Төрийн өндөрлөгүүд түнжин хагарав уу?
Төө зүйгүй төрсөн ах дүүс гэдэг шиг яалт байхгүй нэг намын нэрээр өндөр албан тушаалд хүрсэн гурван хүн өдгөө таарамж муутай байгаа тухай яриа чих дэлссээр байна. Энэ бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар юм. Тэдний хооронд үл ойлгогдсон харилцаа, зөрчил, зөрүүтэй байр суурь байгаагийн хамгийн сүүлчийн жишээ нь Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Ш.Түвдэндоржийн асуудал байлаа. “Давхар дээл”-ний тухай нийгмээрээ шүүмжилж байхад Н.Алтанхуяг дахиад л Ш.Түвдэндоржид “давхар дээл” өмсүүлэхээр санал болгосонд Ерөнхийлөгч дургүйцлээ илт илэрхийлсэн юм. Харин УИХ-ын дарга “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг дэмжихгүй гэж санал өгсөн ч энэ талаар эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж байсан удаатай. Улc орны эдийн засаг хүндэрч, хөрөнгө оруулалт зогсох шахсан энэ үед уг нь төрийн гурван өндөрлөгийн эв нэгдэл гэдэг чухал юм. Одоо бол нэг нам гэдэг ойлголтоос хальж нэг улсын төлөө нэгдэх ёстой тэд өөр өөр зүг рүү хараад байх шиг ард түмэнд ойлгогдох болов.
Энэ нь дээр дурдсанчлан “давхар дээл”,Ш.Түвдэндорж гэх мэт асуудалд хэрхэн хандаж байгаагаас илүү тод мэдрэгдсэн юм. Ялангуяа Ерөнхийлөгч болоод Засгийн газар хоорондын уялдаа холбоо гэж байхгүй болсон мэт. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг зөвхөн бэлгэдэл гэж хараад байгаа юм болов уу гэж хааяа бодогдохоор байна. Түүний Олон нийттэй харилцах зөвлөх “Ерөнхийлөгч бол Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө явдаг. Түүнийхээ төлөө олон тодорхой алхам хийлээ шүү дээ. Энэ нь бүх хүнд тодорхой байгаа. Гэтэл зарим хариуцлага тооцох ёстой хүндээ Засгийн газар хариуцлага тооцож чадахгүйгээр үл барам Ерөнхийлөгчийн эсрэг ил далд хуйвалдаан хийж байгааг учир мэдэх хүмүүс бүгд гадарлаад эхэлчихсэн. Засаг өөрөө өөрийгөө оролдож байна шүү дээ” хэмээн ярьж байсан удаатай. Төрийн тэргүүний санаачилсан хуулиуд УИХ, Засгийн газрын төвшинд удаа дараа унаж байгаа нь ч тэдний түнжин сайнгүй байгааг илтгэнэ. Зарим нэг нь нэгэнт дахиж сонгогдох хуулийн хугацаагүй Ц.Элбэгдоржийн саналыг бусад нь сонсохгүй хэмээн ярьж буй юм.
Ийнхүү нам болоод улс орон, хувь хүний аливаа асуудалд манай төрийн гурван өндөрлөг гар барьдаггүй боллоо. Уг нь бол нэг намаас гарч ирсэн төрийн өндөрлөгүүд хоорондоо түнжинтэй л баймаар юм. Тэд эвтэй байвал улс орны хөгжилд унасан эдийн засгаа сэргээхэд ч нэмэртэй л юмсан.
Д.СОНОР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: