Ш.Түвдэндорж, Х.Баттулга нарын харилцаа таагүй байна

13219_868Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг хамгийн ихээр татсан асуудал нь Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох үйл явц байлаа. Түүнийг сайд болсонд МАН-ынхнаас гадна “Женко” Х.Баттулга ихээхэн дургүй байгаа гэнэ.

Ш.Түвдэндоржийн хувьд АН доторх МОАХ фракцад харъяалагддаг. Тиймдээ ч түүнийг сайд болгох саналыг Х.Баттулга гаргасан гэсэн таамаг олны дунд байсан. Харин Х.Баттулга энэ яриаг эрс үгүйсгэж “Би Түвдэндоржийг сайдад дэмжихгүй. Яагаад гэвэл нэгд тэр МоАХ-ныхонтойгоо зөвлөлдөөгүй. Хоёрт, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх эрхтэй гэдгээр гул барин тэр хүн Алтангадас, Алтанхуяг гэдэг хувь улстөрчийн урхинд гүйн орж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Гуравт, Түвдэндорждоо ч биш, би өөрөө давхар дээлийг эсэргүүцэж кноп дарчихаад, өргөдлөө өгч засгаас гарчихаад өрөөлийг давхар дээлтэй байхыг дэмжих нь зарчимд таарахгүй” гэсэн.

Түүний хувьд “давхар дээл”-ийг эсэргүүцэж сайдын албан тушаалаасаа татгалзсан учраас дахин “давхар дээл”-тэй хүнийг өөрийнхөө оронд санал болгохгүй гэжээ. Мөн Ш.Түвдэндорж нь сайдын албан тушаалд очихын тулд Н.Алтанхуяг дээр өөрөө гүйгээд очсон байх юм. Тиймээс цаашид түүнтэй харьцаад байх шаардлагагүй гэдэг санааг мөн илэрхийлжээ.
Тэгвэл Ш.Түвдэндоржийн хувьд фракцийнхаа тэргүүнтэй муудалцсан гэдгээ ч мөн нуусангүй. Тэрбээр сүүлийн үед Х.Баттулгатай утсаар ярихгүй мессежээр л харилцаж байгаа аж. Мөн харилцаа нь нилээн таарамж муутай байгаа гэнэ. Удахгүй МОАХ ээлжит хуралдаанаа хийж Ш.Түвдэндоржийн асуудлыг хэлэлцэх юм байна. Уг хурлаар Ш.Түвдэндоржийн сайдын албан тушаалд очсон шийдвэрийн зөв, буруу байсныг шүүх гэнэ.

mongolcomment


URL:

Сэтгэгдэл бичих