Нас барсан хүнийг яллах нь шүүхийн шинэчлэл үү?

 6-17-2Монголчууд бид бурхан болсон нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, ясыг нь  өндөлзүүлэхгүй байхыг боддог ёс журамтай ард түмэн юм. Тиймээс ч мөнх  бусыг үзүүлсэн хүний  хэргийг хэрэгсэхгүй болгож, хаадаг жишиг шүүх  байгууллагад тогтсон байлаа.Байлаа  гэхийн учир нь шинэчлэл гэдгийг хамгийн их  ярьж  байгаа  манай шүүхийнхэн өнгөрсөн долоо хоногт анх удаа  нас барсан хүнийг шүүж, гэм буруутайг нь тогтоов.

Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан болон “Тэнгри холдинг” компанийн захирал  Х.Анхбаяр, тус компанийн  хоёр менежерт холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны  хоёрдугаар шүүхэд хоёр өдрийн турш хэлэлцсэн юм. Шүүх бүрэлдэхүүн Д.Амарсайхан агсныг буруутай гэж  үзсэн ч  нас барсан учир хэргийг нь хааж  байгаагаа дуулгав.

Хэргийг нь хаахдаа “Тэнгри холдинг” компаниас хахуульд авсан байж болох “Роял грийн вилла” хотхоны орон сууцыг, гараашийн хамт  хураан  авч  улсын орлого болгохоор  шийджээХүний  эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан улсын шүүх тогтолцоотой байхыг эрхэмлэнэ гэж  ярьж байгаа манай хууль, шүүхийнхэн ийнхүү  бурхан болсон  нэгнийг шүүж гэм буруутайг нь тогтоогоод, эд хөрөнгийг нь ч хураан авах шийдвэр гаргаж байх юм.

Үндсэн эрхээ зөрчүүлж хорих байранд нас барсан нь асуудал дагуулсны дараа Д.Амарсайхан агсны шүүх хурлыг нөхөн хийж буруутай гэж  үзсэн нь “ Энэ хүн ямар ч байсан буруутай” гэж нийгэмд тараах гэсэн зорилго байсан гэдгийг талийгаачтай ойр байсан хүмүүс хэлж буй юм. Бүр цаашилбал манай шүүхийнхэн бөөгийн зан үйлээр дамжуулан бурхан болсон  хүний сүнсийг нь дуудаж байгаад шүүх хурал хийж мэдэх нь. Иргэн бүртээ эрх тэгш, шударга, хүмүүнлэг шүүхийн тогтолцоотой болж  шинэчлэгдэхэд цаг хугацаа нэлээд өнгөрөх бололтой. Нас барсан хүнийг шүүж гэм буруутайг нь  тогтоох нь лав  шүүхийн шинэчлэл биш  байх.

Д.СОДОН

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих