Ордосынхон “Чөтгөртэй хот” гэж хэлүүлэх дургүй
Ордосын шинэ хот Кан Ба Шиг монголчууд бол Хиа багш гэж дуудна. Угаасаа хотын нэр нь Хиа багш. Өвөрмонголчууд өөрсдөө барьж өөрсдөө нэр хайрласан хот. Харин үсэг гэж байдаггүй, үеэр дууддаг хятад хэлний онцлогоос болж Хиа багшийг Кан баши гэж галиглажээ. Дэлхийд байхгүй монгол имиджтэй хотыг бүтээн босгоно хэмээн зорьсон Өвөрмонголчууд маань дэлхий дээрх цорын ганц эзэнгүй хотыг байгуулсан түүх саяхных. Хэдийгээр энэ хот одоогоор эзэнгүй ч үнэхээр гайхамшигтай бүтээн байгуулалт, дэлхийд хосгүй монгол хэв шинжит хот юм байна. Ордосчууд хөгжсөн, баяжсан нь тухайн газар оронд нүүрс, байгалийн хийн асар баялаг орд илэрснээс эхэлдэг. 50 гаруй төрлийн ашигт малтмалтай Ордост 763 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг илрүүлж орхисон нь дөнгөж саяхны гэхээр явдал. Энэ их юмны ил байгаа хэсэг нь гэхэд 149.6 тэрбум тонн, бүх Хятадын нүүрсний нөөцийн зургааны нэг хувийг эзэлнэ. Асуудал ингээд зогссонгүй. Байгалийн хийн илрэл мэдэгдсэн нөөц 800 тэрбум гаруй куб метр, Хятад улсын байгалийн хийн нөөцийн гуравны нэг. Харин өвөрлөгч ахан дүүс минь их эзэн Чингис хаан баруун Ся улсыг дайлахдаа бууж үдэлсэн ариун дэвсэг гэж дотор сэтгэлийн гүндээ сүслэн залбирсаар ирсэн гэнэ. Хожим 1649 онд Чин улсын засгийн газар Ихзуу аймгийг энд байгуулж байсан түүх бий. Харин орчин үеийн Ордосын түүх 2001 оны хоёрдугаар сард Хятадын төрийн зөвлөлийн шийдвэрээр Ихзуу аймгийг татан буулгаж Ордос хотыг байгуулснаар эхэлнэ. Бидний хөтөч Б.Занданхүү эгчийн хэлснээр 2007 онд энэ хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 115.09 тэрбум юань, жилийн дундаж өсөлт 38.3 хувьд хүрсэн байна. Хотын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 мянган ам.доллар хүрч далай дагаж хөгжсөн Хятадын эргийн хотуудын төвшнээс хэдийнэ давжээ. Санхүүгийн орлого 20.08 тэрбум юаньд хүрсэн нь 2001 оныхоос 11.1 дахин, жилийн дундаж өсөлт 49.4 хувь болсон нь Өвөрмонголдоо тэргүүлэх үзүүлэлт. Үндсэндээ бүх Хятад дотроо өндөр өртөгтэй хот. 87 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 1.5 сая хүн амтай Ордос хот Дүншэн дүүрэгтээ төвлөрч, Далад, Зүүнгар, Эзэн хороо, Үүшин, Хангин, Отог, Отгийн өмнөд гэсэн долоон хошуунд хуваарилагдсан орон нутгийн засаг захиргааны нэгжтэй. Тэгэхдээ Ордосын нэг сая 500 гаруй мянган хүний ердөө л 168 мянга нь монгол үндэстэн гэж Б.Зандаа эгч хэлж байв. Ордосынхон уугуул нутгаараа, Хиа багшаараа, шинэ хотоороо бахархдаг. Хөтөчийнхөө ярьснаар энэ хот үүсэн бий болсон тухай өөр нэгэн домгийг сийрүүлэн хүргэе.
