Хөгжим зогсчихсон байхад бид “бүжиглэсээр” байгаа юм биш биз
Эрх баригчид эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэх товчлуур дарснаас хойш даруй 40 хоног өнгөрлөө. Гэсэн хэдий ч бодитой үр дүн ажиглагдахгүй байна. Сөрөг хүчнийхэн “ЭЗЭН-100” хөтөлбөрт хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн ч эдийн засгийг гуравхан сарын дотор сайжруулна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Аливаа зүйлийг болж бүтэхгүй талаас нь харвал тэр ажил тийм л харагдана. Тэр тусмаа сөрөг хүчнийхэн “Эрх баригчдын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөс үр дүн хүлээх хэрэггүй” гэж мэдэгдсэн бол олон нийт үүнийг хоёр талтай хүлээж авах нь тодорхой.
Харин АН-ын лидерүүдийн нэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаарх байр сууриа цахим ертөнцөөр дамжуулан илэрхийлсэн нь сонирхол татав. УИХ-ын гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ч намынхан нь нэг суудлаа алдчихгүйн тулд өөрөөр нь албадан хөдөлмөр эрхлүүлж байгаад Р.Амаржаргал гишүүн эгдүүцсэн хэвээр байгаа. Бүр намын бүлэг болон УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд ч оролцохоо больсон. Монгол Улсын Ерөнхий сайд асан энэ эрхэм эдийн засаг 100 хоногт сэргэхгүй гэдгийг эдийн засагч хүнийхээ хувьд олж харсан бололтой. Тиймдээ ч “Энэ хөтөлбөрийг санаачлагчид мэргэжлийн хүний үгийг сонсоогүй” хэмээн онцоллоо.
Тэрбээр “Шинэ Орлеаны далан үерийн усыг дийлэхгүй” гэж арван жил ярьсан. Үер болсон, далан нурсан. Яагаад вэ. Учир нь тэд мэргэжлийн хүний үгийг сонсоогүй. Бид яг л адил болжээ” хэмээн твиттер хуудастаа бичсэн юм. УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх боломжоо өөрийн хүсэлтээр ашиглахгүй байгаа учраас блогтоо “Эдийн засгийн санаа” хэмээх сэдвийг онцолж “УИХ, Засгийн газар цэгцтэй, шаталсан шийдвэрлэх алхмуудыг хийх ёстой. Улстөржсөн биш, бодлого, бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нь бодлогоо илэрхийлж, тусгасан байх юм” гэж дурдав.
Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн Р.Амаржаргал эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг “Улстөржсөн арга хэмжээ” хэмээн дүгнэсэн аж. АН-ынхны хувьд “Сондгой өнцөг” болсон Р.Амаржаргал гишүүн “Эдийн засаг 100 хоногт сэргэнэ” гэх юм. Харин энэ зуур “Монгол моданоос гарсан шүү” гэж Лондонд ярьж байна. Эхлээд сэргэнэ гээд байсан, одоо суурь тавих гэх мэт томъёолол хэрэглэх боллоо. Хөгжим зогсоод удаж байхад бид “бүжиглээд” л байх юм” хэмээн эрх баригчдыг хатуухан шүүмжиллээ. Үндсэндээ намынхных нь санаачилга “түүхий” байгааг эрхэм гишүүн эдийн засагчийнхаа хувьд дүгнэсэн нь энэ. Үнэхээр ч “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар шүүмжлэх зүйл олон бий.
Уг нь эдийн засаг хямарчихаад байгаа үед ийм хөтөлбөр санаачилсан нь буруу биш. Гэвч “тоолуур” гүйж эхлээд талдаа орчихсон байхад Засгийн газраас яг ямар бодитой арга хэмжээнүүдийг авсан нь “томруулдаг шил”-ээр хараад ч харагдахгүй шахам байна. Харин энэ хооронд аялал зугаалга, найр наадмын цаг эхэллээ. Сайд, дарга нар аймаг, сумын ойд уригдаж орон нутагт айраг цагаа эргүүлдэг үе ч таарлаа. Зарим нь төсвийн мөнгөөр тив алгасан нисч, хөлбөмбөгийн тэмцээн үзэж байна. Яг үнэндээ төрийн байгууллагынхны ажил назгайрчихаад байхад “ЭЗЭН- 100” хөтөлбөр ид шидээ харуулж, эдийн засгийг эрчимжүүлж чадах уу гэдэг нь тун эргэлзээтэй юм.
Харин бид Р.Амаржаргал гишүүний хэлсэнчлэн хөгжим зогсчихоод байхад “бүжиглэсээр” байгаа юм биш биз. Хэрэв тийм бол эрх баригчид “ЭЗЭН-100”-д хууртсан ард түмнээ хараад шоолж суугаа нь гарцаагүй.
URL: