Газрын хуулийг баталбал “Гал үндэстэн” холбоо буун дуу гаргана гэв

gal mori

“Гал үндэстэн ” холбоо төрийн бус байгууллагад хөдөө орон нутгийн иргэдээс, нутаг ус, газар шороо, хүмүүсийн эрх ашгийг хамгаалж өгөөс гэсэн хүсэлт их ирүүлдэг байна.

Тус байгууллага ард иргэдийн дуу хоолой болж, Ашигт малтмалын тухай хууль болон Урт нэртэй хууль зэрэг бусад хуулийн заалтыг эсэргүүцэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид олон удаа шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл тодорхой хариу аваагүй аж. Тиймээс “Гал үндэстэн” холбоо, “Босоо хөх Монгол”, “Чингисийн хөх Монгол” төрийн бус байгууллагын орон нутгийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.

“Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн Я.Хундаганай:

-Төр, засгийн удирдлагууд газрын тухай хууль, ашигт малтмалын тухай, урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг оруулж байгаа нь ноцтой байна. Эдгээр хуульд Монголын ард иргэдийн эрх ашгийг маш ноцтой зөрчсөн зүйл заалт байна. Уран болон уул уурхайн компанийн үйл ажиллагаа Монголын байгаль нутагт хохирол учруулж байна.

Энэ талаар бидэнд орон нутгийн иргэд өргөдөл, санал хүсэлтээ ирүүлдэг байна. Саяхан Дорноговь аймгийн Иххэт сумаас ярьсан. Тэнд газар нутгийнх нь шөрмөсөн чулууг ямар ч хяналтгүйгээр ухаж байна гэнэ. Мөн тус аймгийн Өргөн сумд иргэдийн ундны ус авдаг худгийн хажууд уурхайн компани үйл ажиллагаа явуулах гэж байна гэсэн мэдээлэл ирсэн.

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гарч буй малын гаж төлтэй адилхан төл Сүхбаатар аймгийн Уулбаян, Халзан, Онгон суманд гарсан байна. Одоогоор Сүхбаатар аймгийн Онгон суманд өрөм зоочихсон байна. Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт өрөм тавиулахгүй. Яагаад гэвэл анх өрөм тавиад туршилтын олборлолт хийхдээ газар нутгийг сүйтгэсэн.

Энэ мэт асуудал Монголын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард иргэдийг хохироосон шийдвэр гаргаж байна. Үүнийг УИХ эсэргүүцэж ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Миний нутгийн газар шороог сүйтгээд байвал бид зэвсэг барьж тэмцэж, газар шороогоо хайрлаж хамгаалах болно.

Аймгийн хөгжлийг дэмжих сангийн гишүүн Г.Алтанцэцэг: / Баян-Өлгий/

-Засгийн газар холын аймгуудад анхаарал тавьдаггүй. Тухайлбал, Баян-Өлгий аймагт монгол хэл, бичиг устаж үгүй болж байна. Монгол эх хэлээрээ сурч боловсрохгүй байна. Тэгсэн атлаа Монгол Улсын цахим үнэмлэх өвөртөлж байгаа нь харамсалтай. Гэтэл тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид монгол хэл мэдэхгүй байна шүү дээ.

Энэ бол хамгийн эмгэнэлтэй. Тиймээс аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, аймгийн боловсролын салбар, прокурорын газар, ШУ-ны академи зэрэг байгууллагад хариуцлага тооцох хэрэгтэй. Баян-Өлгий аймгийн иргэн А.Гантулга “Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд зоригтойгоор хориг тавина уу.

Хэрвээ тавихгүй бол Монголын үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газар устаж үгүй болно. Баруун таван аймагт уул уурхайн 200 гаруй компани нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг мэдэж байгаа биз дээ” гэсэн утгатай 1000 хүний гарын үсэгтэй захидал буюу хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Хариу нь одоо хүртэл ирээгүй л байна.

Чингисийн Монгол төрийн бус байгууллагын дэд тэргүүн Л.Доржпалам / Хөвсгөл аймаг/:

-Хөвсгөл аймагт уул уурхайн хоёр компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнийг нутгийн ард иргэд эсэргүүцэж зогсоосон. Манай төр, засгийн улдирдлагууд Урт нэртэй хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гэх юм. Яагаад бид дотоодын үйлдвэрлэгч, компаниудаас хөрөнгө оруулалтыг босгож болохгүй гэж.

Монгол орны оршихуйн үндэс болсон эх нутаг, нүүдлийн соёл иргэншлийг ард түмнээс асуухгүйгээр төр, засгийн эрх мэдэлтнүүд хөндөж, устгаж байна. Энэ нь ард түмнийг бухимдуулж байна. Монгол оронд ус, газар нутаг, байгалийн баялаг, монгол хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болжээ. Гэтэл гадаадын гэсэн бүхэн өндөр үнэд хүрч байгаа нь харамсалтай.

Газар дээрх баялгаа зөв хуваарилж чадвал ард иргэд сайхан амьдарч болохоор байна. Эдийн засгийн, улс төрийн эрх мэдлийг ард түмэнд нь өгөх хэрэгтэй. Үүнийг л Хөвсгөл аймгийн ард иргэд хүсч байна.

“Шударга түмэн” иргэний хөдөлгөөний тэргүүн З.Нацагдорж: /Дорнод аймаг/

-Дорнод аймагт мянганы зам тавих нэрийдлээр “Гашууны гол” компани ард иргэдийн шүтлэгт овоог хогийг нь цэвэрлэнэ гээд ухаж сэндийчсэн. Үүнийг зогсоох хэрэгтэй байна. Бид уул нуруу, тахилгат газраа байгаагаар нь авч үлдмээр байна. Эрх мэдэлтнүүдийн хууль бус захирамж, тогтоол байгаль орчинд ноцтой хохирол учруулж байна.

Энэ нь Байгаль орчны тухай хуулийг зөрчиж, үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг нутгийн ард иргэдийн өмчилж авсан газрыг “МАК” компанид шилжүүлсэн. Одоогоор найман айлын газрыг булааж авсан байна лээ. Тэгээд олборлосон хайргаа барилгын компанид худалддаг юм. Ийм л хууль бус үйлдэл тэнд газар авч байна.

“Зөв төрийн төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Сүхболд: /Өмнөговь аймаг/

- Өмнөговь аймгийн сумдад олон асуудал тулгарч байна. Тэр дундаа динозаврын мөрийг хамгаалахгүй байна. Үүнд байнгын хамгаалагч томилох хэрэгтэй л дээ. Нутгийн удирдлагууд болон төр засгаас анхаарал хандуулахгүй байгаа юм. Ард иргэд, нутаг усныхаа төлөө ажиллаж чадахгүй бол 76 гишүүнтэй УИХ-ын тогтолцоог устгах нь зөв.

Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд УИХ-ын гишүүд, нутгийн засаг захиргаа бүгд эвлэлдэн нэгдэж, ард иргэдийн эрх ашигт нийцүүлж ажиллахгүй бол Монгол Улсын тусгаар тогтнол, газрын бүрэн бүтэн байдал алдагдахад хүрээд байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих