Я.Санжмятав сайд 30-аад хүний бүрэлдэхүүнтэй АНУ-д 10 хоног аялахаар явжээ
Улс орны эдийн засаг хямарч, гадаад валютын ханш тэнгэрт хадаж, иргэдийн амьжиргааны түвшин өдрөөс өдөрт доройтон цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд орчихлоо.
Энэ л үед Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн гэнэт сэрсэн аятай “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” гээчийг зарласан. Зарласан хугацаа нь бараг талдаа орчихоод байхад доривтой хийж бүтээсэн ажил одоогоор харагдахгүй л байна. Иргэд өлсч, нохойн хоол хүртэл идэж байгаа сураг дуулдах.
Хаа сайгүй төсөв мөнгөө танаж, цомхтгол явагдаж, ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Уг нь энэ л үед голлох байр суурийг эзлэж, ажилтай орлоготой иргэдийг нэмэгдүүлэх ёстой Хөдөлмөрийн яам юу хийж байна вэ. Эх оронд нь ийн ажилгүйдэл, өрийн дарамт нүүрлээд байхад салбарын сайд Я.Санжмятав АНУ орныг зорьсон байх юм.
Тэрбээр өнгөрсөн сард дэлхийн хамгийн баян, өртөг өндөртэй орон болох Швейцарь улсад Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын хамт очиж, хуралд суучихаад ирсэн.
Сайд дарга нарын гадаад томилолтод төсвийн мөнгө урсах шиг л болж байна. Уг нь тэд анх гарч ирэхдээ төсвийн мөнгөө хэмнэж, амралтын өдөр гэж байхгүйгээр улс орныхоо төлөө морь нохой мэт зүтгэнэ гэж байсансан.
Гэвч айлчлал, албан томилолт нэрээр улсаас улс дамжин сургалт семнарыг ч алгасалгүй дэлхийг тойрсоор.
Энэ удаа Хөдөлмөрийн сайд АНУ-ыг ганцаараа зорьсонгүй. Ажлын хэсэг, урлагийн бригад нийлсэн 30-аад хүний бүрэлдэхүүнтэй. Тэд Монгол орны бүтээн байгуулалтад тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ мэдлэг, туршлагыг ашиглах, оролцоог өсгөн нэмэгдүүлэх, санал бодлыг сонсон төрийн шийдвэрт туслах, манай улсад эрэлт хэрэгцээтэй байгаа ажил мэргэжлийн болон хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх, хөдөлмөр зуучлалын электрон биржийг иргэддээ танилцуулж, ЭСЯ болон ЕКГ байршуулан тoгтмoл ажиллуулах, манай иргэдийг олноор ажиллуулдаг гадна, дотны ажил олгогч нарт төрийн зүгээс хүндэтгэл үзүүлэх зорилго бүхий иргэд, Монгол холбоодтойгоо хийх уулзалт , өдөрлөгийг зохин байгуулах юм гэнэ.
Уулзалт өдөрлөгийн үеэр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тэргүүтэй манай соёл, урлагийн салбарын шилдгүүд уран бүтээлээрээ Америкт байгаа Монголчуудтайгаа учран золгох юм байх. “ТАХ” төлбөргүй гэж байгаа.
АНУ-ыг зорьсон тэд төсвийн мөнгөнөөс хэдий хэмжээний зардал гаргаж яваа нь одоогоор тодорхой бус.
Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын 18 төлөөлөгч Бризил улсад болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийг үзэхээр явах онгоцны тийз нь л 180 сая төгрөгийн төсөвтай байсан нь асуудал дагуулсан.
Бризил явах 18 хүний зөвхөн замын зардал нь тийм хэмжээний мөнгө байгаа юм чинь АНУ явах замын зардлаас гадна 10-аад хоногийн аялалын хоол хүнс, буудал, арга хэмжээг зохион байгуулах зардал энэ тэрд хэдий хэмжээний мөнгө үрэгдэж байгаа бол…
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав гадаадад ажиллаж амьдраад хөлөө олчихсон иргэдийнхээ байр суурийг сонсохоор явж байхаар эх нутагтаа ажилгүй орлогогүй өдөр хоногийг аргацааж байгаа иргэдтэйгаа уулзсан бол гэсэн бодол хэн хүнд төрөх биз.
Я.Санжмятав сайдаар ахлуулан явж буй аялалын баг дараах маршрутаар явах юм байна.
Вашингтон ДС хотноо зургадугаар сарын 15 ны өдөр DOME THEATRE 1101 Wilson Boulevard, Arlington, VA 22209 Утас: 703-875-1100
Сан Франциско хотноо 2014 оны зургадугаар сарын 21-ний 11 цагт Allergo Ballroom, 5855 Cristie AVE, Emeryville, CA Утас: 510-655-2888
М.Нандин Uls.mn
URL: