Дэлхийг шуугиулсан чупакабра гэдэг араатны үлдэгдэл Монголд олджээ

456456666

Нэлээд хэдэн жилийн өмнө Сэлэнгэд мал амьтан руу дайрдаг учир битүүлэг амьтны сураг гарсан. Гэтэл тэндээс хачин амьтны яс олдлоо гэх мэдээ ирж байжээ. Фото зураг ч тухайн үедээ сонин хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан. Нийслэлээс амьтан судлаачдыг урьж залсан, зардал мөнгө байхгүй гээд очоо ч үгүй, авчруулаа ч үгүй. Алсын зайнаас л, бидний мэдэхгүй амьтны яс байна гэж хэлснээр хамаг мэргэжлийн сонирхол нь дууссан. Олсон хүмүүс нь ч урам нь хугараад ясыг хол аваачаад хаячихсан, тэр нь ч ор мөргүй алга болсон юм гэх билээ.

Гэрэл зургийг үзэхэд жижиг толгойтой, бие нь харин том, их бөгтөр нуруутай, сүүл нь маш урт, “кенгурутай төстэй амьтан болов уу” гэмээр харагдаж байж. Гэтэл тэр нь дэлхий нийтийг шуугиулж байгаа чупакабрагийн яс байсан юмсанжээ. Алтаар үнэлэгдэх чухал олдворыг хөсөр хаян үгүй болгосон байх нь.
Үл итгэмтгий зарим нь “чупакабрагийнх гэж харагдах байдлаар элдэв яс угсраад тавьчихаа биз”, “хуурамч гэрэл зураг байх” гэлцэх нь ойлгомжтой. Хэрэв хэн нэгэн даажигнах гэсэн бол чупакабра гэсэн үгийг заавал гаргаж ирэх байсан. Энэ бол ойлгомжтой. Хэн ч чупакабрагийн яс бололтой гэж тэгэхэд дуугараагүй. Шивнэсэн, амандаа бувтнасан, тэр нь сонсогдоогүй байж болно. Сонсогдохоор дуугарсан хэн ч гараагүй. Тэр үед чупакабраг мэддэг хүн байсан юм аа гэхэд, дэндүү цөөхөн байсан бололтой. Хэрэв хангалттай тооны мэдэгч байсан бол чупакабра том дуулиан дэгдээх л байж. Бүр олон улсын дуулиан болох байсан гээч.
Чупакабра үзэгдсэн, харагдсан гэх бүрийд л дэлхийг шуугиулдаг. Чупакабрагийн хэдхэн яс дэлхийд олдсон боловч, эрдэмтэд авч яваад, дараа нь “нохой, муурын яс болохыг илрүүллээ” гэж байсан. Олсон эздэд нь жинхэнэ ясыг солиод, өөр яс өгсөн нь ихээхэн хэл ам дэгдээж байв. Үнэхээр эгэл амьтдын яс байсан бол олсон хүмүүс нь шуугиан дэгдээхгүй, эрдэмтэд ч авч явахгүй байсан л даа. Цаана нь их л нарийн учир, том нууц байдаг бололтой. Манайхан харин харийн тэр эрдэмтдийн гарт өгч, нохой муурын яс болгож хувиргуулалгүйгээр, өөрсдөө шинжилж судалж, музейд тавьсан бол нууцлаг яс зүйрлэшгүй үнэд хүрэх л байв.
Чупакабра анх 1992 онд Пуэрто-Рикод илэрсэн. Энд Америкийн биологийн туршилт хийдэг маш нууц газар байдаг. Тиймээс кенгуру, муур, нохой зэргийг лабораторийн аргаар эрлийзжүүлж хурлийзжуулж шинэ амьтан бүтээгээд туршиж сорих гэж суллаж тавьсан, эсэхүл гадагш алдсан гэх таамаглал үүссэн. Хэдийбээр эрдэмтэд чупакабра гэж байхгүй хэмээн мэдэгдэж буй ч, тэд ердөө л энэ амьтны тухай мэдэхгүй байгаа юм. Тариалангийн талбай дээр түм гаруй нууцлаг аварга зураг (crop-circle) гарсны талаар тэд олигтой юм мэдэж чадаагүй, харин ч үгүйсгээд сууж байдаг шүү дээ. Тухайн юмны талаар бараг 100% тодорхой мэдэж авсны дараа л сая хүлээн зөвшөөрдөг улс. ДОХ-ыг удтал хүлээн зөвшөөрдөггүй байсан. Гэтэл ДОХ байгаагүй юм биш.
Уг амьтан буй төдийгүй, гадаадын хөдөөгийнхөнд багагүй хөнөөл учруулж байгаа. Чупакабра амьтны биед мэс заслын хутгаар хичээнгүйлэн гаргасан мэт төгс дугуй шарх үүсгэж, цусыг их хэмжээгээр сорж үхэлд хүргэдэг. Шинжлэх ухаанд мэдэгдээгүй нэгэн зүйл бодисыг шарх руу хийж, уг амьтныг эсэргүүцэлгүй болгож байгаад, тухтай сордог янзтай. Тэр бодисын үйлчилгээ амьтны цогцсыг огт муудуулахгүй, олон хоногийн турш амьд мэт байлгадаг. Цогцос нь хөшдөггүй, уян хатан байдаг. Ийм цогцос руу чупакабра дахин дахин ирж цус сордог байна. Заримдаа ямар нэг эрхтнийг нь мөн мэс засалч авсан мэт цэвэрхэн авч иддэг.
Маш ухаалаг амьтан тул хүнээс, хүний үйл ажиллагаанаас дээд зэргээр сэрэмжилдэг. Хавх, урхи, хор, ангийн арга хэрэгслүүд чупакабрад ямар ч гай учруулдаггүй. Харин ч ав хоморгонд гарсан хөдөөгийнхнөөр даажигнах мэт тэднийг даган явж, энд тэндээс булталзаж, хий хоосон буудуулж, эмх замбарааг нь алдагдуулж, өөрсдийг нь тэнэсэн суманд өртүүлэх дөхдөг.
Дэлхийн амьдралыг судлуулахаар тавьсан харь гаригийнхны биоробот гэж таамаглах нь ч бий. Гадаадад чупакабра жинхэнэ моодонд орж, түүний тухай их бичиж, ярьж, уран сайхны кино хийж, дүр дүрслэл нь хаа сайгүй үзэгдэж, “Чупакабра” гэдэг поп хамтлаг, хит буй болсон. Гэтэл Сэлэнгэд илэрсэн онц ховор олдворыг нохой гахайны идэш болгочихсон юмсанжээ.
Ч.Мөнхбаяр. MMVII.I
Эх сурвалж: moenhbayar.blogspot.com

URL:

Сэтгэгдэл бичих