Чингийн үед тухайн нутагт Түвшинжаргал гэдэг хошуу ноён байсан гэнэ. Ноёнд ном заасан багш нь нохой Бадрах гэдэг чигч шулуун яриа хөөрөөтэй, цөлх монгол эр байжээ. Бадрах багш нь нэг удаа Түвшинжаргал ноёныг Бээжин рүү морилоход нь бараа болон дагалдах гуйлт мэдүүлсэнд ноён доог тохуу хийгээд өнгөрүүлчихэж. Бадрах уг нь хошуу ноёноо дагаж Чингийн төрийн эзэн хаан, ихэс дээдсийг нүдээр үзэж нүнжгийг нь банжих хүсэл тээж явжээ. Түүний гуйлт ийнхүү хөсөрдсөнд тэрээр хөдөө гэртээ очиж ардын хүүхдүүдийг цуглуулан бичиг зааж суухыг харсан нэг бялдууч хошуу ноёнд хошуу өргөхдөө “Цаадах нохой Бадрах чинь эзэн ноён нүүр таалсангүйд хорсохдоо дугуйлан босгох гэж байна” гэжээ. Ардын сэтгэл эргэвэл асуудал хурцдахыг таасан ноён тэр дор нь элч зарж багшийгаа өргөөндөө дуудуулаад Умардын засгийн эрхтнүүдэд золгохоор явахад нь хиа болж дагалдахыг даалгажээ. Ийнхүү Бадрах багш ноёны хиа болон айлчилж очтол Чингийн төрийн эрх баригчид монголыг мохоон доромжилж хэл үгээр илтэд дайрахыг тэвчилгүй эх нутагтаа үтэр харьж ноёны гэрийг алгасан хөдөө довтолгож гэр сургууль байгуулан ардын хүүхдийг бичиг соёлд сургах ажилд уйгагүй шамдаж. Хожим нь нохой Бадрах ардын дунд хошуу ноёноосоо илүү нэр хүртэж Хиа багш хэмээн алдаршсан гэдэг. Өдгөөгийн Канбаши дүүрэг нь Хиа багшийн гэр сургууль байсан өндөр дэвсэгт байрладаг байна. Ордос хотоос та юу үзэж болох вэ.
ЧИНГИСИЙН ОНГОН
Чингис хааны онгон гэж нэрлэсэн цогцолбор газар бий ажээ. Энэ газар нь Ордос хотын Гандирын тал хэмээх газарт оршдог. Чингисийн Онгон цогцолбор газар нь хоёр хэсгээс бүрддэг юм байна. Нэг нь Онгоны тахилгийн хэсэг. Нөгөө нь Хааны дурсгалын музей. Энэ онгоны тахилыг жил бүр хийдэг бөгөөд өдөржин шөнөжин зул, хүж таслалгүй өргөдөг гэнэ. Мөнх зултай ийм онгон дэлхий дээр өөр байдаггүй гэсэн. Асар том задгай талбайн цогцолбор цэцэрлэг нь Монгол аж ахуйг дүрсэлсэн хүрэл хөшөөгөөр дүүрэн юм билээ. Энд таван хошуу мал, хөсөг тэрэг болон морьтон баатруудын хөшөө ч бас бий. Монгол өргөө гэрүүд нь тус бүртээ өөр өөр утга агуулгатай, жишээ нь номын өргөө, хатны өргөө гээд өөр, өөр. Мэдээж монголчууд бидний хувьд Өвөрмонголд Чингисийн онгон байгаа гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ байхыг ч бас үгүйсгэж таарамгүй мэт санагдсан.
ЭЛСЭН ЦӨЛ
Ордосын газар нутгийн багагүй хэсгийг элсэн цөл эзэлдэг байна. Манай элсэн тасархайгаас бага зэрэг томыг эс тооцвол ялгагдаад байгаа юм алга. Хамгийн том ялгаа нь гэвэл элсэн цөлийг аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж чадсанд оршиж байна. Энэ мэтчилэн Ордосын анхаарал татахуйц бүтээл бүхнийг тоочоод байвал бишгүй их байна. Хамгийн наад зах нь монголчууд биднээс илүү хотынхоо төв талбайд Чингис хааныг төрснөөс өтөлсөн хүртэлх үеийг нь баримлаар сүндэрлүүлэн босгожээ. Түүнийг харахад яг л түүх уншигдах мэт. Ордосоос үзэж харах, сонирхон сонжих зүйл дэндүү олон ажээ.
Д.БОЛОРМАА
Түрүүч нь http://www.polit.mn/content/44323.htm
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: