ГАДААДЫН ГАР, ХӨЛ…
Жүжигчин Амараагийн нэгэн сонгуулийн сурталчилгаанд хэлснээр бол манай улс “Газар нь хөдөлдөггүй, галт уул дэлбэрдэггүй тайван сайхан орон” юм. Гэвч сүүлийн үед дандаа болж бүтэхгүй нөхдийн амьдардаг газар мэт санагдах, санагдуулах үйл явдлууд өрнөөд байх боллоо. Нэг хууль батлахаар ярилцах төдийд л твиттерээр “Талбайд очоод жагсаарай, цуглаарай” гээд л уриалж байна. Ямар учиртайг нь мэдэх юм байхгүй ч олны танил улстөрч хүн хэлээд байхад итгэл төрмөөр шүү. Энэ мэтээс гадна хэн нэгнийг огцруулна, огцруулахгүй гэсэн хэрүүлээс үүдэн УИХ энэ хавар олигтой ажил хийсэнгүй. Түүний дээр дандаа буруу зөрүү юм хийчих гээд байдаг төр засгаа иргэд үзэн ядах сэтгэлгээ тогтож эхэллээ. Ийм нийгмийн сэтгэлзүй мэдээж сөрөг хүчинд ашигтай.
Гэвч нэг намын эрх ашгаас илүү улс үндэстний эрх ашиг байх ёстой биш үү. Урд хойноо хоёр том хөрштэй манайх шиг орны хувьд нэгдмэл байх, хөрш орнуудынхаа бодлогыг анзааран өөрсдөдөө ашигтайгаар дотоод шийдвэрүүдээ гаргах нь чухал. Гэтэл өдгеө аль нэг тэмцэгч, жүжиглэх, зурагтаар гарах дуртай улстөрчдөөс болж нийгэмд хүлээлттэй шийдвэр, хуулиуд гацаж элдвийн дэмий зүйл дээр хэтэрхий их цаг алдаж байна.
Ер нь төр засагтаа иргэд нь итгэдэггүй, хөгжил дэвшил сул дорой байх нь хөршүүдийн хувьд ашигтай. Монголын жаахан зэс, нүүрстэй нүүрсгүй тэдэнд өөрсдөд нь ордууд хангалттай бий. Тийм болохоор дотоодод нь хэрүүл тэмцэл хийлгэж ашиглалтгүй байлгаж байгаад дараа нь хэрэглэхэд, бүтээн байгуулалтгүй байлгаж өөрсдийн хяналтад барихад нь манай тэмцэгчид хэрэг болоод байдаг юм шиг ээ. Оросын хаант засгийн үеийн Алс дорнодын бодлогын газар, Манжийн үеийн Монгол журган зэргийн үлдэгдэл нэр нь өөрчлөгдсөн ч уламжлагдаад байж л байгаа. Тэд бидний талаар хэрэгжүүлэх бодлогоо боловсруулж байхад бид дотоодынхоо хэдэн хүний хэрүүлд живээд л сууж байна. Төрийн соёрхолт инженер Н.Нацагням “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Цахилгааны асуудлаар бүрэн хамааралгүй болчих боломж бий л дээ. Гэвч цүнх, цүнх мөнгө барьсан гаднын хүмүүсийн хөл, гарууд гүйлдээд хэцүү шүү дээ” гэж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Манай улс цөмийн зэвсэггүй бүс. Цөмийн хаягдлыг эх орондоо хэзээ ч булшлахгүй” гэж олон улсад мэдэгдээд байхад л Чингисийн талбай дээр “Цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэж байна. Эх орноо цөмийн аюулаас аваръя” гэсэн жагсаал цуглаан хэд хоноод л болох. Хаанаас санхүүжүүлж, хэн зохион байгуулаад байгаа нь бараг мэдэгдэхгүй. Нүүр амаа маскаар халхалсан оюутнууд хэдэн төгрөт аваад жагсдаг бололтой юм билээ. Яг энэ асуудлаар ил гараад баримт бариад хөөцөлдөөд яваа хүн огт байдаггүй. Энэ нь эргээд иргэн болоод төрийн итгэлцлийг бага багаар хэмлээд л байгаа.
Саяхан Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар шуугиан дэгдээд авав. Цахим хуудсуудаар “Юу юугүй эх орноо худалдах гэж байна. Одоохон бос, тэмц” гээд уриалаад байх. Хүн бүр л олон нийтийн хуудсаар өөрсдийн нутгаас алхмыг ч харийнханд өгөхгүй хэмээн атга шорооны үнэ цэнийг уралдан магтлаа. Гэтэл Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч “Энэ хуулийн 44 дүгээр зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах тухай асуудлыг тодорхой зааж өгсөн байдаг. Гурав дахь парламентдаа дамжин хэлэлцэгдэж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг заалт яг хэвээрээ орж ирсэн” гэж ярьж байна. Хэнд ч зарах гээгүй л юм байна гэж ойлголоо.
Энэ мэт явган хэрүүлээр л улс орон амьсгалж байна шүү дээ. Өнгөрсөн хавар үндсэндээ ямар томоохон хуулийн төсөл УИХ-аар батлагдсан бэ. Зөвхөн аль нэг сайдыг огцруулах тухай хэрүүлээр л бялхаж өнгөрлөө. Эхлээд Ерөнхий сайд дараа нь Уул уурхай, Хууль зүй, Эдийн засгийн сайд нарыг огцруулах талаар ярьлаа. Одоо удахгүй хаврын чуулган дуусна. Үнэндээ бол ямар нэгэн сайдыг огцруулах тухай удаа дараагаар оруулаад байхад л тэр Засгийн газрын нэр төр иргэдийн дунд унана. Тухайн сайд огцрох эсэх нь чухал биш улстөрийн бохир ажил явдгаараа явж байгаа л гэсэн үг.
Үүгээр УИХ хэлэлцэж, хэрэлдсээр Засгийн газар, УИХ-ын аль алиных нь ажил урагшилсангүй. Улс орны амьдралд ч өөдөлсөн юм гарсангүй. Энэ тун хорон арга шүү. Ийм аргаар дараагийн сонгуулиар ялалт байгуулах гэж байгаа бол эх орноосоо урвасан хэрэг биш гэж үү.
Ж.ЭНХ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: