АН ордуудыг өвөртлөх санаагаа хуулийн төсөлд тусгагджээ

 

Монгол модоо барихад хэдийнэ бэлэн болжээ. Муу ёрлож байж мэдэх ч “Их өр 2”-ын эхлэл тавигдаж, зам нь засагдсан гэхэд хэлсдэхгүй. Баттай биш ч иргэн бүр 4-5 сая төгрөгийн өртэй гэх эдийн засагчдын тооцоо бий. Өөрөөр хэлбэл, нэгэн үе хөнгөлттэй зээлийн багцаас өөр өргүй байсан Монгол Улс өдгөө өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн гэхэд болно. Тиймдээ ч Өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн гэдэг. Цаг үеэ олсоныг нь эрх баригчид өөрсдөө магтан сайшаадаг ч яаралтай батлахаар улайрч байгаа нь хачирхалтай. Ямартаа л чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд дээрх хуулийг хэлэлцэхээр оруулж иржээ.

Хамгийн ноцтой нь хуулийн төслийн 13.3-р зүйл болон 20-р зүйлд Орон нутгийн захиргаа зээл авч болохыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байна. Болж байна аа. Дээрээс ирэх мөнгийг хуруу даран тоолдог тэдний хувьд боломжийн санал. Гэхдээ зээл авахын тулд барьцаа шаардлагатай. Засаг ноёд хувийн орон сууц, эд хөрөнгөндөө яав ч гар хүрэхгүй. За тэгээд эд эрхтнээ барьцаална гэж бүр ч байхгүй. Тэгэхээр үлдэж байгаа ганц зүйл нь тухайн орон нутгийн цөцгий болсон газар. Тэрийг л лобардаж таарах нь. Ардчиллынхан ч энэ бүхнийг тооцоолж, Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулийг хамтад нь шахуу хэлэлцүүлж байна гэж хардаж болохуйц. Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэн баталснаар хэд хэдэн ордын стратегийн гэх тодотгол бүхий хүлээсийг тайлна. Түүнчлэн Газрын тухай хууль батлагдвал газрыг 100 жилээр өмчлүүлнэ гэж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг уялдуулбал Баян-Өлгий аймгийн Ногоон нуур, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Алтай сум, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Ховдын Мянгат гэх мэтчлэн газрууд хүлээсээс гарч, ломбарданд тавигдана гэсэн үг биш үү. Ийм холын бодолтой, хорон санаатай нүүдлийг эрх баригчид хийж байж.

Байгаа бүхнээ тавиад дуусч байгаа Монгол Улс ардчиллын түүхэнд хоёр дахь хар тамгаа даруулах гэж буй нь энэ. Оюутолгой бол монголчуудын мэдлээс хальсан гэхэд болно. Тавантолгойн хувьд эрх мэдэл нь байгаа ч үр ашиггүй. Тийн байтал бусдыг нь булхайн аргаар ломбарданд тавих санаагаа хуулийн төслийн цаана нуужээ. Яг л их хувьчлал өрнүүлж, улсын гэх тодотголтой бүхнийг халаасалсан шигээ. Засгийн газрын болон Монгол банкны гадаад өр өнөөдөр бидний мэдэж байгаагаар 5.611 тэрбум ам.доллар. 2013 оны эцэст Засгийн газар дөрвөн тэрбум 256 сая, Монголбанкны өр нэг тэрбум 65 сая ам.доллар байсан дээр нь Самурай бондын 290 сая ам.долларыг нэмбэл таван тэрбум 611 сая ам.доллар*1785=10 их наяд 15 тэрбум төгрөг болж буй юм. Дотоод өр 2013 оны эцэст 1.920 их наяд төгрөг, нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 68 хувь хүрээд байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ДНБ-ий 40 хувиас хэтэрвэл аюулын харанга дэлдэж буйг тусгасан. Харамсалтай нь, хэдийнэ харанга дэлдэж, аюул нүүрлэсэн нь энэ.

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барих болсон үндсэн шалтгаан нь улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 2014 онд улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхыг 90 хувь /Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувь, Засгийн газрын баталгаа ДНБ-ий 20 хувиас хэтрэхгүй/ болгон өөрчлөх гэж байгаад оршиж буй юм. Учир нь Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд эрс нэмэгдэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарыг хэдийнэ даваад байгаа билээ. ОУВС манай улсын өрийн хэмжээ ДНБ-ий 62 хувьд хүрсэн талаар тайландаа бичсэн байсан нь үүний нотолгоо юм. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин муудаж, хөрөнгө оруулалт огцом буурсантай холбогдон үүссэн төгрөгийн ханшийн уналтыг зогсоох, эдийн засгийн хямралыг даван туулах, идэвхжүүлэхэд шинэчлэлийн гэх Засгийн газарт эх үүсвэр байхгүй болсон тул их хэмжээний өр зээл нэмж тавих  замаар цаг хугацаа аргацааж байгааг судлаачид тодотгосон байдаг. Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгад  улсын өрийн хэмжээ 2013 онд ДНБ-ий хэдэн хувьтай тэнцүү байсан талаар тоймтой тоо баримт байхгүй. Мөн байгаа төдийгүй танилцуулгад орсон зарим тоонууд Сангийн яамнаас албан бусаар ирүүлсэн өрийн талаарх тоо баримтаас зөрүүтэй. Тухайлбал, Сангийн яамны өрийн талаарх мэдээнд Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2013 оны жилийн эцсийн байдлаар 6094.3 тэрбум төгрөг, дотоод өрийн үлдэгдэл 5186.6 тэрбум төгрөг буюу нийт 11280.9 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд энэ нь 2013 оны ДНБ-ий 64.2 хувьтай тэнцүү байгааг тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, 2013 оны өрийн үлдэгдэлийг 2014 оны төсөөлж буй ДНБ-ий хэмжээнд харьцуулахад 55 хувьтай тэнцүү байгаа нь Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг он дамжин ноцтой зөрчиж  байгаа нь харагдаж байгааг тодотгосон байлаа.

Хуулийн төслийн 13.1.6-д “улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх” Засгийн газар өр үүсгэж болно гэж зааж өгчээ. Энэ нь нэг талаас Засгийн газар Монголбанкыг хараат байдалд оруулсан өнөөгийн нөхцлийг улам бататгасан заалт гэдгийг эдийн засагчид хэлж байна. Нөгөө талаас Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх нэрийн дор Засгийн газар гаднаас шинээр зээл авч зарцуулах гарцыг нээж өгчээ. Энэхүү заалтын үндэслэл төлбөрийн тэнцлийг өр, зээл тавин хангах нь хэт богино хугацааны, өндөр эрсдэлтэй алхам болж эдийн засагт сөрөг нөлөөтэй аж. Хэрэв Засгийн газрын нэр дээр авбал валютын зээлийг Монголбанкинд төгрөгөөр солиулах бөгөөд энэ нь валютын нөөцийг нэмэгдүүлэх ч, мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, үнийн өсөлтийг бий болгох аж. Харин Монголбанкны нэр дээр шилжүүлбэл төвбанк 2013 оны эцэст 1.065 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 10.9 хувьтай тэнцэх гадаад өртэй байсан бөгөөд үүний гадаад өрийг  нэмэгдүүлэх нь Монгол улсыг урт хугацааны хямралд оруулах өндөр эрсдэлтэй аж. 2014 оны эхний улирлын байдлаар Засгийн газрын дотоод зээлийн өрийн үлдэгдэл 2,109 их наяд төгрөгт хүрснийг Сангийн яамнаас ирүүлсэн албан бичигт дурьджээ. 2,109 их наяд төгрөг дээр 10.1 их наяд төгрөгийг /ам.долларын ханшийг 1800 төгрөгөөр/ нэмж тооцвол Төрийн нийт өр 12.209 их наяд төгрөг буюу 2013 оны ДНБ-ий 69.5 хувь болж, одоогийн үйлчилж буй “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн 19.3-р заалтын 40 хувийг 29.5 хувиар даваад байгаа үзүүлэлт юм.

Тийм байтал хуулийн төсөлд тусгасан ноцтой зүйл нь шинээр зээл авах гарцаа нээж өгчээ. Мөн энэ хуулийн төсөлд өрийн хязгаарыг ирэх жилүүдэд хязгаарлах талаар тусгаагүй, ДНБ-ий 70 хувиас хэтрэхгүй гэж зааж өгсөн нь ДНБ-ий өсөлттэй уялдуулан өрийн хэмжээг жил бүр нэмэгдүүлж, шинээр зээл авах гарцаа нээж өгсөн байна. Энэ нь 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлийн төсөлд 2015-2017 онуудад 70 хувь гэж зааж өгсөнөөр баталгаажина. Засгийн газар 2012 оны сүүлээр 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх “Чингис” бонд болон 580.0 сая ам.доллартай тэнцэх Хөгжлийн банкны бонд гаргасан. Энэхүү бондын үр нөлөө нь улсын өрийн бүтэц, Засгийн газрын өрийн багц дахь валютын бүтцэд томоохон өөрчлөлт бий болгосон. Тодруулбал, улсын өрийн хэмжээ 2012 онтой харьцуулахад 2011 онд 83 хувиар, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн улсын өрийн ДНБ-д эзлэх харьцаа 15.5 хувиар өссөн юм. Засгийн газрын гадаад өрд эзлэх ам.долларын хувь хэмжээ 48 хувьд хүрсэн нь энэхүү бондын сөрөг үр дагаврын зөвхөн нэг л жишээ. Үүнээс гадна, “Чингис” бондын зөвхөн 2013 оны хүүгийн төлбөр нь л гэхэд 98 тэрбум төгрөг буюу 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн нэг жилд төлөгдөх үндсэн төлбөртэй тэнцэж буй нь төсөвт хэр хэмжээний ачаалал бий болгосныг харж болно.

2017, 2018, 2022 онуудад төлөгдөх Чингис болон Хөгжлийн банкны бондуудын эргэн төлөлтөөс үүдэх зардал, дахин санхүүжилтийн асуудал нь эргээд тухайн цаг үед улсын өр, Засгийн газрын өрийн асуудлыг хурцатгах аюултай. Бонд буюу өрийн бичиг нь өндөр хүүтэй, эргэн төлөгдөх нөхцлийн хувьд хатуу чанга байдаг нь эрсдэл өндөртэй үнэт цаасанд зүй ёсоор тоооцогддог аж. Нөгөө талаас, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгөөр Засгийн газрын үүсгэсэн өрийг төлдөг учраас Засгийн газар их хэмжээний өр үүсгэх нь эргээд иргэдийн нуруун дээр ирэх дарамтыг нэмэгдүүлэх асар том эрсдэлтэй. Товчхондоо Монгол Улс өрийн хямралд өртөхийг үгүйсгэх аргагүй байдалд хүрээд байна. Хамгийн гол нь энэхүү бодлого, шийдвэрүүдээс үүдэх эрсдэл, өрийн дарамтыг шийдвэр гаргасан Засгийн газар бус, дараа онуудын төрийн залгамж халаа болон иргэд хүн нэг бүр өөрсдийн ажил, хөдөлмөр эрхэлснээс олох орлогоосоо хариуцах болоод байгаа юм. Гэтэл дахин өр тавих гарцаа нээж өгсөн нь эдийн засагчдыг сандаргаж байна. УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын хүрээнд 5.0 тэрбум ам.долларыг 2012-2014 онуудад гаргахаар даалгасан бөгөөд үлдэх 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх үнэт цаас гаргах эрхийг 2014 онд багтаан дараах хэлбэрээр гаргана гэж үзвэл дээр дурьдсан өрийн эрсдэл, улсын төсөвт учрах дарамт ачаалал ямар байдалтай байх талаар эдийн засагчид ийн томьёолжээ.

  • 600.0 сая ам.долларын 10-н жилийн хугацаатай Самурай бонд;
  • 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх 10-н жилийн хугацаатай Чингис бонд;
  • 700.0 сая ам.доллартай тэнцэх 5-н жилийн хугацаатай Чингис бонд;
  • Дархан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахтай холбоотой 700 сая ам.долларын зээлийг 2014 онд тус тус авна гэж үзвэл 2014-2027 оны хооронд жил бүр одоогийн Чингис бондын хүүгийн төлбөрөөс даруй дөрөв дахин их буюу дунджаар 395.8 тэрбум төгрөгийг гадаад өрийн хүүгийн төлбөрт төлөхөөр байна. Түүнчлэн 2017 онд 580.0 сая ам.доллар, 2018 онд 500.0 сая ам.доллар, 2022 онуудад Чингис бондын эргэн төлөлтийг хийхийн зэрэгцээ шинэ бондын эргэн төлөлттэй холбоотойгоор 2019 онд 700 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлөх бол 2024 онд гурван бондын эргэн төлөлтөд нийт 2.100 сая ам.долларыг зарцуулах юм. Ялангуяа 2017-2019 онуудад жил дараалан бондын эргэн төлөлтүүд хийгдэх нь томоохон эрсдэлийг үүсгэж болзошгүй. Энгийнээр хэлбэл, иргэдийн амьжиргаа өнөөдрийнхөө ч дордоно гэсэн үг.

Эрх баригчид энэ бүх байдлаа тооцоолж, уснаас хуурай гарах гарцаа ч хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа юм. Тодруулбал, төслийн 17.5-д “… 17.4-т заасан шийдвэрт үндэслэн Засгийн газраас ийнхүү хязгаар зөрчигдсөнөөс хойш хоёр жил хүртэлх жилд багтаан хязгаарын түвшинд нийцүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй”  гэж зааж өгчээ. Энэ заалт нь бүхэлдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн энэ Засгийн газраа хамгаалах санаа гэж хардах хангалттай үндэслэл юм.

Л.НИНЖСЭМЖИД

 


URL:

Сэтгэгдэл бичих