«БОЙКОТ» ДУУССАН Ч БАЙНГЫН ХОРООГ ХАЙРЦАГЛАЖЭЭ
УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороо өчигдөр хуралдаж улс орны эдийн засаг хүндэрсэн, ажилтай, орлоготой хүний тоо буурсан, хөрөнгө оруулалт зогссон, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьсан зэрэг таагүй үзүүлэлтүүдэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг буруугүй хэмээн үзлээ. Уг нь сөрөг хүчний зүгээс энэ байдал нь Эдийн засгийн хөгжлийн яамны буруу бодлого, сайдын хариуцлагагүй байдлаас болсонхэмээн, огцруулахбичгийг өнгөрсөн сарын сүүлээр УИХ-д өргөн барьсан. Гэвч хуулийн хугацаанаасаа хоёр долоо хоногоор хожимдуулан хэлэлцсэн Байнгын хороо Н.Батбаяр сайдыг цээжээрээ хамгаалаад гарлаа.
Эрх баригчдын түвшинд энэ Засгийн газрыг ямар ч хамаагүй аргаар бүтэн байлгах ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг байнгын хорооны гишүүдийг яаж хайрцагласнаас харж болохоор байлаа. Ардчилсан намын бүлэг төдийгүй “Шударга ёс” эвсэл, бие даагчид хүртэл хүртэл энэ засгийг элэг бүтэн байлгах ажиллагаанд гар бие оролцов. Ингэснээр эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоног дуустал Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжоор хангана гэсэн үгэндээ тэд хүрч буй бололтой.
Түүнийг огцруулах асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед асуулт тавьж, санал хэлэх нэг ч гишүүн байсангүй. Гагцхүү МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт огцруулах үндэслэлээ тайлбарласнаас өөрөөр бусад нь ганц ч үг ган хийгээгүйг харахад улсын маань эдийн засаг эрүүл, иргэдийн амьдрал асуудалгүй байна уу даа гэж харахаар. Гэвч бодит байдлын тоон үзүүлэлт төгрөгийн ханш 30 хувиар суларч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, үю дээшилж, амьдрал доошилсон.
Харамсалтай нь засгийг бүрдүүлж буй талууд биш юм аа гэхэд даваа гариг бүр ард түмний төлөө амиа өгөхөө илэрхийлж, популист шаардлагаар лоозогнодог бие даагчид ч, эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг нь эрхэм сайдаас асуучихсангүй. Ийнхүү ирцээр бойкотлож эрүүл мэндээр шалтаглаж, бас судлах нэрээр сунгаж байж хуралдсан Эдийн засгийн байнгын хороо Н.Батбаяр сайдыг аваад үлдлээ.
ХӨГЖИМ ХЭДИЙНЭ ЗОГССОН Ч, БИД БҮЖИГЛЭЭД Л БАЙХ ЮМ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаарддагагүй гэсэн шийдвэр Байнгын хорооноос гарсан даруйд УИХ-ьш гишүүн Р.Амаржаргал ингэж “жиргэжээ”. Засгийн газар шаардлагатай хөрөнгө, мөнгө олохын тулд бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх, энэ сардаа багтаагаад “Эдийн засгийн дээд хэмжээний уулзалт”-ыг зохион байгуулах, түүндээ гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг урьж оролцуулах зэрэг арга хэмжээ авч, бас авахаар зэхэж байна. Гэвч уул уурхайд түшиглэсэн Монголын эдийн засгийн доройтол, гадаадын хөрөнгө оруулагчид дайжиж эхэлсэн 2012 оноос үүдэлтэй гэдгийг хэлэх хэрэгтэй.
Аажйм аажмаар зайгаа барьсан хөрөнгө оруулагчид гуравхан сарын дотор цугаараа ороод ирэхгүйгээс хойш, 100 хоногийн дараа үр дүн гарна гэж найдах хэрэггүйг эдийн засагчид хэлж буй. Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргал гишүүний хэлсэнчлэн хэдийнэ зогссон хөгжмийн аянд бид хөөрч бүжиглэх хэрэггүй гэсэн үг.
Н.БАТБАЯР БИШ БОЛ ХЭН ГЭЖ?
Бас л Р.Амаржаргал. Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдаас огцруулбал, дараагийн боломжит хувилбараар түүнийг нэрлэж байлаа. Фракцын зарчмаар асуудал шийдэгддэг Ардчилсан намын зарчимд ч нийцнэ. Яагаад гэвэл тэрбээр Н.Батбаярын нэгэн адил МҮДН фракцынх. Эрх баригчдын түвшинд ч яригдсан гэсэн. Гэхдээ нэг болзолтой. “Монголоос дайжиж одсон хөрөнгө оруулагчдын санааг эргүүлж, мөнгийг нь оруулаад ирэх юм бол, Эдийн засгийн хөгжлийн сайдаар тавья” гэх саналыг түүнд Ардчилсан намын удирдлагууд тавьсан аж. Харамсалтай нь аль хэдийнэ моодноос гарсан Монголд найдаж мөнгөө хийх хөрөнгө оруулагч хаанаас амар олдох билээ.
Мөн Р.Амаржаргалыг сайд болгоно гэдэг, “давхар дээл”-ийн асуудал дахиад босно. Асуудлын гол нь эдийн засгийн гэхээсээ засаглалын хямрал ардчилсан төрийг, түүнийг бүрдүүлэгч Ардчилсан намыг муухай харагдуулаад байгаа учир, нэгээс нь тайлж авсан давхар дээлийг дараагийнхад нь өмсгөх нь юу л бол. Нэгэнт дотроос биш бол гаднаас хэн гэж. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Эзэн-100″ зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайханыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилох санал ч гарсан гэнэ. Нэр дэвшвэл дэмжлэг авах ч талтай. Намтрыг нь харвал 2012 оноос “Ньюком”-ын Гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Өмнө нь Азийн хөгжлийн банкинд эрчим хүчний хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллаж байсан.
Энэ хугацаандаа хэд хэдэн салбар дамнасан төслийн багуудыг удирдаж, Казакстан, Киргизстан, Пакистан, Тажикстан, Узбекистан зэрэг улсад хөрөнгө оруулалтын томоохон төслийг гардан хэрэгжүүлж байсан нэгэн гэнэ. Түүнийг олон талт санхүүгийн агентлагууд болон карбоны зах зээлээс хөрөнгө босгоход мэргэшсэн санхүүч гэдэг юм билээ. 2009 онд тэрбээр эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд зориулж төрөөс санхүүжүүлсэн дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын (1.26 тэрбум ам.доллар) зээлийн гэрээг байгуулсан аж. Мөн 2010 онд Төв Азийн хамгийн анхны 900 мВт-ын хүчин чадалтай, хос ажиллагаатай хийн турбины цахилгаан станцын санхүүжилт болох 1.3 тэрбум ам.долларын төлбөрийг амжилттай шийдэж байжээ. Ажил нь явахгүй байгаа сайд нарт хариуцлага тооцоход, араас нь томилчих хүн байгаа ч, “Эдийн засгийг идэвхижуүлэх 100 хоногийг дуустал Засгийн газрыг тогтвортой ажиллуулна” гэсэн намын шийдвэр тэднийг дараад байгаа бололтой.
Б.ЭНХЖАРТАЛ /ӨДПРИЙН ШУУДАН/
URL: