Г.Өсөхбаярын хэлмэгдсэнийг хуулийн төслөөр цагаатгав
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэнээр далай аварга цолыг урдын адил чимэг хэвээр нь үлдээхээр тогтлоо. Тодруулж хэлбэл, үндэсний бөхийн түүхэнд чимэг болон дагалдаж ирсэн далай аварга гэдэг тодотголыг 2003 онд Үндэсний баяр наадмын тухай хууль боловсруулахдаа цол болгож нэмэгдүүлснээс хойш есөн жилийн хугацааг туулжээ. Гэвч энэ хугацаанд монгол бөхийн оргил цолтон төрсөнгүй. Тэр ч бүү хэл 1990 онд Б.Бат-Эрдэнэ дархан аварга цол хүртсэнээс хойш 24 жилийн хугацаанд энэ цолонд хэн ч хүрсэнгүй. Цаашид С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарыг тус бүр гурав түрүүлэхийг хүлээхэд багаар бодоход гурван жил хүлээх шаардлагатай болно.
Тэгэхээр сүүлийн 30 орчим жил монгол бөхийн дархан аварга цолтон төрөхгүй гэсэн үг. Үүнээс гадна үндэсний бөхийн барилдааны хэв маяг, арга техник мэргэжлийн төвшинд хүртэл хөгжсөн энэ цаг үед есөн даваатай наадамд тавантаа босоо үлдэх хүчтэн хэд төрөх нь бүр ч ойлгомжгүй. Мэдээж, үндэсний бөхийн спорт мэргэжлийн төвшинд хүрч буй нь сайн хэрэг боловч тэндний амжилтыг үнэлэх, цол чимэг олгох шийдвэр нь хамгийн ардчилалгүй хийгээд жалга довны үзлээр ханддаг байдал одоо хэр нь байсаар л байгаа. Тийм учраас XXI зууны спорт ийм явцуу хөгжилтэй, шударга бус үнэлэмжтэй байж болохгүй нь угаас тодорхой. Энэ мэт шалтгааныг үндэс болгож, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүний санаачилсан хуулийн төслийг хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр УИХ баталж байна.
Түүнчлэн хууль санаачлагчдын зүгээс “Таван удаа тав давсан бөхөд харцага цол өгнө, таван удаа зургаа давсан хүнд заан цол өгнө” гэсэн заалтыг анхны хэлэлцүүлэгт оруулж ирж байв. Гэвч энэ нь үндэсний бөхийн даваа бүр цолтой байна гэсэнтэй зөрчилдөж байсан юм. Тиймээс энэ удаад хууль тогтоох дээд байгууллагаас дан ганц далай аварга цолыг хасах нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байна. Үүнд бөх судлаачид болоод Монголын үндэсний бөхийн холбооны зүгээс нэгдмэл байр суурьтай байгаа аж. Ингэснээр төрийнхөө их баяр наадамд дөрвөн удаа ес даван түрүүлж, гурван удаа найм даван шөвгөрсөн Г.Өсөхбаяр, 10 даваатай наадамд нэг, есөн даваатай наадамд хоёр түрүүлсэн А.Сүхбат нар дархан аварга цолыг хүртэхээр болж байна. Түүнчлэн энэ хоёр хүчтэн энэ зууны ууган дархан аварга цолтон болж бөхийн түүхэнд тод үсгээр бичигдэн үлдэх нь.
Үнэндээ үндэсний бөхийн бүх цаг үед төрийн их баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн бөх дархан аварга цолгүй үлдсэн цор ганцхан тохиолдол нь Г.Өсөхбаяр байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд тэрбээр хэлмэгдээд байсан гэсэн үг. Тэгвэл цөөн тооны иргэн “Р.Гончигдорж нутгийн дүү Г.Өсөхбаярыг дархан аварга болгох гэж дайрлаа” хэмээн шүүмжилж буй. Энэ бол газар авахгүй хийгээд үндэслэлгүй яриа гэдгийг олонхи нь ойлгоно. Тэгвэл үндэсний бөхийн түүх сөхөж үзвэл Ардын хувьсгалын түүхэн он жилүүдээс үндэсний бөхийн аварга цолыг 21 хүн хүртээд буй. Үүнээс долоо нь дархан аварга, тав нь даян аварга, хоёр далай аварга, найман бөх улсын аварга цол хүртжээ. Дархан аварга цол хүртсэн долоон хүн дунд хоёр түрүүлж энэ цолонд хүрсэн тохолдол ч бий. Тухайлбал, дархан аварга Ш.Батсуурь 1947, 1948 онд түрүүлж, 1949, 1953, 1958 онд үзүүрлэсэн байдаг юм.
1951 оны наадмаар найм давж дөрөвт үлдсэн. Харин 1963 онд зургаа давахад нь дархан цол олгосон удаатай. Мөн Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх 1968 оны наадамд анх түрүүлэн аварга, 1971 онд хоёр дахиа түрүүлээд дархан аварга цолоор мялаалж байжээ. Ингэхээр үлдсэн найман түрүүгээ дархан аварга цолтой түрүүлсэн гэсэн үг. Д.Цэрэнтогтох аваргын хувьд 1978, 1980 онд түрүүлж, 1981 онд үзүүрлэсэн амжилтаар дархан аварга цолонд хүрч, үлдсэн хоёр түрүүгээ энэ цолтойгоор барилдаж байжээ. Тэгвэл үндэсний бөхийн түүхэнд дөрвөн удаа түрүүлж байж энэ цолонд хүрсэн буюу Г.Өсөхбаяр аваргын өнөө цагийн гаргасан амжилтаар дархан аварга цол хүртсэн ганц бөх нь Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат болж байна. Тэрбээр улсын наадамд 1963, 1964, 1965 онд гурав дараалан түрүүлж байж аварга цолтны эгнээнд багтсан бол 1966 онд дахин түрүүлэхэд нь дархан аварга цол олгож байжээ. Энэ цолны үнэмлэхийг гардаж авсны дараа хоёр удаа улсын наадмын түрүү бөхөөр тодорч байжээ.
Тэгвэл улсын баяр наадмаар ганц түрүүлж аварга цол хүртсэн Г.Самдан, Н.Жамъян, Ж.Цэвээнравдан, С.Цэрэн, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр гээд цөөнгүй бөх бий. Зөвхөн энэ баримтаас харахад үндэсний бөхийн цол хэргэм хэрхэн харилцан адилгүй хийгээд тогтсон жаяг дэггүй явж ирснийг харуулж байна.
URL: