Ц.Бямбажав генералын суудал өнцөгджээ
“Танк онхолдож гэнэ” гэсэн үг тун хачин сонсогдож байгаа биз. Яагаад энэ мэдээ хачирхал төрүүлж байна гэвэл урьд нь Монголд машин, тэрэг л онхолдлоо гэдгээс биш танк онхолдож байгаагүй болохоор тэр. Харин энэ гаригийг донсолгосон дэлхийн II дайны үед л их буу, минёмотын суманд оногдсон танк сүйрч байсан нь бий байх.
Гэтэл эрэг жалга ч ховор, ээрэм тал газар тэр хүчтэй, суурьтай “амьтан” хөрвөж эрдэнэт хүний амь нас хохирсон нь хэний буруу вэ. Ямар нэгэн далдын хүч үйлчлэв үү. “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэгчээр танк онхолдоно гэдэг таахад бэрх асуудал юм.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байдаг Зэвсэгт хүчний 016 дугаар анги буюу техник хангалтын баазын орчимд тэр хэрэг гарч.
Зарим мэдээллээс харахад танкчид хээрийн сургууль хийж байх үед осол гарсан гэж байгаа юм билээ. Энэ талаар 016 дугаар анги болон цагдаагийн байгууллагынхнаас лавлахад “Тийм осол болж хүний амь эрсдээгүй, гэмтсэн нь үнэн. Хэрэг шалгаж байна” гэхээс илүүг хэлсэнгүй. Бас ЗХЖШ-ынхнаас тодруулга хүсэхэд, “Болсон явдлыг шалгах ажлын хэсэг ослын газарт очсон. Тэднийг ирэхээр мэдээлэл өгөх байх” гэсэн бүрхэгхэн үг сонслоо.
Харин танктай дайчид ангийн байрлалаас гадуур сургуулилт хийхээр танкууд цуваанд орж явах ёстой ч ЗХЖШ-аас уг цувааг ахалж явах ёстой хүн нь очоогүйгээс албан хаагчид дур мэдэн давхилдаж тийм осолд орсон гэдэг мэдээллийг эх сурвалж хэлж байна. Тэгэхээр танк онхолдуулсан нь жирийн цэрэг, албан хаагчдын буруу биш зэвсэгт хүчний жанжин штабынханд шууд хамааралтай болж таараад байна.
Бүр тодорхой хэлбэл, Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын буруу гэж хэлэхэд онох байх. “Зуд ирвэл хуц ухнандаа” гэсэн хэлц үг ч байдаг шүү дээ. Яг үүнтэй дүйх ойрын жишээ ч бас бий.
Урьдчилан хорих 461 дүгээр анги буюу төв шоронд сэжигтэн гэнэт нас барсны төлөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргыг ажлаас нь халсан нь саяхан. Үүнийг олон түмэн шударга ёс хэрэгжиж байна гэж хүлээж авсан.
Ингээд бодохоор Бямбажав генерал миний буруу биш гэж хэлэхгүй биз. Өөртэй нь холбоотой болохгүй бүтэхгүй хэрэг явдал урьд өмнө нь зөндөө дуулддаг, бичигддэг. Тэр бүхэнд өөрөө хариу өгөлгүй генерал цолондоо дулдуйдаж явсаар өдий хүрсэн. Хэн нэгний татаа, түлхээ ч гэж боддог юм уу. Мөн саяхан даа. Барилга дээр ажиллуулж байсан хэдэн бор цэрэг нь хятадын хар ажилчдад зодуулж сүрхий гэмтэж бэртсэн дуулиан намжаагүй байна. Энэ талаар ЗХЖШ-ын командлагчийн хувиар генерал гуайн үг үгүйлэгдсээр байгаа.
Бас цэргийн анги нэгтгэлд байдаг дэглэлт, дарамтаас болж амь насаа алдсан, бэртэж, гэмтсэн тахир дутуу болсон тохиолдол цөөнгүй байдаг.
Тэр бүхэн эцсийн эцэст Монголын зэвсэгт хүчний нэгдсэн зохион байгуулалт сул, цэргийн албан хаагчдын сахилга харуцлага доод төвшинд очжээ гэдгийг харуулаад байгаа юм.
Иймийг бодоод Ц.Бямбажав генералыг лам юм уу бөөд очиж заяа төөргөө үзүүлэх юм бол “Таны суудал өнцөгджээ. Засал дом авахаасаа хэтэрч. Харин албан тушаалаасаа хэлтэрч мөрдэстэй хувцсаа тайл. Алба хаах хугацаа чинь аль хэдийнэ дуусчихсан” гэх болов уу.
Жирийнээр бодоход Жанжин штабын эрхэм даргын суудал Ц.Бямбажав гэдэг эрхэмд хатууджээ.
Ц.ЖАРГАЛСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: