Харамсал дагуулсан уцаар

527-14028842615369055534fd1773d59491Өөртөө тохиолдсон бүтэлгүй явдлын дараагаар “Хэрвээ тэр тэгээгүй бол, надад ийм зүйл тохиолдохгүй л байсан шүү дээ” хэмээн харамсан бодож, бүтэлгүй явдлын буруутангаар хэн нэгнийг “тодорхойлж” тэр л хүндээ уур уцаараа гаргадаг, харамсал дагуулсан урт бодлын харгуйдаа ямагт өс санаж, шүд зууж явдаг хүмүүс бишгүй бий.

Өс хонзон ингэж л үүсдэг. Бодох тусам л дургүй нь хүрээд мартагдахгүй байгаа тэр хүнээ ямагт үзэн ядаж, “хэзээ нэгэн цагт баларч дуусахыг нь” отон хүлээж, алдаа болгоныг нь “бах” болгон бусдад муучилж “хариугаа авдаг” хүмүүс ч зөндөө бий.

Атаархал хорсол ингэж өрнөдөг. Давчхан бодлын бачимхан сэтгэлгээнд хүмүүс өөрсдөө ийн “бүдэрч”, бүдрэх тоолондоо бухимдан цухалдаж, өөрийгөө бас өрөөлийг зовооно. Сэтгэл доторх “хар хор” ингэж л тогтдог.

Амьдралд тохиолдож байгаа сайн муу бүх л учралууд заавал уялдаа холбоотой байдаг. Өнөөдөр танд учирч байгаа муу мэт тохиолдлууд таныг ухааруулах гэж тохиодог байж болох. Азгүй мэт зарим тохиолдлууд таныг хатуужуулах гэж ирдэг байж болох.

Золгүй гэмээр зарим тохиолдлууд таныг үүнээс ч муугаар төгсөж болох үйлдлээс аварч байж болох. “Тэр үед тэгсэн бол ямар гоё байж болох байв аа” гэх харуусал, хожмын нэгэн өдөр ухаарал болгоомжлол болон сэтгэлд тань шингэсэн болохыг анзаарч, өөртөө баярлах үе зөндөө.

Тэр нэгэн үед гарцгүй мэт мухардан шаналж байсан зовлон, хожмын үед зөндөө олон боломжуудыг танд нээж, ухаан санааг тань тэлсэн байх тохиол зөндөө.  Тэрхэн үедээ үзэн ядаж, хэзээ ч мартахгүйгээр “хонзон санаж” байсан хэн нэгэнд хожмын өдөр талархаж, уучлах сэтгэл төрүүлэх үе зөндөө. “Цаг цагаараа байдагүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” хэмээн ухаант мэргэн өвөг дээдэс бидэнд дэмий нэг сануулаагүй.

Хүмүүн бидэнд сайн муу тохиолдлуудыг ээлжлэн үзүүлдэг амьдрал тун ч баян ертөнц. Заримдаа анзаарах ахул амьдрал өөрөө биднийг ямагт “шалгаж” байдаг мэт. “Хэрвээ энэ хүн үүнийг тэсч, давж гарвал” хэмээн, илүү сайн боломжуудыг бидний өмнө хөлөг дээр өрсөн шатар шиг л тавьж орхино.

Хэрэв давж эс чадвал, илүү сайн боломжуудыг санал болгохгүй л болов уу? “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж өвөг дээдэс минь бидэнд үүнийг л сануулсан буйз. Тэрхэн үед таны сэтгэлд “сөнөсөн гариг” мэт санагдаж байсан өдрүүд алсарч, “гайхамшигт гариг” мэт санагдах тэр л орон зайд бидний хувь тавилан хэлбэлзэж байдаг.

Уялдаа холбоогүй, учиг зангилаагүй тохиол энэ ертөнцөд огт үгүй. Хэцүү муу тохиол бүхнийг “болох ёстой зүйл болж”, “тохиолдох ёстой зүйл тохиолджээ” хэмээн уужуу ухаанаар хүлээж авч чаддаг болж гэмээ нь таны сэтгэл амар амгалан байх болно.

Хэнийг ч үзэн ядаж, хэнд ч хонзон санахгүй. Ухаарал, ууч сэтгэл ямагт хөтлөлцж явдаг. Тийм болохоор л амьдрал гэдэг дэндүү сайхан, баярлан талархаж, хайрлан уярмаар.

Хэрүүлд хэн ч “Ялдаггүй”

…Хүмүүс бид элдэв асуудлаас болж бишгүй маргалдаж, “хурцадсан” үедээ дуугаа ихэд өндөрсгөн хэрэлддэг. Уурлаж бухимдахынхаа хэрээр дуугаа өндөрсгөн хашгичиж байгаа нь “чихэнд нь” сонсгох гэж байгаадаа бус, сэтгэл зүрх нь хэт холдсоных нь илрэл байдаг гэдэг.

Хайрлаж итгэж байгаа зүрх шивнэж байхад ч сонсдог бол, хайр итгэл нь холдсон үед хичнээн чангаар хашгиравч зүрх нь түүнийг үл сонсдог гэнэм. Тэгээд л хүмүүс чанга чанга дуугаар хашгирч хэрэлдэнэ. Хүмүүс тэдний хэрэлдэхийг сонсоод “чихээ даран” холдмоор байх авч, сониучхан зандаа хэн нь хэнийгээ ялахыг мэдэх гэж холдож чаддаггүй.

Хэхэхэ, магадгүй дараа нь хэн нэгэнтэй муудалцаж хэрэлдэхдээ “хэрэг болуужин” хэмээн муу үгсийг нь алгасалгүй сонсож цээжиндээ  “тогтооно”. Хожим түүнд хэрэг болох нь ч бий, эс хэрэг болох нь ч бий. Гэхдээ л хүмүүсийн сэтгэлийн чанадад хэрүүлийн мунхаг үгс, голын эргийн бохир ус эргэндээ давалгаалан цохилох шиг тогтох нь бий.

Хэн нэгэнтэй хэрэлдэх гэж зорьж очихдоо, өдөөгч нэгэн бүхнийг урьдчилан тооцоолдог. Намайг ингэж хашгирч занахад тэрээр “хуц” гэж хэлнэ. Хариуд нь би “уль” хэлэхдээ урьдын муу муухайг нь “шившиг” болгон дэлгэнэ гэж төлөвлөдөг.

Хэрэв ёсоор болбол  багадаа “нусгай” байсныг нь, магад хэн нэгний өмнө хөглөж байсныг нь, балчирхан байхдаа алдаж онож байсныг нь “шившиг” болгон дэлгэж, шоолсон олны харц дунд “бахдам сайхнаар” ялалт байгуулан “шившгийг нь хутган”, “шавхайтай хутгаж” орхино хэмээн бардамнадаг.

Түүний хүссэнээр болох нь бий, бодсоноос нь тэс өөрөөр хувирах нь ч бий.  Ташаа тулан ханхалзаж, бүдүүлэг тэнэгээрээ “түрий барьж”, тэрхэн хоромд хашгичин цамнах араншин, “чи болиоч дээ, ямар бүдүүлэг юм бэ” гэх хэн нэгний учирлал дунд гэнэтхэн дарагддаг.

Хүн болгон бүдүүлэг танхай араншинг нь “сайшаан дэмжих” мэт зусар араншин дунд тийм хүмүүс улам улмаар “цамнаж”, өөрийнхөө бүдүүлэг заваан араншинг бусдад их хав болгон гайхуулна. Хүмүүс өөр хоорондоо шивнэн буруушаавч, өөдөөс нь нэгэн зөв үг хэлж эс чадан “гөлөлзөлнө”. Тэр тоолонгоор мунхагууд “түрүүний бөөс толгойд гарах” шиг л оодордог.

Яг үнэндээ байна шүү дээ. Хэрүүл маргаанд хэн л ялагч болдоггүй “алтан дүрэм” бий. Маргаан мэтгэлцээн дунд хүн болгон өөрийн санаа бодлын “зөв” гэдэгтээ 100 хувь итгэлтэй байдаг. Нотолж чадсан, эс чадсан харилцаан дунд ч хүмүүс өөрийн “зөв” гэдэгтээ хэзээ ч эргэлзэхгүй үлддэг.

Учирлаж мэтгэлцсэн нь биш, уурлаж хашгичсан хэрүүл дунд хүн болгон өөрийгөө “өмөөрч”, зөрүүлж хэрэлдсэн үг болгон нь түүний “арчаагүй нэгэн” болохыг нь бусдад ойлгуулдаг. Ялагч байдаггүй энэ хэрүүл дунд ганцхан зөв гарц бий. Тэр бол хэрүүл өдсөн нэгний араншинд автаж өөдөөс нь хэрэлдэхгүйгээр “тэсч” өнгөрөх тэвчээр.

Хэн нэгэн рүү шидсэн чулууны өөдөөс чулуу шидвэл хоёр чулуу бие биенээ онохдоо хагарч бутардаг. Харин голын мяралзах ус, хичнээн хурц ирмэгтэй чулууг ч бөөрөнхий болгон мөлийлгөж орхидог. “Зөөлөн нь хатуугаа элээдэг” гэсэн мэргэн сургаалийг миний өвөг дээдэс ингэж л учирлан бидэнд хэлж үлдээсэн.

Цаг хугацаа голын ус мэт урсан өнгөрч байхад, бид юундаа ч тэвдэн сандрах билээ. Бидний мунхаг араншингийн зөв болоод буруу байсныг хэн нэгэн биш, голын ус шиг урсах цаг хугацаа л нотолдог. Магад чиний хэн байгаад, хэн болсныг ч мөн адил. Хэрүүл хараал зүхэл болгон хүмүүний сэтгэлд “хар сүүдэр” болон үлдэнэ.

Шувууны өндгөн дээр сүүдрээ бүү тусгаарай

…”Шувууны өндгөн дээр сүүдрээ битгий тусгаарай, эх нь голдог юм гэсэн” гэж дов сондуулын орой дамжин үсчиж, нүцгэн хөлөөрөө газар тамгалан гүйлдэх бидний хэдэн нусгайнуудад хөгшин ээж минь захидаг сан.

Тэр л ногоохон дэвсэг дээр хатсан хуурай аргал хайн бэдэрч, өвөртөлж гарсан ааруулаа хааяадаа хэмлэж хэрэн тэнэж явахад өвс ногоо, хатуу дэрсний богино хэсгээр уран нь аргагүй дугуйруулан сүлжиж бүтээсэн үүрэнд 3 -аас доошгүй өндөг бөөр бөөрөө нийлүүлэн оршиж байх нь тааралдана.

Тэдэн дээр сүүдрээ тусгахгүй гэсэндээ болгоомжтой нь аргагүй туссан нарны сөрөг талаас нь ойртож, сониуч зандаа хөтлөгдөн сэмээрхэн ажих. Өнгөр хальсан дээрээ ов товхон сэвхтэй мэт өндгөнүүдийн дээгүүр үрээ харамласандаа бачимдан шунгаж, бас ч хамгаалж  чадахгүйдээ  бачимдан эргэлдэх шувууд өөрийн хэлээрээ учирлан биднээс гуйх мэт, холдож бас үл чадна.

Өндөг гэмээ нь, үйлт хорвоотой мөдхөн учрах үрээ тээсэн эхийн хэвлий мэт. Өндөр тэнгэрт эргэлдэн дүүлэх шувууд гэмээ нь, үрээ хайрлан өмөлзөх уруул, өмөөрч хайрлах эхийн шаналалт бас баясан уярах сэтгэл мэт. Сүүдэр гэмээ нь, сүү мэт урсах хайрыг хөө мэт хар үйлээр холин бараантуулах хир мэт. Шувуудын өндөг ч, эхийн хэвлийд бүрэлдэх үрс ч цав цагаахан ертөнц, яг л ээжийнх нь хөхнөөс ивлэн урсах сүү мэт.

Хүмүүн бидний сэтгэл цагаан болоод хар өнгөтэй. Өглөөд өндөр хөх уулсын оройд мандаж гарч, үдэш нь өндөр хөх уулсын чанадад шагайн жаргах нарны цав цагаан туяа хүмүүний сэтгэлийг хайр энэрлээр дулаацуулж, итгэл найдвараар сүлдэг.

Шингэж жаргасан нар мандаж бадрах хүртэлх хав харанхуй орчлонд хүмүүний сэтгэл дааран жиндэж, айдас түгшүүрээр хучдаг. Цав цагаахан өндгөн дээр хар бараан сүүдэр тусгаж үл болдгийн учирлал, хайр энэрлээс хар хор хүртэлх сэтгэлийн сүлэлдээнд оршдог болов уу?

Гомдсондоо бархиран үйлах хүүхдийн нүднээс урсах нулимс, шувууны өндгөн дээр туссан сүүдэр юм. Айсандаа аягандаа эргэлдэн түгших хүүхдийн харц, шувууны өндгөн дээр туссан сүүдэр юм. Шаналсандаа наснаасаа эрт хэрсүүжих хүүхдийн сэтгэлд суусан үрчлээ, шувууны өндгөн дээр туссан сүүдэр юм.

Өөрийн биеийн өчүүхэн жаргалд ташуурч, өргөж ерөөл урсгах хундага дарсны цалгианд согтуурч, өргөн энэ хорвоод үхэхгүй юм шиг мунхаглах араншиндаа бид энэ сүүдрээ анзаардаг бил үү? Өөрөө өтөлж хүч мөхөсдөхийн цагт өндгөн дээр тусгасан сүүдэр тань, эргэж тань дээр тусахыг ухаардаг бил үү? бид.

…”Шувууны өндгөн дээр сүүдрээ битгий тусгаарай, эх нь голдог юм гэсэн” гэж сургадаг ухаант  хүмүүс цөөрсөөр л байна. Шувууны өндгөн сүүдрээ тусгах нь бүү хэл, дээгүүр нь хага гишгэчээд инээлдэж өнгөрөх мунхаг залуустай болчихвол ” би монгол” гэж мянгантаа орилоод яанам билээ. Үрээ хөнөөлгөсөн эх шувуу гомдсондоо “эмээлийн төмөр дөрөөг тасартал хараадаг юм гэнэ билээ”.

Мөнгө шүтсэн шунаг сэтгэлээр эх орноо, хүн чанартайгаа хамтад харьд арилжиж орхивол “бид монголчууд” гэж даяангаар нэг хашгичаад яах ч билээ. Хэдэн зууны тэртээгээс МОНГОЛ орныг минь бидэнд түүхээрээ, бахархлаараа үлдээгээд өгсөн баатар өвөг дээдэс минь булшин дотроо даарах буйз.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:  gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих