ГҮНЖИЙН АМАН ДАХЬ НОГООН БҮСЭД ХУВИЙН ХАУСНУУД ОЛНООР СҮНДЭРЛЭЖЭЭ

d1Сүхбаатар дүүргийн XIX, XX хорооны нутаг дэвсгэр дэх зуслангийн газруудад баригдаж байгаа барилга байгууламжтай Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа болон тус дүүргийн газрын албаны байцаагч нар очиж танилцлаа. XIX хорооны нутагт дэвсгэр дэх Гүнжийн амыг зориход тус амын ногоон бүсэд нэлээд олон барилгын ажил явагдаж байсан юм. Уг барилгын ажлыг явуулж байгаа иргэдтэй уулзахад “Хувь хүний байшин баригдаж байгаа. Одоо хариуцсан хүн байхгүй байна. Бид мэдэхгүй” гэсэн хариултыг өгч байсан. Энэхүү Гүнжийн аман дахь ногоон бүсэд “”Экологи Сэлбэ Гүнжийн рашаан ойн нөхөрлөл” гэж байгуулагджээ.

Үүгээрээ ногоон бүсийг хамгааалах зорилготой аж. Гэвч тус нөхөрлөл ойг хамгаалах бус, харин сүйтгэх ажиллагаа явуулж байна. Тус ногоон бүсэд газар олголт ихээр хийгдэж байшин барилга, зам, гүний худаг нэлээдгүй ухаж байсан юм. Харин “Экологи Сэлбэ Гүнжийн рашаан ойн нөхөрлөл”-өөс ямар ч арга хэмжээ авдаггүй аж. Гүнжийн аманд ихэвчлэн хувийн хаус баригдаж байлаа. Мөн ногоон бүсэд хашаа татаж гэр барьсантай ч таарав. Ойн байгаль хамгаалагч П.Баярсайхантай уулзахад “Энэ аманд анх “Экологи Сэлбэ Гүнжийн рашаан ойн нөхөрлөл” гэж байгуулагдсан. Энэхүү нөхөрлөл нь ой хамгаалж, нөхөн сэргээх зорилгоор байгуулагдсан боловч өнөөдөр энэ чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байна.

Өнөөдөр Гүнжийн ам айлаар дүүрэх нь гэж хэлж болохоор байна. Нөхөрлөл нь зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Энэхүү нөхөрлөлийн асуудлыг Засгийн газрын тогтоолын дагуу татан буулгах хэрэгтэй. Энд баригдаж байгаа барилга байгууламжинд хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгээд явж байгаа. Энэ онд баригдаж байгаа барилгуудтай холбоотой арваад иргэдэд 12 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Барилга барьж байгаа иргэд өвс ургамлыг маш ихээр устгаж байна. Мөнгөн торгууль тавихаар төлчихөөд барилгын үйл ажиллагаагаа явуулаад байдаг. Би торгуулийн арга хэмжээ авах үүрэгтэй, өөр ямар ч боломж байдаггүй. Газрын алба зөвшөөрөл өгчихсөн учраас арга хэмжээ авахад хэцүү. Өнгөрсөн жил зарим барилга нь нураах жагсаалтад орсон. Гэвч одоогоор нэгийг нь ч нураагаагүй байна. Ногоон бүсэд барилга байгууламж бариулах зөвшөөрөл өгөхгүй байх хэрэгтэй. Мөн ногоон бүсэд барилга байгууламж барьсан тохиолдолд мөнгөн торгууль болон хариуцлагыг нь өндөр болгох шаардлагатай байна.

Одоогоор Гүнжийн аманд арваад барилга шинээр баригдаж байна. Харин баригдаж ашиглалтад орсон 20-иод барилга байна” гэлээ. Зөвшөөрөлгүй татсан хашаануудыг бүгдийг нь буулгана Сүхбаатар дуүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяагаас дараахь асуултад хариулт авлаа.

-Танай дүүргийн ногоон бүсэд болон зуслангийн газарт барилга байгууламж нэлээдгүй баригдаж байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Хоёр ажлын хэсэг гарч шалгалт хийж байгаа. Уулын ам болон газрыг том хашаа барьж хаагаад иргэдийг оруулахгүй байна. Үүнийг нь шалгаад үзэхээр ямар ч зөвшөөрөлгүй байхаас гадна иргэдээс газар худалдаалж наймаа хийж байна гэсэн гомдол ихиржбайна. Иймээс бид өөрийн газар нутаг дээр шалгалтын ажиллагаа явуулсан. Энэхүү шалгалтаар нэлээд их зөрчил гарсан. Нийтийн эзэмшлийн зам талбайг хаачихаад иргэдийг зуслан руу нь явуулахгүй байна. Иймээс энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. Зөвшөөрөлгүй татсан хашаануудыг бүгдийг нь буулгана.

-Хичнээн газарт хууль бусаар хашаа татсан байна?
-40-өөд газар байгаа. Ихэвчлэн томоохон компаниуд байдаг. Эдгээр газрууд хууль бусаар юм хийхдээ мөнгөөр шийдэх гээд байдаг юм. Иргэд том хэмжээний газарт хашаа татахгүй.

-Нийтдээ хичнээн хэмжээний газрыг хашсан байдалтай байгаа вэ?

-Хамгийн багадаа 1-4 га газрыг хашсан байна. Ер нь янз бүрээр хашиж хамгаалж авсан байдаг. Эдгээр хашсан газрууд дүүргээс зөвшөөрөл аваагүй, дүүргийн газрын санд мэдээлэл байхгүй, татвар мөнгөө төлөөгүй байгаа.

-Нөхөрлөл байгуулж ой хамгаалах нэрээр газар олгож, байшин барилга нэлээд барьсан байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Зуслангийн бүсэд Ойн тухай хуулиар нөхерлөл байгуулж үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор зургаан нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнээс XIX хороон дээр тав, харин XX хороон дээр нэг нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нөхөрлөлийн гол зорилго ойр орчмынхоо газрыг хамгаалж нөхөн сэргээх үүрэгтэй юм. Гэтэл энэ үүргээ сайн биелүүлэхгүй байна.

-Нөхөрлөл хамгаалах ёстой газарт байшин барилга барих гэрчилгээ гарчихсан зөвшөөрөлтэй гээд үйл ажиллагаа явуулж байна. Зөвшөөрлийг нь хаанаас олгодог юм бэ?
-Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дүгнэлт болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирсэн дүгнэлтийг үндэслэн газар олгож байгаа. Энэ хоёр дүгнэлттэй ирэхээр газрын алба газрыг олгодог. Нэг үгээр хэлбэл дээрх хоёр газрын дүгнэлтийг үндэслэн газар олгогдог юм. Харин дүгнэлтгүй тохиолдолд газар олгохгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж байгаа. Энэ нь ногоон бүсэд газар эзэмшихтэй холбоотойгоор гарсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин ногоон хөгжлийн газрын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшүүлж болохгүй гэсэн байгаа. Тэр дундаа Ойн тухай хуулийг баримталж, ойн захаас 100 метрийн зайд буюу гол бүсийн савд нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дүгнэлтгүйгээр ямар нэгэн газар олголт хийгдсэн бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ гэсэн зохиоцуулалт байгаа. Харин дээрх газруудын дүгнэлт гарчихсан учраас зарим нэг газарт газар ололт хийгдсэн байгаа. Үүнийг нэмэгдүүлэхгүй байхаар ажйллаж байна.

-Хууль бусаар барилгын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд болон аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн шаардлага тавьсан уу?
-Ер нь мэдэгдэх хуудас шаардлага хүргүүлсэн байгаа. Хууль бусаар газар эзэмшиж байгаа асуудпаа шийдвэрлэх, хашаагаа буулгах, хэрэв буулгаж авахгүй бол албадан буулгах ажиллагаа явуулна.

-Шалгалтын ажиллагаа явуулсан гэж байна. Хэзээнээс хийгдсэн бэ?
-Өнгөрсөн онд ногоон бүсэд шалгалтын ажиллагаа явуулсан байгаа. Харин энэ жил зуслангийн бүх газар нутгийг хамруулж байна.

 

 

Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих