ШҮНШИГЛЭЭГҮЙ «БУРХАД»

7Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан,
Р.Гончигдорж…

Эрх баригч намаас 2012 оны сонгуулиар Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авсан хүмүүс. Та нэрсийг сайн хар даа. Тойргуудад шударгаар өрсөлдвөл ард түмний итгэлийг хүлээгээд гарч ирэх хүмүүс байна уу гэж. Тааруу болгонд хамгийн түрүүнд нэр нь дуулддаг, хууль бусаар баяжсан, хувийн ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавьдаг хүмүүс дийлэнх нь байгаа биз. Надад энэ хүмүүсийн талаар хангалттай баримт байгаа учраас хэлж байна.

Үндсэн хуулийнхаа нэг заалтыг дахиад энд бүрэн эхээр нь сийрүүлье.

Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын төрийн байгуулал” гэх гуравдугаар бүлгийн хорин нэгдүгээр    зүйлнйн 2-т: “Улсын нх хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа. Дээр нэр дурдсан хүмүүс “шууд” сонгогдсон уу.

Үгүй. Нэрсийн жагсаалт гэх луйврын аргаар, шууд биш, намаараа дамжуулан их мөнгөөр гарч ирсэн. Энэ бүлэг хүмүүс зүгээр ч Их хурлын гишүүн болчихсонгүй, хууль ёсыг уландаа гишгэсээр жинхэнэ шударгаар өрсөлдөн гарч ирсэн гишүүдийнхээ толгой дээгүүр харайгаад төр засгийн бүхий л өндөр суудалд шигдэж амжсан.

Намайг хэтрүүллээ гэж магадгүй. Бас нэг баримт авъя. УИХ-ын анхдугаар чуулганыг, сонгогдсон гишүүдийн хамгийн өндөр настай нь нээж удирдах хуультай. Тэр нь МАН-аас сонгогдсон Д.Дэмбэрэл гишүүн. Гэтэл энэ ахмад гишүүнийг байсаар атал Л.Цогоор удирдуулан өөрсдийгөө өндөр албан тушаалд сонгуулаад шагналд нь УИХ-ын дэд дарга болгож байгаа юм. Л.Цог гэж хэн билээ? Манайхан мэднэ дээ. Улс төрийн хэлмэгдэгсдийн хэдэн үеийнхний амь амьдралаар тоглож суугаа хүн. Улс төрийн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд халамж анхаарал тавихтай холбогдуулсан хуулийн төслийг хоёр жил дараад сууж байгаа энэ хүнийг олон түмэн “даанч дээ, ийм дэд дарга байх гэж” хэмээдэг юм.

Нөгөө нэг асуудал нь Монгол Улсын Үндсэн хуульд: “Улсын их хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гээд заачихсан байдаг. Гэтэл, төр засгийн эрхийг хууль бусаар булаан авагчид, УИХ-ыг бараг бүтэн жил 74 гишүүнтэй хуралдуулсан. Өөрөөр хэлбэл, Монголын парламент Үндсэн хуулийнхаа заалтыг зөрчсөн. Энэ хугацаанд баталсан хууль, тогтоомж бүгд хүчин төгөлдөр бус байх ёстой.

Монгол Улсын хууль дүрмүүдийг уландаа гишгэн, Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авсан, энэ хүмүүст хариуцлага тооцдог газар бол Үндсэн хуулийн цэц байх ёстой юм. Бусад улсыг харахад Үндсэн хуулийн цэц нь хуралдаад парламентаа тараачихаж байх юм. Засгийн газраа ч огцруулчихдаг. Тэгэхэд манай хэдэн “мануухай” бол эрх баригчдын дуулгавартай зарц Үндсэн хуулийг нь хэсэгчлээд, огтчоод, үүрээд явж байсан ч ганхийнэ гэж үү. Би боддог юм. Үндсэн хуулиа ийм хүмүүсээр мануулж байсанд орвол, тэр тоглоомын Цэцийг татан буулгачихаасай гэж. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг нь зөрчөөд байхад эрх баригчидтай эвлэрэнгүй хандаад байгаа Цэц гэдэг сайхан нэртэй нүсэр бүтэц цаас эрээлж, цалин гүзээлж суухын хэрэг байна уу? Байхгүй. Сүүлийн хэдэн сонгуулийн аниж гүйцээгүй байгаа нэг том “сорви” бол Амерйкийн хар машин. Уул нь энэ машиныг зохион бүтээгчид аливаа сонгуулийг алдаа мадаггүй хурдан шуурхай явуулахын тул бүтээсэн юм гэнэ билээ. Эхэндээ ч үр өгөөжөө өгсөн гэдэг. Сүүлдээ луйврын машин болсон.

Ямар ч программ суулгаж болдог энэ машины булхайг мэддэг олон орон татгалзсан л даа. Тэгээд барууныхан манай мэтийн ядуу буурай улс руу хар машинаа шахаж, хэрэгтэй улс төрийн хүчнээ ялуулах боломжтой болсон гэдэг юм. Ялуулья гэсэн саналаа хоёр болгоод уншуулчихаж чадах, ялагдуулъя гэснээ баллуурдах юм уу, хүчингүй болгочих хэмжээнйй программ суулгаж болох гэнэ.

Ардчилсан намынхан, 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Булхай орлоо. Гар аргаар тулгаж тоолъя” гэсэн саналуудыг булзааруулж өнгөрсний гол учир утга энэ юм билээ. Одоо 2016 оны сонгуульд Америкийн хар машинаа заавал оролцуулна гээд, хуульдаа ч тусгамаар юм яриад байгаагийн гол учир энэ юм гэсэн.

Ард түмэн энэ бүх далд учрыг ойлгоод, сонгуулийн хуулийг засварлаж өөрчлөхөд хүрвэл заавал олон нийтээр урьдчилан хэлэлцүүл, санаа бодлыг нь тусга гээд байгаа. Эрх баригчид бол битүү хатуу юм оруулж ирээд, өнөөх л олонхоороо түрээ барьдаг бохир аргаараа баталчих байх гэж эмзэглээд байгаа нь үнэн.

Олон түмний дунд УИХ-ын гишүүдийн талаар онигоо ч гэмээр юм уу, үнэн үг дэлгэрсэн байна. Эрхэм түшээд маань 76 бурхад юм байх. Түүний тойргуудад өрсөлдөөд хүчээрээ гарч ирэгсэд нь жинхэнэ шүншиглэж аравнайлсан бурхад. Харин хар машин, нэрсийн жагсаалтын луйвраар орж ирэгсдийг “шүншиглээгүй бурхад” хэмээн нэрлэх болж. Өнөөдөр манай төр засгийн эрхийг “шүншиглээгүй бурхад” барьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бурхны амин сүнс ороогүй, зүгээр л дүрс гэнэ. Ийм дүрсүүдэд бурханлиг чанар байдаггүй юм байна. Улс орны хөгжил, ард түмний сайн сайхан амьдрал газар нутгаа хайрлан хамгаалах санаа бодол, энэ “бурхад”-д падлий ч байхгүй. Энэ шүншиглээгүй бурхдаас салаагүй цагт Монгол газар нутаг дээр сайн сайхан цаг ирэхгүй гэлцэх юм.

Өнөөдөр, шүншиглээгүй бурхад маань Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Ашигт малтмалын хууль, Газрын багц хууль мэтийг зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөхөөр шамдаж байна. Тэтгэвэрт гарах бүү хэл, насан туршдаа төрийн сэнтийд залрах гэсэн хувийн атгаг санаагаа энэ хуулиудад ил далд аргаар суулгаж өгөх гэж байгаа нь харамсалтай.

Бид ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш олон удаагийн сонгууль хийж, алдаа оноогоо бишгүй л дэнсэлсэн. Аль нь шударга, аль нь шударга биш гэдгийг ч хэн хүнгүй гадарлах боллоо. Олон удаагийн хурал чуулганд оролцож, хүмүүсийн санаа бодлыг сонсч байсан сэтгүүлч хүний хувьд, Сонгуулийн шинэ хуульд доорх саналуудыг нэмэрлэе гэсэн юм.

-Манай улсын шинэ Үндсэн хуулийг ард түмний сор болсон хөвгүүд охид маань олон хоног хэлэлцэж олонхиороо баталсан тун сайн Үндсэн хууль гэж би боддог юм. Үндсэн хуулийн доторх УИХ-ын сонгуулийн тухай амин чухал заалтууд, тухайлбал “нийтээрээ”, “чөлөөтэй”, “шууд,” “нууц”, “дөрвөн жилээр” гэсэн үгүүдийг сэм хасчихвий гэж санаа зовож явдаг хүн, би. Хэрвээ энэ үгүүдээс нэг нь л хасагдвал сонгуулийг яаж ч луйвардаж болох талтай.  Энэ заалт бол Монголын ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулсан эрхэм зүйл юм.

-УИХ-ын сонгуулийг 76 тойрогт нэг нэг мандаттайгаар явуулъя. Тэр тойрогт аль намаас өрсөлдсөн хэн ялах нь хамаа алга.

-Намын нэрсийн жагсаалтаар гэдэг луйврыг бүр мөсөн хориглоё. Ард түмний итгэл даахаа больсон, хууль хяналтын байгууллагад шалгагдаж ч магадгүй болчихсон хүмүүс намдаа их Мөнгө төлөөд нэрсийн жагсаалтад, бүр эхэнд нь нэрсээ биччихээд УИХ-д гараад ирж байгаа. Одоо бүр амташаад 2016 оны сонгуульд 50 хувьд нь нэрсээ зоох санал тавьж байгаа. Тиймдээ тулбал УИХ-ын сонгууль гэж их мөнгө зарж, их ажил үрж сонгууль явуулаад яах юм. Эргээд харахад чинь энэ хэдэн хүн л сууж байна шүү дээ.

-Америкийн хар машиныг сонгуулийн хүрээнээс төдийгүй Монгол нутгаас зайлуулъя. Харин ганцхныг авч үлдэж болох юм. Музейд тавья л даа. Хойч үе маань “Манай эцэг дээдэс, иим машинаар луйвардуулж байсан юм билээ” хэмээн харж, инээж байг. Бидний гэнэн алдаанаас сургамж аваг.

-Сонгуулийн ерөнхий хороог эрх баригч намын дуулгавартай зарц байдгийг болиулъя. Харилцан хяналт тавьдаг олон намын бүтэцтэй сонгуулийн шударга ерөнхий хороотой болъё. Дарга нь эрх баригч намын, бусад удирдлага нь парламентад суудалтай намуудынх байх нь зүйтэй. 2012 оны сонгуулийн дараа эрх баригчид маань СЕХ-г дан өөрсдийнхөө намын дуулгавартай хүмүүсээр байгуулсан. Тэр хороо сөрөг хүчнийг хоёр жил балбалаа. Бүр шүүх, прокурортой нийлж байгаад шүү. Энэ тухай хангалттай материал бий. СЕХ-ны удирдлага аль ч намынх байлаа гэсэн шударга, гүндүүгүй хүмүүс баймаар санагддаг.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хүндэт суудалд суугаагүй байхдаа “Ард түмний сонголтод ямар ч хүчин зүйл нөлөөлөх учиргүй” хэмээн айлдаж байсан. Өнөөдөр ард түмний сонголтыг шүүх, СЕХ, эрх баригчид л нөлөөлөхөөр барахгүй шийддэг болсон. Ард түмнээсээ олон мянган хүний санал илүү авсан хүн нь шүүхээр хасагдаад, дутуу санал авсан нь гишүүн болоод сууцгааж байна. Тэгвэл чөлөөт сонгууль гэж худлаа үрлэг зарлага болоод яах юм. Шүүх, СЕХ-ныхон сууж байгаад л шийдчихдэг болно байгаа даа. Чөлөөт сонгуультай, ардчилсан орон гэж дэлхийн олон нийтийг төөрөлдүүлж байхын хэрэг байна уу. Сонгуулийн хуулийг шинэчилж байгаа бол хууль шүүхийнхний энэ бусармаг явдлыг хориглосон заалт оруулж өгмөөр байна.

Ард түмэн минь, энэ улс орныхоо байдлыг эргээд нэг харчих даа. Хамгийн их өр тавьж, хамгийн их мөнгөтэй болсон энэ Засгийн газар, улс орноо яаж элгээр нь хэвтүүлэв, биднийгээ яаж өлсгөж гутааж байна. Ногоон уут, эрээн цэцэг, ачдаг машинаар хэдий болтол бид молигодуулах юм. Тэгсэн чинь энэ хэдэн дарга сайд нар чинь тохом эгшээлгүй гадаад ертөнцөөр доншуучилж, бүр болиод хэдэн тэрбум төгрөгөөр Бразилд хөлбөмбөг үзнэ гээд явцгааж байна. МАН-ын нэг удирдагч “Ээлжит бус сонгууль явуулья” гэж санал тавьсан байна билээ. Бүх нийтээрээ дэмжвэл яасан юм. “Шүншиглээгүй бурхад”-ад буян заяагаа даатгаж болдоггүй юм байна.

 

МУСГЗ Г.ЖАМЬЯН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих