Далай аварга цолыг хасах нь зөв үү, буруу юу
Үндэсний бөхийн цол олгох журамд өөрчлөлт оруулжээ. Гэхдээ энэ нь аваргуудад хамааралтай юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тэргүүтэй нэр бүхий хэдэн гишүүний санаачилгаар далай аварга цолыг хаслаа. Өмнө нь нэг удаа УИХ-ын чуулганаар ороод дэмжигдээгүй уг хуулийн төслийг харин энэ удаа гишүүд 80 гаруй хувиар дэмжжээ. Үүнийг зарим хүн “УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалгүй болсон юм байхдаа” хэмээн шоглож байна.
Ерөөсөө далай даян дархан аварга гэх цолыг шууд даян дархан аварга болгож байгаа гэсэн үг. “Далай аварга”-ыг 1990 оноос хойш цол болгосон байдаг. Харин үүнээс өмнө зөвхөн чимэг л байсан юм. Тэгвэл цолыг чимэг болгохыг бөхийн зарим мэргэжилтин болон бөх сонирхогчид эсэргүүцэж байгаа. Гэхдээ дэмжиж байгаа нэгэн ч бий. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс 1990 оны арванхоёрдугаар сард гаргасан Бөхийн дүрэмд “2 удаа түрүүлбэл аварга, 3 удаа түрүүлбэл далай аварга, 4 удаа түрүүлбэл даян аварга, 5 удаа түрүүлбэл дархан аварга цолыг олгоно” гэж заасан байна. Хожмоо 2003 оны зургадугаар сард УИХ-аас баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.1-д “…улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга, улсын аварга цолтон түрүүлбэл улсын далай аварга, улсын далай аварга цолтон түрүүлбэл улсын даян аварга, улсын даян аварга цолтон түрүүлбэл дархан аварга цол олгоно” гэж хуульчилжээ.
Р.Гончигдорж гишүүний санаачилсан төслөөр уг хуулиас далай аварга цолыг хасвал 7.1-д “…улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга, улсын аварга цолтон түрүүлбэл улсын даян аварга, улсын даян аварга цолтон түрүүлбэл дархан аварга цол олгоно” гэж өөрчлөгдөх юм. Юутай ч далай аварга цол үгүй болсноор даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга болох нь тодорхой болж байх шиг. Харин хэзээ шинэ цолоо авах вэ гэдэг нь эцсийн байдлаар тодроогүй байна. Зарим хүн Р.Гончигдорж гишүүнийг нутгийнхаа аваргыг “дархан” болгох гэж зориуд ийм хууль санаачиллаа хэмээн үзэж байгаа. Тэгвэл Р.Гончигдорж гишүүн өмнө нь хэлж байсан тайлбараа энэ удаа ч гэсэн дахиад л давтаж байна. Эргэн сануулбал тэрээр “Монгол бөхөд сүүлийн үед найраа их болсон.
Бас бөхчүүдийн өрсөлдөөн их байгаа учраас дархан аварга огт төрөхгүй байна. Дархан аварга цолонд хүрэх бөхчүүдийн шалгуур дэндүү хатуу байгаа учраас энэ хуулийг төслийг санаачилсан юм. Далай аварга цолыг үгүй болгосноор бөхчүүд урам орж, энэ цолонд хүрэхийн тулд улам илүү хичээх болно. Монгол бөхөд Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш нэг ч дархан аварга төрөөгүй. Одоо цаг нь болсон” хэмээн ярьж байсан юм.
Тэгвэл өдгөө амьд сэрүүн байгаа зарим аваргаас байр суурийг нь сонслоо.
Дархан аварга Х.Баянмөнх:
-Буруудах зүйл байхгүй л дээ. Гэхдээ хуулийн төслийг санаачлагчид ямар шалтгаанаар ийм хууль оруулж ирснийг мэдэхгүй юм. Ямар ч байсан далай аварга цолыг хассан тухай өнөөдөр л /өчигдөр/ олж мэдлээ. Магадгүй залуу бөхчүүдэд урам өгөх зорилготой байж мэднэ. Өмнө нь надтай хүмүүс энэ асуудлаар уулзаж л байсан.
Дархан аварга Ж.Мөнхбат:
-Мэдэхгүй юм. Хэтэрхий амархан болгож байгаа юм болов уу даа. Би л хувьдаа тав түрүүлж дархан аварга болж байсан. Тэгэхээр буруу л гэж бодож байна.
Даян аварга А.Сүхбат:
-Миний зүгээс хэлэх зүйл алга. Өмнөх дархан аваргууд хэрхэн энэ цолонд хүрснийг харахаар зөв байж болох талтай. Миний хувьд далай аварга цолыг хассан гэдгийг сонссон төдий л байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа эргээд хариу хэлж болох юм.
Улсын аварга О.Балжинням:
-Зөв юм болов уу л гэж хувьдаа бодож байгаа. Энэ тухай хоёр, гурав хоногийн өмнө сонссон. Бид ч яах вэ. Барилдах нас маань хэдийнэ өнгөрсөн. Харин одоо ид барилдаж байгаа залуучуудаа дэмжихэд Р.Гончигдорж гишүүний барьсан хуулийн төсөл хэрэгтэй юм байна гэж бодсон. Ер нь залуучуудаа дэмжих цаг нь болсон. Сайн барилдаж байгаа бөх олон бий. Тэдний нэг нь ч гэсэн дархан аварга болог. Яг өнөөгийн нийгэмд нэг бөх гурав, дөрөв түрүүлнэ гэдэг хэцүү шүү дээ.
Улсын аварга С.Мөнхбат:
-Ид барилдаж байгаа хүний хувьд би энэ асуудлыг дэмжиж байгаа. Яг юу болсон тухай нарийн мэдээлэл аваагүй ч сонссон. Баярлаж байна. Гурав түрүүлээд л дархан аварга болсон бөх байдаг шүү дээ. Харин ч дархан аварга цол авахын төлөө бөхчүүд улам идэвхтэй барилдана байх.
Улсын аварга Г.Эрхэмбаяр:
-Сайхан л сонсогдож байна. Сайн мэдээлэл авч амжаагүй байгаа болохоор байр сууриа илэрхийлж чадахгүй нь. Би яг энэ талаар сонсоогүй л явна.
Дэд тэргүүн Б.Данзан: Г.Өсөхбаяр дархан аварга болно
Аваргуудын байр суурь ийм байна. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос уг асуудлаар тодрууллаа. Тус холбооны дэд тэргүүн Б.Данзан ийн хариулав.
-Далай аварга цолыг хасах шийдвэр өнгөрсөн баасан гаригт УИХ-аас гарлаа. Танай холбооны зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Тийм ээ, энэ бол үндэсний бөхөд сүүлд оруулсан цол. Түүхээс харахад Далай аварга цол байгаагүй юм. 1990 онд Бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж, далай аварга цолыг бий болгосон. Түүнээс хойш 23 наадам болоход нэг ч дархан аварга цолтон төрсөнгүй. Үндэсний бөхөд дөрөв түрүүлсэн хүн дархан аварга болдог байсан энэ уламжлалаа сэргээе гэсэн хүсэлтийг Үндэсний бөхийн холбооноос 2011-2012 оноос эхлэн тавьж байсан. Харин сая нэг юм шийдэгдлээ. Бидний зүгээс уг хуулийн төслийг 100 хувь дэмжиж байгаа.
-Тэгэхээр улсын наадамд дөрөв түрүүлсэн Г.Өсөхбаяр аварга дархан аварга цолтой болно гэсэн үг үү?
-Энэ бол хэн нэг хүнд зориулсан хууль биш. Монгол бөхөд дархан аварга цол, цолтон байх ёстой. Хуучин хуулиар явбал улсын наадамд таван удаа түрүүлэх хүн 23 жилд нэг ч гарсангүй. Үндэсний бөх маш өрсөлдөөнтэй болсон энэ үед ойрын 10 жилд ч дархан аварга төрөхөөргүй байна. Үндэсний бөхийн статистикаас харахад аварга цолтон таван жилд, дархан аварга 10 жилд төрсөн байдаг. Тэгэхээр энэ хууль Г.Өсөхбаяр аварга дөрөв түрүүлсэн байх үетэй цаг хугацааны хувьд давхацлаа.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
URL: