваагаад авчихсан иргэдийн дэгдээж байгаа дуулиан юм. Уг нь дээрх хуулийн хүрээнд иргэддээ газар эзэмшүүлэх өргөн боломжийг нээх байсан. Бид буруу зөрүү юм хийх гээгүй, гэхдээ Ц.Баярсайхан гишүүнтэй яриад төслөө татаад авъя гэсэн.
Хүмүүсээр мессеж бичүүлээд твиттер энэ тэрээр хэрэлдэх үнэн төвөгтэй юм. Сощиал медиа бий болсноос хойш гүтгэлэг цацдаг сөрөг үзэгдэл бий боллоо. Твиттер, фейсбүүкээр цацдаг шиг тийм агуулга хуулийн төсөлд тусаагүй. Иргэддээ хандаж дахиж битгий мессеж нисгээд бай, хайран мөнгө гэж хэлэх байна” гэсэн юм.
Түүний гар утсанд ойрын өдрүүдэд 100 гаруй мессеж ирсэн гэсэн шүү.
www.newline.mn
URL: