УКРАИН ХИЛИЙНХЭЭ ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХААЛАА

УКРАИНУкраины Үндэсний гвардийн дайчид Ерөнхийлөгч Петр Порошенкод хандаж ОХУ-тай хаяа нийлж буй хилийг хаах, тус улсын зүүн өмнөд хэсэгт онц байдал тогтоох хүсэлт илгээжээ. Тэдний үзэж байгаагаар төрийн тэргүүн ийм алхам хийх зайлшгүй шаардлагатай байгаа гэнэ. Учир нь ОХУ Украины эсрэг зарлаагүй дайныг террорист арга хэлбэрээр аль эртээс хийж эхэлсэн хэмээн тэд тооцож байгаа аж.

Үндэсний гвардынхан “ОХУ, Украины хоорондох хилийг яаралтай хааж, тухайн бүс нутгуудад онц байдал зарлаж Украины зэвсэгт хүчин өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэд НҮБ-д хандан ОХУ түрэмгийлэл үйлдэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой гэж үзэж байна. Гэвч энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Украины Ерөнхийлөгч ОХУ-тай хиллэж буй газар нутгийн хилийг хаах шийдвэр гаргажээ.
Украины Батлан хамгаалахын сайд Михаил Коваль “ОХУ-тай хиллэж буй 250 км урт хилийн дагуу тус улсын хүчнийхэн болон хилчид хяналтаа тогтоогоод байна” хэмээн мэдэгдлээ. “Ерөнхийлөгч тодорхой зорилтуудыг тодорхойлсон, харин үүнийг бид бүрэн хэмжээгээр биелүүлэх болно. Бид хяналтад байгаа хилийн бүсүүдэд улсын хилийн албаны шаардлагатай объектуудыг ойрын хугацаанд хилчидтэйгээ хамтран сэргээх болно. Ердөө хэдхэн хоногийн өмнө улсын хилийн тухайн хэсгийг хааж, хилийн орчны бүсийг тогтоогоод байна” хэмээн тэрбээр онцолжээ.

Тус улсын экс Ерөнхийлөгч Александр Турчинов урьд нь ОХУ-тай хиллэдэг Луганск болон Донецк мужийн хилийн тухайн хэсгийг хаах шийдвэр гаргаж байсан билээ. Ингэснээр хилээр зэвсэг техник болон террористуудын орж ирэх боломжийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадсан юм.

Гэхдээ хилийн тодорхой хэсгийг хаах шийдвэрийг ганц Украин төдийгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Нормандад Порошенкотой уулзсаныхаа дараа буюу энэ сарын 7-нд үүний нэгэн адил шийдвэр гаргаж хилээ хаах тухай захирамжилж байсан юм. Ингэхээр Донбасст үргэлжилж байсан байлдааны ажиллагааны улмаас хилээ хаах асуудлаар хоёр Ерөнхийлөгч нэгдсэн шийдэлд хүрсэн нь энэ боллоо хэмээн ажиглагчид онцолж байгаа юм.

Энэхүү уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдэхдээ “Бид энэхүү уулзалтынхаа явцад гурван асуудлаар тохиролцоонд хүрч чадлаа. Юуны түрүүнд ОХУ-ын төлөөлөгчид Киевт ирж нөхцөл байдлыг тайван замаар тогтворжуулах төлөвлөгөөг хамтран хэлэлцэхэээр боллоо. Түүнчлэн бид одоо ОлУ-ын зэвсэгт хүчин Украины газар нутагт ямар нэг цэргийн үйл ажиллагаа явуулахгүй гэсэн шийдвэр гаргахыг хүлээж байна. Эцэст нь зэвсэгт мөргөлдөөн болж байгаа газар нутаг дахь хилийн зурвасуудаа хаахаар тохиролцдоо” хэмээн мэдэгдэж байсан юм.

Үүнээс урьд Киев ОХУ-ыг Донбасст зэвсэг ниилүүлж байгаа, Украины армийн эсрэг дайтах хүмүүсийг хууль бусаар хил давуулж байна хэмээн хэдэнтээ буруутгаж байсан билээ.

 

 

П.БУЛГАН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих