С.Билэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнөөс гэрчилгээ хулгайлж байжээ

Анх таван өрөө байр захиалах хүсэлтэй жирийн иргэний дүрээр Г.Буяндоржтой танилцаж, улмаар түүнд зээл гаргаж өгөх нэрийдлээр “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал болж байсан С.Билэгт гэгч этгээд өдгөө дэлхий даахгүй баян, дийлдэшгүй эрх мэдэл бүхий сүлжээтэй болжээ. Тиймээс С.Билэгтийн булхайг дэлгэж, Б үсэг бичсэн сэтгүүлч болгоныг шүүх, цагдаад өгч айлгаж, дарамтлах кампанит ажлуудыг зохион байгуулсаар байна. Тухайлбал, info.mn сайтын сэтгүүлч өнгөрсөн оны тавдугаар сард “Иргэдээс 5.4 тэрбум төгрөг залилсан С.Билэгтийн тухай ноцтой баримтуудыг дэлгэж байна” гэж бичсэн. Тодорхой эх сурвалж, баримттай бичсэн тэрхүү нийтлэлийг тус сайтад байршуулсан өдөр С.Билэгт гэгч нь хамаатан садан болон өмгөөлөгч Р.Оюунцэцэгтэйгээ редакцид нь ирж сэтгүүлчийн биед халдан видео бичлэг хийж хэвийн үйл ажиллагаанд нь саад учруулж байв. Мөн оройн 17 цагаас шөнийн 23 цаг хүртэл info.mn сайтын редакцийн үүдэнд сэтгүүлчийг отож, 7-8 залуучуудаар айлган сүрдүүлэх, машинаар дагах зэрэг балмад ажиллагааг зохион байгуулсан билээ. Үүнийг гэрчлэх баримт, тэр бүхнийг нүдээр харсан гэрчүүд одоо ч бий. Мөн гар утасны бичлэг ч байгаа. Тэр ч атугай сэтгүүлчийг хамгаалахаар ирсэн 20 гаруй насны хоёр залууг С.Билэгт нь хамт явсан хүмүүсийнхээ хамт машиндаа хүч хэрэглэн суулгаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэж ирэхдээ “Энэ залуус намайг дарамталж сүрдүүллээ” хэмээн баривчлуулсан тохиолдол гарч байсныг бид анх удаа олон нийтэд сонордуулж байна. Энэ явдлын гэрчүүд ч бас байгаа юм.

Дээрх тохиолдлоос гадна нэр бүхий хоёр сонины сэтгүүлчийг С.Билэгт цагдаа, шүүхэд өгсөн. Тухайлбал, “Хүмүүс” сонины сэтгүүлч бүсгүй “Долоо хоногийн дуулиант үйл явдал” хэмээх буланд Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаагийн өнгөрсөн онд хэвлэлд өгсөн ярилцлага, мөн Г.Буяндоржийн хүү Алдарын “Соронз” сэтгүүлд өгсөн ярилцлагуудаас иш татан тоймлож бичсэнийхээ төлөө шүүхэд дуудагдаж, С.Билэгт түүнээс 13 сая төгрөг нэхэмжилсэн юм. Харин “Хүмүүс” сонины сэтгүүлч давж заалдан өдгөө гурван сая төгрөгийн торгууль төлөх болоод байгаа. Энд нэг зүйлийг дурдахад, дээрх сэтгүүлчийн тоймлож бичсэн бичлэг нь тодорхой эх сурвалжуудын хэвлэлд өгсөн ярилцлага байсан. Гэтэл шүүх энэ бүхнийг авч хэлэлцэлгүйгээр сэтгүүлчид торгууль ногдуулсан нь сонирхол татах хэрэг биш гэж үү. “Энэ бүхний цаана ямар том эрх мэдэл үйлчилж байна вэ, С.Билэгт гэгч нь хамсаатнуудынхаа сүлжээг хууль хяналтын байгууллагынхнаар тэлж өргөжүүлсэн юм биш биз” гэх хардлага ч төрж байна. Учир нь сэтгүүлч бид хардах эрхтэй. Хардах эрхтэй байлаа гээд хэн нэгнийг гутаан доромжлох, гүтгэх эрх байхгүйг ч бас сайн мэднэ.

“Таван өрөө байраа өгчих. Зургаан тэрбум төгрөгийн зээл гаргаад өгье”… С.Билэгт гэгч эмэгтэй Г.Буяндоржтой анх хэрхэн танилцаж түүнийг яаж залилсан талаар мөн л тодорхой баримтуудад түшиглэж бичсэн өдөр тутмын нэгэн сонины сэтгүүлч эмэгтэй бас цагдаад дуудагдсан. Мэдээж хэрэг, тэр сэтгүүлчийн талаарх олон хуудас гомдлыг С.Билэгт гэгч “Бүрэн эрхт” этгээд цагдаагийн байгууллагад гаргасан байлаа. Энэмэтчилэн тоочоод байвал С.Билэгт сэтгүүл зүйн салбар руу савраа дүрж, өөрийнх нь тухай баримт дэлгэсэн сэтгүүлч болгоныг шүүх, цагдаад өгч, заримд нь торгууль шийтгэл, заримд нь яллагдагч гэх нэр зүүлгэчихээд хүнээс булаасан хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөн дээр тарвалзаж явна. Харин хамаг хөдөлмөр, амьдралаа зориулан байж босгосон хөрөнгө, бизнесээ түүнд булаалгасан хүмүүс шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын үүдийг сахиж “Хуульчлагдсан дарангуйлал”-ыг амсч байна. Гэвч шударга үнэнийг эрхэмлэдэг хууль хяналтын байгууллагын зарим хүн энэ тухай дуулаад толгой сэгсэрч “Монголд гарсан хамгийн том залилангийн хэрэг гэхэд болно. Юун “Банк”-ны Цолмон, юун “90 сая”-ын Гансүх вэ” хэмээн гайхширч байгаа нь нууц биш юм. Үнэхээр ч С.Билэгт мөнгөтэй, ёстой л Хатан хаан мэт даналзаж өөрийнх нь эсрэг байгаа бүхнийг дарамтлах захиалгыг алсаас өгчихөөд инээд алдан яваа нь тодорхой. Тэр ч атугай “Г.Буяндоржид 10 жилийн ял оноох магадлалтай” гэсэн захиалгат мэдээллийг өчигдөр зарим телевиз, сайтуудаар цацуулж маргалдагч талынхаа эсрэг хэнд ямар “Ялын захиалга” өгчихөөд байгаагаа сэм зарлачих шиг боллоо. Ингэж хардахаас өөр арга алга.

Гэхдээ мэргэжлийн сэтгүүл зүйд баримт хамгийн чухал, бас хамгийн үнэ цэнэтэй юм. Тиймээс С.Билэгтийн талаарх нэгэн ноцтой баримтыг дэлгэж байна. Өнгөрсөн оны зун шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид “Ноёд констракшн” ХХК-ийн “Сэлэнгэ 888” хотхоныг битүүмжлэх ажиллагааг явуулжээ. Гэтэл С.Билэгт гэгч нь энэхүү ажиллагаа явагдсаны дараахан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнөөс компанийн тамга, гэрчилгээг хулгайлсан аж. Энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Э.Батбаяр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст 2013 оны зургадугаар сарын 18-нд хүсэлт гаргасан байна. С.Билэгтэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тухай тэрхүү хүсэлтэд “Сэлэнгэ аймгийн нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2012 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Сэндэнхүүгийн Билэгтийг “Ноёд констракшн” компанийн гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгаж, мөн тус аймгийн хоёрдугаар шүүхийн 2013 оны тавдугаар сарын 14-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр иргэн Д.Батжаргалаас “Ноёд констракшн” ХХК-ийн эд хөрөнгийг гаргуулж иргэн Г.Дамдиндоржид олгохоор тус тус шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичиг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлын талаар иргэн С.Билэгт нь 2013 оны зургадугаар сарын 17-ны өдрийн өглөөний 09 цаг 10 минутаас 09 цаг 20 минутын хооронд тус албаны 404 тоот өрөөнд шийдвэр гүйцэтгэгч Ч.Урангоотой уулзахаар ирсэн. Гэтэл С.Билэгт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгөд үзлэг хийж хураагдсан компанийн гэрчилгээний эх хувийг гүйцэтгэх баримт бичигт хавсаргасан байсныг хулгайлж, нарийн бичиг гэх залуугийн барьж яваа цүнхэнд хийсэн нь тус албаны телекамерт бичигт үлдсэн байна. Мөн С.Билэгтийн 9191…дугаартай гар утсанд холбогдож тодруулахад “Би гэрчилгээг авсан. Цагдаагаа дуудаад авахгүй юу” гэж ярьсныг нотлох баримт болгон гар утсаараа бичиж авсан. Иймд иргэн С.Билэгтийн энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн 258, 260 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгнө үү” хэмээн бичжээ. Тийм ээ, энэ бол Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Э.Батбаярын гарын үсэгтэй албан бичиг. Харин С.Билэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнөөс хулгайлсан компанийн гэрчилгээ болон тамгыг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд аваачиж өгч, дэд сайд түүнийг нь сейфэндээ авч хадгалж байсан нь бас л сонирхол татах хэрэг. Тэр ч атугай Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян тухайн үед “Над дээр нэгэн ядарсан эмэгтэй ирлээ…” энэ тэр гэж цахим хуудаст бичсэн бол энэ удаад Эх, үрсийн баярын өмнөхөн нэгэн сайтад “Ноёд” гэдэг нэртэй юм болгон Г.Буяндоржийнх байх албагүй” гэсэн утгатай, ерөнхийдөө С.Билэгтийг өмөөрч, Г.Буяндоржийг муулсан ярилцлага өгсөн юм.

Дээрх хэрэг явдал олон асуултыг ардаа орхижээ. Мэдээж хэрэг, хариултыг нь хууль хяналтынхнаас нэхэх хэрэгтэй болох нь. Учир нь хэн нэгэн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнөөс эд хөрөнгийг нь битүүмжилсэн компанийн гэрчилгээ, тамгыг хулгайлсан нь нотлогдчихоод, удирдлага нь холбогдох байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлт гаргачихаад байхад С.Билэгтэд яагаад арга хэмжээ аваагүй юм бэ. Арга хэмжээ авахгүй байх шалтгаанаа хууль хяналтын холбогдох албан тушаалтнууд “Тамга, гэрчилгээ гэх мэтийг анх гаргуулсан зардал, төлбөрийг тооцож үзэхэд хохирлын хэмжээ нь бага байна” гээд хэрэгсэхгүй орхисны учир юу вэ. Энд бас л нэг хуулийн цоорхойг ашигласан байж болзошгүй юм. Хууль хяналтынхан С.Билэгтийн толгойг ийн илж байх зуур энэ эмэгтэй “Ноёд констракшн” ХХК-ийн “Сэлэнгэ 888” хотхоны нэрийг “Тарвилан” хэмээн өөрчилж, шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн орон сууцнуудыг иргэдэд бэлэн мөнгөөр худалдаж хүний хөрөнгөн дээр дураараа дургисаар л байна. Үнэн, худлыг дэнсэлдэг, өнөөдөр “Хууль, шүүхийн салбарт шинэчлэл хийнэ” хэмээж байгаа хууль хяналтынхан дээрх асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахгүй бол ажлаа хийж яваа жирийн сэтгүүлчид С.Билэгт гэгчийн их мөнгө, түүний луйврын сүлжээтэй тэмцэж, тодорхой субъектуудад өгсөн “захиалга”-ынх нь дагуу ял сонсож ч мэдэхээр байна. Тийм ээ, сэтгүүлчид эхлээд С.Билэгтийн тухай баримтуудыг дэлгэсэн, дараа нь түүний их мөнгөний эсрэг хөдлөх болсон, харин одоо С.Билэгтийн мөнгөөр амаа үдүүлж шударга ёсны эсрэг эрх мэдлээ ашиглаж байгаа хүмүүстэй тэмцэх хэрэг гарлаа. “Гал” нэгэнт асч эхэлсэн!

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих