Их, дээд сургуулиуд элсэгчгүй болоход ойртжээ
Энэ яриа энэ жилийнхээ элсэгчдийг хүлээн суугаа зарим их, дээд сургуулийн захиралд таатай сонсогдохгүй нь мэдээж. Харин хүн амын өсөлт, бууралтын талаар хэдэн тоо урьдчилаад харсан нэг нь энэ тухай гадарлаж бас хаширлаж суугаа байх. Сүүлийн жилүүдэд төрөлт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед элсэгчдийн тоо буурах тухай ярьж байгаа нь зарим хүнд сонин биш байж болно. Харин Монгол Улсын боловсролын салбарыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоог 56,1 хувиар нэмэгдүүлнэ, дээд боловсролын салбарт дотоодод хэрэгцээтэй мэргэжлээр суралцагчдын тоог 29-45 хувь болгож өсгөх бодлого баримтална” гээд заачихсан манай улсын хувьд энэ бол ноцтой мэдээ юм. Элсэгчдийн тоо буурна гэдэг нь их, дээд сургуулиудад эдийн засгийн хямрал нүүрлэнэ гэсэн үг юм. Мэдээж, энэ нь цаашлаад улс орны хөгжил, хөдөлмөрийн зах зээл дээр сөргөөр нөлөөлж мэднэ. Яагаад гэвэл, хүн амын өсөлт нь аль ч улс орны хувьд хөгжлийн гол үндэс суурь нь болж өгдөг. Мөн улсын хөгжил, хүнийхээ хөгжлөөс хамаардаг. учраас хүнээ хөгжүүлсэн улс орон хэрхэн, яаж хөгжиж болдогийг бид гадаадын өндөр хөгжилтэй улс орны жишээнээс олон удаа харсан. Тиймээс элсэгчид болон их, дээд сургуулийн тоо хумигдаж байгаа энэ зах зээл улс эх орны хөгжилд яавч сайн мэдээ дуулгахгүй нь лавтай. Тиймээс элсэгчдийн тоо яагаад буурах болсон шалтгааныг энд товчхон өгүүлье.
ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС ЭХЛЭН ЭЛСЭГЧДИЙН ТОО БУУРЧЭЭ
Өнгөрсөн оны намар Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн тоо хоёр дахин буурсан тухай албаны хүн хэлж байсан. Тус сургууль уг нь 440 оюутан сургах хүчин чадалтай бөгөөд 2005 оноос хойш суралцагчдын тоо жил бүр өссөөр 2012 оны хичээлийн жилд 810 гаруй оюутан суралцжээ. Харин өнгөрсөн хичээлийн жилд элсэгчдийн тоо хоёр дахин багассан байна. Энэ тухай Сургалтын менежер Ж.Эрхэмбаяраас тодруулахад “ Олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Гэхдээ 1997 онд төрөлт бага байсан, ерөнхий боловсролын сургуулийн сургалт 12 жилийн тогтолцоонд шилжсэн зэрэг нь гол хүчин зүйл болж байна” гэв. Тэгвэл энэ мэт жишээ нь зарим их, дээд сургуульд ажиглагдаж байгаа нийтлэг үзэгдэл юм. Тиймээс энэ талаарх мэдээллийг илүү тодорхой болгох зорилгоор хүн амын өсөлт, бууралтын талаар хэдэн тоон мэдээлэл дуулгая.
1990-2000 ОНЫ ХООРОНД МАНАЙ УЛСЫН ХҮН АМ ЕРДӨӨ 300 МЯНГААР ӨССӨН БАЙНА
Манай улсын хүн ам хувьсгалын жилүүдэд гурав дахин өссөн байна. 1918 онд XX зууны анхны тооллогоор 647,5 мянган хүнтэй байсан бол 1935 онд ардын хувьсгалын дараах тооллогоор 738,2 мянган хүнтэй болж, 15 жилийн дотор 90,7 мянган хүнээр өсчээ. Жилийн дундаж өсөлт нь 0,8 хувь байж. Харин 1969-1979 онд хамгийн их буюу 3.25 хувийн өсөлтэй байснаа 1990 оны үед 1.4 болтлоо унаж, хүн амын өсөлт бараг зогсонги байдалд орсон байна. Энэ үеэс эхлэн төрөлт огцом буурч 1990 онд 74.8 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 3.2 мянгаар буурчээ. Бууралт үргэлжлэн 1991 онд төрсөн хүүхэд өмнөх оныхоос 3.9 мянгаар, 1993 онд 13 мянгаар цөөрчээ. Өөрөөр хэлбэл, дөрөвхөн жилийн дотор төрөлт 30 жилээр ухарч, 1965 оны төвшинд хүрсэн байна. 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 2006 он хүртэл төрөлт буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал 1990 онд 43611, 1997 онд 47208, 1998 онд 46080 хүүхэд мэндэлсэн байна. Монголын хүн ам 2000 онд 2,4 сая байсан. Энэ нь 1990 оноос хойш 11 жилийн хугацаанд зөвхөн 300,000 гаруйхнаар өссөн гэсэн үг юм. Статистикийн мэдээллээс үзэхэд, 1989 онд 73,593 хүүхэд төрж байсан бол 10 жилийн дараа буюу 1999 онд 49,661 болж, шинээр төрсөн хүүхэд бараг хоёр дахин цөөрчээ.
ЗАХ ЗЭЭЛИЙН ЖИЛҮҮДЭД ТӨРӨЛТИЙН ТОО 40 МЯНГА ХҮРТЛЭЭ БУУРСАН
1921-1990 он хүртэл хүн амын өсөлт тууштай нэмэгдэх болсон шалтгаан нь Засгийн газраас авч байсан зарим арга хэмжээтэй холбоотой юм. Тухайлбал, олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгө өгөх, мөн олон хүүхэдтэй айлын нэг хүүхдийг улсаас үнэ төлбөргүй хооллож, сургуульд суралцах зардлыг нь хүртэл даадаг байсан. Мөн үр хөндөлтийг төрийн бодлогоор хориглож байсан зэрэг нь хүн ам өсөхөд тодорхой нөлөө үзүүлсэн байна. Харин төрөлт буурсан шалтгаан нь 1990 оноос эхлэн зах зээлийн хүнд хэцүү үед шилжсэнтэй холбоотой юм. Мөн энэ үед үр хөндөлтийг чөлөөтэй болгож, төрөх насны эмэгтэйчүүдэд ерөндөг суулгасан зэрэг нь хүн амын бодлогод сөргөөр нөлөөлсөн гэх шүүмжлэлийг хэлэх хүн таарч байна. Тухайлбал, 1980 оны дундуур төрөх насны эмэгтэй зургаан хүүхэд, 1985 онд таван хүүхэд төрүүлж байснаа 1990 он гарсаар буурч, 1997 онд 2.4 болсон байх жишээтэй.
1988 онд Монгол Улс хоёр сая дахь иргэнээ бүртгэж байхад, тэр жил 75832 хүүхэд төрсөн байдаг. Түүнээс хойш төрөлтийн тоо багасч, 1990-ээд оны эхний жилүүдэд 40 мянга хүртлээ буурчээ. Харин алтан гахай жилээс хойш төрөлтжил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хүн амын өсөлт нь ийм богинохон хугацаанд ингэж доошилсон нь өнөөдрийн элсэгчдийн тоо буурах гол шалтгаан болж байна.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ОРЛОГЫНХОО 80 ГАРУЙ ХУВИЙГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨС ОЛДОГ
2011-2012 оны хичээлийн жилд дээд боловсрол олгох сургуульд суралцагчдын тоог өмнөх хичээлийн жилтэй харьцуулж үзэхэд бакалаврын ангид суралцагчдын тоо 5.2 хувиар буурсан байна. Мөн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг сүүлийн гурван жилийн байдлаар аваад үзвэл 2011 онд 39 мянга, 2012 онд 41 мянга, 2013 онд 43 мянга гаруй суралцагч сургууль төгссөн байна. Харин энэ жилийн тухайд 38 мянга гаруй төгсөгч төгсөж, элсэгчдийн тоо мөн 5000-аар буурчээ. Хэрэв БШУЯ-наас баталсан элсэгчдийн хяналтын тоог төрийн өмчийн сургуулиуд нь шингээчихвэл ирэх хичээлийн жилд зарим их, дээд сургууль хаалгаа барьж мэдэхээр байна.
Өнөөдөр манайд хувийн их, дээд сургууль 100 дотор эргэлдэж байгаа. Улсын сургуульд орж чадахгүй ч хувийн сургууль руу хошуурдаг, мөнгөтэй л бол, хэн дуртай нь таалагдсан их дээд сургуульдаа ордог гажиг тогтолцоо бий болчихсон. Энэ нь эцэстээ боловсролоор бизнес хийгчдийг олшруулж, их, дээд сургууль нь бүгдээрээ орлогынхоо 80 гаруй хувийг сургалтын төлбөрөөс олдог болсон. Дээрээс нь манай дээд боловсролын тухай хуульд сургалтын төлбөрөөс өөр бусад хэлбэрээр орлого олох эрх зүйн зохицуулалт бараг байдаггүй. Их сургууль нь дэргэдээ компани байгуулж, үйлдвэрлэл явуулж болохгүй гэдэг учраас улсын сургуулиуд ч мөн адил иймэрхүү байдлаар санхүүждэг. Засгийн газраас өгдөг тогтмол зардал нөхөх мөнгө нийтийн орлогынх нь долоон хувь орчимтой тэнцдэг. Энэ бүх мөнгөнийхөө талаас илүү хувийг багш нарынхаа цалинд өгдөг боловч сайн мэргэжилтэнг тогтоож барих хэмжээнд хүрдэггүй. Тиймээс өнөөдөр чанартай боловсрол олгох зорилгоор төр давхардсан мэргэжлээ цөөлж, олон сургуулиа цомхотгож байгаа. Гэсэн ч элсэгчдийн тоо буурч байгаа энэ үзүүлэлт нь ирэх хичээлийн жилд хүссэн, хүсээгүй зарим их, дээд сургуулийг дампууруулж мэдэх нь байна.
Б.ЭНХТУУЛ
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин
URL: