Х.Болдмандал: Н.Батбаяр зам барьдаг уу, төсвийг нь үмхдэг үү?

6-19-9Иргэний нийгмийн байгууллагуудынИх Монгол нэгдэл”-ээсҮндэсний мэдээллийн төв”-д  өчигдөр мэдээлэл хийлээ. Улсын төсвийн болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтуудыг хууль бусаар ашиглах, завших үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт холбогдох, цаашилбал Ерөнхий сайд Н.Алтанхуягт хамаатай баримтуудыг АТГ-аар шалгуулна хэмээн тэд мэдэгдлээ. Тус нэгдлийн тэргүүн Х.Болдмандалын байр суурийг хүргэе.

-Төсөв завших, ашиглах хууль бус үйлдлүүд, тэр дот­роо Эдийн засгийн хөгж­­лийн сайд болон Ерөн­­хий сайдад холбогдох ямар баримтууд та бүхэнд байна?

-Юуны өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зам, барилгын ажлын гүй­цэтгэлүүд, тэд­гээ­рийн тендер, сон­гон шал­­гаруулалт, төсөвт өрт­гийг Засгийн газраар шийд­вэрлэж байгаа асууд­лууд  эргэлзээ төрүүлж байна.

Тухайлбал, Замын-Үүдээс хилийн шалган нэвтрүүлэх боомт хүртэлх 11 км замыг өндөр даацын хатуу хучилттай замаар холбох  ажил байна. Энэ ажлын тендер зарлагдахад  компаниудаас янз бүрийн санал өгсөн  байдаг. Тэр дотор Замын-Үүдийн боомтыг өргөжүүлэх төсөлд  компаниудын ирүүлсэн үнийн дүнгээр бол тус 11 км замыг 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэсэн санал ирүүлж, судалгаа гарч байсан  юм байна. Гэтэл Засгийн газар хуралдаж, асуудлыг шийдэхдээ энэ 11 км-ыг ямар өртгөөр барих вэ гэдгийг 2013 оны гуравдугаар сарын 31-ний 123 дугаар тогтоолоор Замын-Үүд хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолбор, уг цогцолбороос Гаалын хяналтын талбай хүртэлх 2.3 кг зам, Гаалын ерөнхий  хяналтын талбайгаас төмөр замын шилжүүлэн ачих терминал хүртэлх 8.7 кг зам нийт 11 кг замыг 33 хүртэл тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга н.Шинэбаатарт зөвшөөрсөн тогтоол гаргасан байгаа юм. Гүйцэтгэх гэж байгаа байгууллагууд нь өөрсдөө 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байна гэсэн судалгаа гаргаж ирүүлээд байхад 13 тэрбум төгрөг нэмээд шийдчихдэг ийм өгөөмөр Засгийн газар, өглөгч сайдууд байна. Гэтэл энэ юу ч биш үүнээс гайхмаар, асуулт нэхмээр баримтууд бас байгаа юм.

-Тэр нь Замын-Үүдийн замтай холбоотой юу, эсвэл өөр асуудал уу?

-Замын-Үүдийн 11 кг замын  гэрээтэй холбоотой зөрчил бас байна. Гэрээг  гүйцэтгэх болохоор зэрэг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, ГЕГ-ын дарга, гүйцэтгэгч буюу Хятадын Тай Фа Шян группын ерөнхийлөгч нарын гарын үсэг зурж баталгаажуулсан Замын-Үүд боомтын зам талбайн өргөтгөл, 11 км хатуу хучилттай авто  замын  С-А3-Б дугаартай гэрээнд 31 тэрбумын  төсөвт өртөгтэй байхаар хийжээ. Засгийн газар нь  33 тэрбумаар гүйцэтгэ гээд байхад гүйцэтгэх гэж байгаа компани нь  31 тэрбум төгрөг буюу  хоёр тэрбумыг нааш нь татаж хийх гэж байх юм. Ингээд бодоход 20 тэрбумаар хийж болох судалгаа ирүүлсэн, Засгийн газар тэрийг нь 33 тэрбум болгосон, гүйцэтгэгч компани 31 болгосон. Зөвхөн 33, 31 хоёрын хооронд хоёр тэрбум төгрөг, энгийн иргэд бидний хувьд асар их мөнгө шүү дээ. Хэрэв Засгийн газар зөв тооцсон юм бол энд бүтэн хоёр тэрбумын зөрүү гарах учиргүй. 200-300 саяын хэмнэлт гарч байвал их юм болох байтал ийм но-той, ноцтой гэрээ хийж байна. Үүнээс бид юу гэж үзэж байна гэвэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас  11 тэрбум төгрөгийг хэн нэгэн эрх мэдэлтэн завшсан байж болох нь гэсэн хардлага төрж байна.

-Засгийн газрын тогтоол, шийдвэртэй холбоотой өөр ямар баримтууд байна вэ?

-Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох ажлууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд 2013 оны Засгийн газрын 96 дугаар тогтоол гарсан байдаг юм байна. Энэ тогтоолоор Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөнөөс санхүүжүүлж гүйцэтгэх  утгатай дотроо хавсралтаар есөн чиглэлийн 231.7 км замыг гүйцэтгэхээр баталжээ. Энэ бол Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 16-ны 96 дугаар тогтоол юм. Гэтэл 2013 оны гуравдугаар сарын 31-ний 124 дүгээр тогтоолоор зам барилгын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэхээр  шийдвэрлэсэн байгаа юм. Энэ тогтоолд шинээр баригдах авто замууд гэдэгт Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн авто зам гэж орж ирсэн нь хардлага төрүүлж байна.

-Ямар учраас?

-Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай замыг өмнө нь 2008 онд Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны “Зам барилгын II анги” компани авч 19.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 40 орчим хувийн ажлын гүйцэжтгэлтэй явж байгаад эдийн засгийн хямралын улмаас ажлаа гүйцэтгэх боломжгүй боллоо хэмээн Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар цуцлагдаж байсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр 37.2 тэрбум төгрөгөөр барихаар УИХ 2012 оны Төсвийн тухай хуульд суулгаж баталсан байна. Гэтэл үүнийг юу болгож  вэ гээд үзэхэд  “Мон-роуд”  компани тендерт оролцож, хоёрдугаар шатны тендерт  37.2 тэрбум төгрөгөөр нь гүйцэтгэхээр зөвшөөрчихөөд Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор шинээр гүйцэтгэх зам, барилгын ажил гэдэг юм руу оруулж авч байгаад Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замаа 46 тэрбум төгрөг болгож төсөвт өртгөө нэмэгдүүлсэн байгаа юм. 37.2 тэрбумаар гүйцэтгэх боломжтой гэж гэрээ хийчихээд тун удалгүй Засгийн газрын  тогтоолоор төсөвт өртөгөө нэмэгдүүлжээ.

-Тэр тогтоолыг  хаанаас оруулсан байна вэ?

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулсан байгаа юм.  Ингээд 46 тэрбум буюу есөн тэрбум төгрөгөөр төсөвт өртөгөө нэмэгдүүлж гүйцэтгэх боломжтой гэсэн асуудал явсан байна. Эндээс юу харагдаж байна гэхээр хоёр, гуравхан сарын дотор төсөвт өртгүүдийг тав, арван тэрбумаар нэмж байгаа нь ямар нэгэн үнийн өсөлт юм уу, инфляцтай холбоогүй. Харин мөнгө угаах эсвэл завших гэсэн санал санаачилга,  далд оролдлогууд явж байна гэж үзэж хардахаас аргагүй юм. Ер нь та бүхэн мэдэж байгаа байх аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажлын төсөвт өртгүүд автоматаар нэмэгдээд явж байдаг. Инфляцаас хэд дахин давж нэмэгдэж байдаг. Эдгээр асуудлаас жишээлж үзэхэд, Засгийн газар дээр нь салбар хариуцаж байгаа сайд нар ажлыг ямар нэгэн эдийн засгийн үндэслэл тооцоогүй, дээр нь тооцоо судалгаагаа гаргаад ирж байгаа байгууллагуудын санал санаачилгыг үл тоож, өөрсдийн ногдол хувь гэх юмуу санаандаа орсон тоог тавьж байгаад ажлыг гүйцэтгэдэг болчихсон, ийм хэлбэр харагдаж байна. Энэ бол татвар төлөгчдийн хөрөнгө, Монголын ард түмний  мөнгө сул урсч байгаа хэрэг. Ийм хариуцлагагүй санал санаачилгыг гаргаж ирж байдаг сайдад нь ч арга хэмжээ авах ёстой. Ийм оролдлогыг хэлэлцээд баталж байгаа Засгийн газарт ч гэсэн хариуцлага тооцох ёстой. Тэр эрх бүхий субьект нь Их хурал байдаг. Их хурал нь өөрөө Засгийн газрынхаа халаасанд орчихсон, өөрөөр хэлбэл 17 давхар дээлтэй сайдынхаа халаасанд орчихоод  хөдөлж чадахгүй байдалтай байгааг хэвлэл, мэдээллийнхэн болон Монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Энэ асуудлаар бид АТГ-т хандана. Яагаад төсөвт өртөг нь автоматаар  30-40 хувь, 11 тэрбум төгрөгөөр өсдөгийг АТГ-т өгч шалгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөртөө багтааж бид бичиг, баримтуудыг өргөдлийн хамт аваачиж өгнө.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих