МАН-ынхан Хятадуудаас 3 сая ам долларын хахуул авчээ
Азийн хөгжлийн банкны 50 орчим сая ам. долларын санхүүжилтээр Ховд аймгийн Булган сумаас Манхан сум хүртэл зам
тавих тендерийг 2009 оны нэгдүгээр сард зарлаж, мөн оныхоо дөрөвдүгээр сард дүгнэх учиртай байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явна. Энэ нь МАХН доторх улс төр бизнеийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаатай холбоотой аж. Тус намын хамгийн том хотын фракц БНХАУ-ын “Чайна жео инжинеринг” компанийг уг тендерт шалгаруулах ёстой гэж үзжээ. Гэвч тухайн компанид уг тендерийг өгөх нөхцөл бүрдэж өгөхгүй өдий хүрсэн гэнэ. Техникийн нь үзүүлэлтийг аваад үзэхээр тэднийх унадаг. Түүнийг нь арай чүү гээд хил давуулаад ЗТБХБЯ, Сангийн яам руу явуулахаар эдийн засгийнх нь үзүүлэлт паг суудаг зовлонтой гэнэ. Энэ компанийн хувьд урьд нь олон бүтэхгүй зүйл хийсэн талаар тус салбарынхан ярьж байна.
Тэд Чойроос Замын- Үүд хүртэлх авто замын тендерт шалгараад мөнгийг нь салхинд хийсгэсэн муу мөртэй компани аж. Түүгээр зогсохгүй Дэлхийн банк “Чайна жео инжинеринг” компанийг өөрийнхөө зүгээс зарласан ямар нэг тендерт оруулахгүй хэмээсэн мэдээллийг вэб сайтдаа байршуулаад байгаа аж. Польш улсад Дэлхийн банкнаас зарласан тендерт шалгарч ажил авчихаад түүнийгээ хийж чадалгүй ийм нэр хочтой болжээ. Гэтэл манайд бол хүчтэй Шадар сайдын толгойлдог хотын фракцийн дэмжлэгтэй болохоор дээрх замын тендерийг тэд заавал авах ёстой юм байх.
Тэднийг яагаад ингээд байгаа гол шалтгааныг “МАН байр барих гэж тус компаниас гурван сая ам долларыг авахдаа уг тендерт ялуулна” гэж хэлсэн гэх. Ийм тохиролцоогоор ажиллаж байгаа бол замтай болно гэхээсээ илүү хотын фракц мөнгөний машинтай болж байна гэхээс өөрөөр хэлж болохгүй болов уу. Дээрх ойлголтын мөрөөр хууль хяналтынхан орсон талаар зарим нэг хүн хэлж байна. УИХ-ын хаврын чуулган өндөрлөх тэр мөчид Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын тухай хэлэлцэх болоход МАН-ын залуу гишүүд хаацайлаад байсан.
Тэр нь намынхаа байрыг барих гэж гадны компанийг тендерт шалгаруулах нөхцөлөөр гурван сая ам. доллар авсан гэдэг нь илэрчихгээд байсных юм болов уу. Хуулийнхан ч хусахдаа сайн юм даа. Энэ ажлыг ЗТБХБ-ын яаман дээр хариуцан ажиллаж байгаа гол хүн бол хотын фракцын хормойноос зүүгдэж явдаг дэд сайд Д.Пүрэвдорж. Түүний хувьд бол нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга байж байгаад фракцынхаа толгойлогчийн буянаар эл албан тушаал дээр очсон гэдгийг тээврийн салбарынхан хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Түүн дээр хүч нэмж байгаа гол хүн нь нутагтаа “тендерийн мангас гэж нэрлэгдэх болсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт” гэнэ.
Түүний хувьд уг замын тендерт “Чайна жео инжинеринг” компаниас гадана БНХАУ-ын “Hyway” группыг нэмж оруулахаар давхар ажиллаж байгаа аж. Түүний эл үйлдэлд хамгийн их дэмжлэг үзүүлж байгаа албан тушаалтан бол Автозамын газрын орлогч дарга н.Онон хэмээх залуу гэнэ. Ингэж МАН-ын улс төр бизнесийн бүлэглэлүүд ногоон мөнгөний төлөө цагаан хөөсөө цахруулан зүтгэж яваа юм байх аа. Иймэрхүү улс төр бизнесийн бүлэглэлүүдийн хүрээнд одоогийн байдлаар зам ч үгүй зарласан тендер ч үгүй явна. Хөөрхий…
shudarga.mn
URL: