АРИЛЖААНЫ БАНКУУД ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ НЭГДСЭН ЖУРАМ ХҮЛЭЭЖ БАЙНА

банк“Буянт-Ухаа 1″ хороололд орон сууцтай болохоор сугалаанд оролцож аз нь шовойсон захиалагчдын олонхи нь урьдчилгаа 30 хувиа төлсөн ч төрөөс амласан жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй гацчихаад байгаа. Энэ тухай манай сонин иргэдтэй уулзан сурвалжилж байсан билээ. Иргэд арилжааны банкуудын өндөр шаардлага болон тус хороололд захиалга авах журмын зарим заалт зээл авахад саад болж буй тухай голчлон ярьж байсан.

Тэгвэл Засгийн газар 2014 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Буянт-Ухаа 1″ хорооллын орон сууцанд иргэдээс  захиалга авах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг журамд хэрэв орон сууц худалдан авсан этгээд орон сууцны   үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, түрээслэхгүй болон худалдах бол ТОСК-д буцаан худалдана гэх заалтууд байсныг хүчингүй болгосон нэмэлт заалт оруулжээ. Ингэснээр арилжааны банкууд “Буянт-Ухаа-1″ хороололд авах орон сууцаа барьцаалах боломжтой болж байгаа юм.

Гэсэн хэдий ч энэ нь банкууд шууд найман хувийн зээл олгох боломжтой гэсэн үг биш аж. Яагаад гэвэл банкны шаардлагыг хангахгүй хүн олон байгаагаас гадна хамгийн гол нь банкуудад найман хувийн зээл олгох тухай тогтсон журам ирээгүй гэнэ. Энэ талаар ХААН банкны Маркетингийн хэлтсийн дарга Ц.Оюунцэцэгээс тодруулахад “Монголын ипотекийн корпораци, Төрийн орон сууцны корпорацийн зүгээс арилжааны банкуудад “Буянт-Ухаа 1″ хороололд найман хувийн хүүтэй зээл олгох эсэх, мөн олговол ямар журмын дагуу ямар шаардлагаар олгох вэ гэдэг талаар чиглэл өгөөгүй. Тиймээс бид зээлийн нөхцөлийг заасан журам гаргаж өгөхийг хүлээж байна” гэсэн хариулт өгөв.

Арилжааны банкууд хадгаламж хэлбэрээр орж ирсэн мөнгөөрөө зээл олгодог. Хэрвээ өөрийн хөрөнгөөс найман хувийн буюу ийм бага хүүтэй зээл олговол алдагдалд орно. Түүнээс гадна ипотекийн зээлийн журамд зээлдэгчийн сард төлөх мөнгөний хэмжээ өрхийн сарын орлогын 45 хувиас ихгүй байх ёстой гэж заасан. Гэтэл “Буянт-Ухаа 1″ хорооллоос байр авах эрхтэй зорилтот бүлгийн гэх өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж нь зээлд хамрагдах шаардлагад тэнцэхгүйгээс хаа хаанаа бэрхшээл үүсгэж буй аж. Тэгээд ч Төрийн орон сууцны корпораци байрны төлбөрийн үлдэгдэл 70 хувийн зээлийг иргэдэд саадгүй олгох үүргийг арилжааны банкуудад өгөх эрхгүй.

Хэдий тийм ч Монголын ипотекийн корпораци болон арилжааны банкуудтай зөвшилцөхөөр ажиллаж байгаа юм билээ.
Үр дун хэзээ гарахыг мэдэхгүй. Уг нь ТОСК энэ ажлыг эхлэхдээ л иргэдэд бага хувийн хуүтэй зээл олгох тухай нарийн, тодорхой заалттай журам гаргах ёстой байж. Гэтэл саяхнаас л уг зээлийн санхүүжилтийг хаанаас гарган, хэнд, хэрхэн олгох талаар ярьж эхэлсэн гэнэ. Үүнээс нь болоод иргэд байдгаа баран байж урьдчилгаагаа төлчихөөд зээлээ авч чадалгүй наашаа ч угүй, цаашаа ч үгүй болоод байна. Ямартай ч МИК-тэй тохиролцоход саад болж байсан журмыг өөрчилсөн болохоор тун удахгүй банкууд зээл олгож эхэллээ гэсэн таатай мэдээ дуулдах биз ээ.

 

 

М.ЯНЖИНДУЛАМ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих