ГЭЭГДЭЖ БУ ИТГЭЛ, ЭЗГҮЙРЧ БУЙ ХӨДӨӨ

Hangain_nuruunii_negen_amМонголчууд олуулаа биш. Гэхдээ л цөөдөхгүй, энэ сая зургаан зуун мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийн зах хязгаар нь хүртэл уугуул суугуул иргэдээрээ дутаж дундарч байсан нь үгүй. Төрж өссөн газар нутагтаа үе залган ажиллаж амьдарч, тооноо тэнд өргөж, голомтоо тэнд бадрааж байсан цаг үе саяхных.

Буурал дээдсийнхээ буурийг сэлгэн нүүж, нутаг ижий хоёртоо аргамжааны ботго шиг эргэлддэг байсан элгэмсэг сэтгэл нүүдэлчин монголчуудын хүй цөглөсөн газар шороондоо эзэн байх алсын хараатай бодлогынх нь уг ундаргын нэг байсан байх гэмээр. Гэвч цагийн эрх, аж амьдралын хувьсал өөрчлөлтийн салхинд төрж өссөн нутаг усаа гэх сэтгэл зүрх зугуухан бүдгэрч, төв рүү чиглэсэн их нүүдлийн бурантаг хөдөөнөөс хот руу эргэсэн тэр л янзаараа хорин намрын хонгор өдрүүдээ тосох гэж байна.

Амьдран суух газраа чөлөөтэй сонгох тухай Үндсэн хуулийн заалт ч үүнд бас ташуур өгөв бололтой. Үр дүн нь гэвэл хөдөө нутаг эзгүйрч үлдэж байна.

Нийслэл хот өдөрт дунджаар 90 орчим шилжин ирэгсдээр бүл нэмж, хөдөө нутагт малчдын тоо жилд 40 гаруй мянгаар цөөрч байна. Яаж ч бодсон энэ бол тун хатуухан сануулга байх.

Монголын 2.9 сая иргэний тэн хагасаас илүү нь Улаанбаатарт төалөрсөн. Үүн дээр Эрдэнэт, Дархан гээд 100-аас дээш мянган хүн амтай том хот бий. Хамгийн багадаа 10 мянгаас олон оршин суугчтай 21 аймгийн төв байна. Бас болоогүй 700-5000 гаруй хүн амтай 330 гаруй сумын төв бий. Энэ бүхнийг дурдахын учир гэвэл монголчуудын маань хэдэн хувь нь төв суурин газарт амьдардаг вэ гэдгийг очлоо. Нутгийнхан нутаг маань эзгүйрлээ хэмээн гуниглангуй ярьж байна билээ. Залуучуудын олонхи нь аймаг, хот гээд амьдрал хөөгөөд явчихсан. Нутаг усандаа үлдсэн нэг нь малаа орхиж, уул уурхайд ажиллах болсон гэнэ. Яг иймэрхүү үгийг Баянхонгор аймгийн Баянлиг сумынхан бас ярьж байна. Нэгдэл нийгмийн хүлээс алдарч, мал хувьчлагдснаар малаа өсгөх сонирхол нэг хэсэг нэмэгдсэн, одоо харин малынхаа дэргэдээс эргээд зугатах болсон гэнэ. Мал, малчин хоёр удахгүй “Улаан ном”-онд орж мэдэх л байх хэмээн эндэх нутгийн нэгэн буурал санааширч байна билээ. Төрсөн таван хүүхдээ үе залгамжлуулан малчин болгож нутагтаа тогтоож үлдсэн М.Цэрэнпил, Н.Даваа нарыг нутгийнхан нь толгой дээрээ тахих нь холгүй магтаж байсан. Хоёр хөгшин төрсөн хэдийгээ хөдөөдөө тогтоож үлдээсэн ч ач зээ нараа хот суурин газар руу “гүйлгэчихсэн” гэж сууна билээ.

Баянлигийнхэн социализмын үед илгээлтийн эздээр малчдын залгамж халааг бэлддэг байсныг үгүйлж буй янзтай, “Одоо энэ мянган тэмээтай Ц.Шинэн чинь тэр илгээлтээр гарсан сүүлчийн хүүхдүүдийн нэг шүү дээ. Мал дагалаа гээд нэр хүндтэй сайн сайхан л амьдарч байгаа биз дээ” хэмээн асуух анхааруулахын дундуур хэлж байсан.

Өмнөговийн Гурвантэс сумын малчин Тогтох гуай “Хөдөө эзгүйрч байна. Харин чоно л олширч байна” гэсэн бол Баянлигийн малчин өвгөн Р.Адъяа “Одооны залуучууд малын дэргэд төрж өссөн хэрнээ малаасаа айдаг болчихжээ. Ус нутгийнх нь агаар салхинаас илүү Улаанбаатарын утаа сайхан байдаг юм байлгүй” хэмээн ёжилж байна.

Олон жил багийн даргаар ажилласан Н.Батаа гэх тохь тулхтай нэгэнтэй “буу халж” будаатай цайг нь дундлалцлаа. “Манай хөдөөнийхэн уг нь ийм байгаагүй юм. Одоо бол чихэнд нь алт усны алийг ч хийсэн адилхан сэгсрэхээр тийм л хэнэггүй, идэвхгүй болчихоод байна. Суманд ийм хурал цуглаан, тийм үзвэр үйлчилгээ болно. Алдар хүндтэй аль эсвэл тийм сайд дарга нар уулзалт хийх гэж байна гэхэд тоож ирэх хүн гэж бараг байхгүй болсон ш дээ. Харин сонгуулийн үеэр л танай манайгаа дуудаж амь ордог. Ерөнхийдөө хүмүүсийн итгэл найдвар гээгдэж, аль нь ч ялсан ялгаагүй гэсэн байдлаар ханддаг болчихоод байна”хэмээн тэр ярина билээ. Иймэрхүү яриаг Монголын хөдөө нутгийн хаанаас ч сонсож болно. Хөдөө нутаг эзгүйрч, хөдөөнийхэн маань итгэл найдвараа гээж байна. Хэрэв энэ янзаар бол нуүдэлчин амьдралын сүүлчийн хэвшил удахгүй Монгол нутагт маань үгүй болж мэдэх л юм. Цас зуд гэхчлэн цаг улирлын хүчин зүйл зарим талаар ч ихээхэн нөлөөлдөг бололтой юм. Тухайлбал, 2000 оны зуднаар хотоо харлуулсан олон малчин төв суурин газар бараадсан тэр хэвээрээ эргэж ирээгуй хэмээн нутаг нутгийнхан ярьдаг.

Нэг үеэ бодвол хөдөөд хүн тогтож суурьшаад амьдарвал энүүн шиг сайхан амьдрал алга байна гэмээр. Мал, мах сүү, эрүүл сайхан байгаль, зурагтын олон суваг, утас, унаа машин, гэрэл цахилгаан гээд тэнд үгүйлэгдээд байх юм үгүй. Одоо ихэнх аимаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдлоо. Тэглээ гээд төв рүү чиглэсэн их нүүдлийн цуваа татраагүй хэвээр байна. Гэхдээ энэ бол үйлдвэржилт дагасан нүүдэл бус зүгээр л аж амьдарлын ая тух, ядуурлаас гарах арга зам хайсан тийм л аян.

Орон нутагт эрчимжсэн мал ахуйг хөгжуүлэх, мах сүү, арьс ширийг нь боловсруулах үйлдвэр байгуулахаас эхлээд нутаг дэвсгэрийн жигд хөгжлийг бий болгох нь хөдөөгийнхнийг нутагт нь уях арга зам гэдгийг хөдөөнийхөн хэлдэг. Энэ бол тэдний санаа бодол.

Баянхонгорын Баянлигийн фермер Г.Цогнамжил орон нутагтаа ингэний сүү савлах үйлдвэр байгуулах гээд зорьж зүтгэж яваа нэгэн. Хэрэв энэ санаагаа ажил болгож чадвал тэмээчид мөнгөөр гачигдахгүй, малаа орхихгүй, сумын төв цөөнгүй ажлын байртай болно гэж ярьж байсан. Үнэхээр тийм. Тус сумынхан энэ жил гэхэд нэг удаагийн саалтаар наанадаж 2000 литр ингэний сүү бэлдэх боломжтой гэж байсан. Өдөрт хоёр удаа саана. Хэрэв үүнийгээ зах зээлд борлуулж чаддагсан бол өдөртөө 8.0 сая төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн үг.

Өөр нэг “чөдөр” бол орон нутгийн баялаг. Энэ баялагт түшиглэсэн боловсруулах аж үйлдвэр байгуулах, баялгаасаа нутгийнхан түлхүү ашиг орлого хүртдэг байх нь бас л нэг аргамжаа болно. Туүнчлэн хотод төвлөрөөд буй их дээд сургууль, цэргийн анги зэргийг орон нутагт тараан байршуулахаас эхлээд хөдөөгөө эзэнжүүлэх олон боломж бий.

 

 

П.ЯДАМДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих