Хэний уясан хүлэг торгон жолоогоо өргүүлэх бол

Энэ жилийн наадам олон том ой давхцаж байгаа учир урьдынхаас арай нүсэрдүү болно гэсэн яриа байна. 1024 бөх барилдуулна гэж байгаа.

Үүнтэй зэрэгцээд уяачид аль хурдан адуунаасаа барьж уяа сойлгыг эхлээд байна. Өвөл, хавар адуу эцээгүй, уяаны морьд тамиртай сайхан. Олон ч морь уралдах төлөвтэй байгаа. Нийслэлийн ойролцоо хаа л бол бөхчүүд, уяачдын гал төвхнөөд байна. Налайхаас урагших “Наадам толгой” гэж хурдан хүлгийн даллагатай газар бий. Энд Монгол Улсын тод манлай уяач Г.Сандуйжав тэргүүтэй хэсэг уяачид морьдоо сойчихож. “дааган” Ганаа, Г.Ганхүү гээд олон жил хурдан буянтайгаа “ярьж чаддаг” хашир уяачид тэдний галд байдаг юм.

Тэндээс цааших нь Төв аймгийн Сэргэлэн сумын урьдах нь талд буусан бөөн морьдтой нэгэн галынхан бол Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийнхон. Тэдний галынхан өнгөрсөн долоо хоногт морьдоо барьж, уяандаа хүндэтгэл үзүүлэх ёслолоо хийсэн гэнэ. Дөрөв, таван урт уяанд морьдоо жигдрүүлэн сойжээ. Хусуур бүсэндээ хавчуулсан залуус хэзээний уяач өнгө төрхөөр морьдоо шинжих аястай алхаж харагдах. Д.Онон манлай энэ жил уяандаа 70 гаруй морьтой байгаа гэнэ. “Дорнодын Баянтүмэнд өвөлжиж хаваржаад ирлээ. Тэнд л адууны нутаг юм даа” гэж манлай уяач ярьж байсан.

Тэднийхээс хөдөлж Авдрын уулын энгэрээд орвол саахалт буусан хэд хэдэн галынхан байна. Энэ хонхроос Төв аймгийн зартай сайн уяачид төрсөн гэдэг. Хурдан буяны нутаг гэж болох газар. Дорнойн Сундуй, Ганжуурын Сундуй, Данзанням, Од, Даш гээд мундаг уяачид, зартай хурдан хүлгүүдийн тухай яриа наадамчдын дунд дандаа яригддаг юм. Ханддоржийн хонгор халзан, Шийтэрийн зээрд, Талын хүрэн, Даваанэрэнгийн халзан, Данзаннямын хүрэн гээд явж өгнө. Тиймээ магнайдаа нартай сайн уяачид, олонд зартай хурдан буян энэ л нутагт байсан.

Одоо ч тэдний удам угшил жил жилийн наадмын айраг, түрүүг алдааг үй, удам дагасан сайн уяачид ч олон аж. Тод манлай уяач Д.Даваахүү, Ц.Хэнмэдэх нар морьдоо өнгө сайтай гэж магтаж байлаа. Тэдний саахалт бууриа зассан нь тод манлай уяач Ц.Дуламсүрэн, алдарт уяач Н.Жанчив нарын галынхан аж. Ц.Хэнмэдэх гуай аварга хээр морио энэ жил уралдуулна гэж байна. Д.Онон манлай бол би тийм морио уралдуулна гэхийн оронд өөрийн тавиул морьдоо сайн давхих байх гэж ярьж байсан.

Тухайлбал УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гишүүн Ц.Цэнгэл, Р.Раш нарын нэртэй морьдыг л наадамд өнгөлөх байх гэж байсан. Хурдны удамтай нутагт тийнхүү уяачдын олон гал төвхнөжээ. Уяачид нь дөмөг болохоор уясан хүлэг нь хурдан байх нь мэдээж. Тэднийхний уяанаас удахг үй болох наадамд торгон жолоогоо өргүүлэх шандаст хүлгүүд олон тодрох биз.

Д.Надмид


URL:

Сэтгэгдэл бичих