Оросын буриадууд улсаа Хойд Монгол Респүблик гэж нэрлэнэ хэмээн нэрлэж байна
Буриад Монголд улсынхаа өнөөгийн нэрийг өөрчлөе гэсэн хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Калмыкия-Хальмг Тангч, Тува-Тыва, Якут-Саха, Башкирия-Башкортостан, Хойд Осэт-Алан зэргээр ОХУ-ын сүбектүүд нэрээ өөрчилсөн (уг нь унаган нэрээ сэргээсэн хэрэг) нь цөөнгүй.
Харин буриадууд улсынхаа нэрийг Буриад-Монгол болгоно гэж тэмцээд тэмцээд үр дүнд хүрээгүй. Оросын монголчууд дундаасаа монгол мэнталитэт хамгийн сайтай энэ түмний эх орончид сүүлийн үед улсын нэрээ Хойд Монгол болгоно гэж хичээж зүтгэх болжээ.
Түүхийн ухааны доктор Т.Михайлов: “Оросууд энд ирэхэд Ар Монголын хязгаар нутаг угтсанаас бус, Буриад гэж байгаагүй. Монгол хэлт ихинэт, хонгодор, булгад, эхирид, хорь, сонгоол зэрэг овог аймгийнхан байсан. Манж гүрэн “тэд монголчууд учир манайх” гэх вий гэж болгоомжлоод, брацкие люди (ахан дүү зон) хэмээн өвөрдүүлэн нэрлэж эхэлснээс буриад гэх нэршил үүссэн” гэжээ.
1788 онд хааны зөвлөх Ф.Ланганс: “Нутгийн ардууд, “орос хаан биднийг өөрсдийгөө монгол гэхийг хорьдог, братские гэж бүртгэдэг” гэж ярьж байв” хэмээн бичжээ.
Судлаач Е.Залкинд: “XVII зуунд буриад гэдэг нэг ч овог аймаг, нэршил байгаагүй” гэжээ.
Философийн ухааны доктор И.Урбанаева: “Хойд монголчууд бид буриад гэгдсэн нь цэвэр тохиолдлын хэрэг юм” гэсэн байна.
Оросын акадэмич А.Окладников: “XVII зууны эхирид-булгадууд бол эртний түүхтэй язгуурын монгол овог аймгууд юм” гэжээ.
Рашид-ад-Дин Байгаль хавийн бүс нутгийн овог аймгуудыг нэгд нэгэнгүй тоочсон ч буриад гэж дурдаагүй аж.
Братские люди гэх үг бурут нарын нэртэй холилдож будлиад, буриад болсон байх магадлал өндөр гэнэм. Бурут гэдэг нь енисейн киргизүүдийн нэршил болой.
“Хойд монголчууд биднийг монгол гэхгүй юм бол халимаг гэж байгаач” хэмээн хүсч байсан гэх мэдээ буй.
Санкт-Петербург-д Хойд Монголын төлөөлөгчид очиж, хаанд бараалхсаны дараа, нэг хэсэг брацкие мунгалы гэж тэднийг нэрлэж байж. Эхирид-булгадууд гэж бас нэрлэж асан.
Үндсэндээ ХХ зуунд л буриад гэх нэршил гарч ирсэн юм байна. В.Ленин: “Эхний ээлжинд буриад-монгол, халимаг нарт автономи өг” гэсэн гэдэг. Өөрөө халимаг (монгол) цустай болохоор тэгсэн байж магад. Ингээд Буриад-Монголын АССР байгуулагджээ.
Хожим Буриад-Монголыг тав хуваан, салгаж заагласан, түм түмэн буриад хүмүүнийг хэлмэгдүүлсэн, хэл соёлыг нь устгаж, ЮНЭСКО хэл соёлын “Улаан ном”-ын жагсаалтдаа “буриад хэл” гэж оруулахад хүрсэн, саявтар гэхэд л хоёр буриад автономийг устгаж энгийн дүүрэг болгосон гээд, олон харамсалтай явдлууд тохиолджээ.
Гэвч өдгөө хойдын ахан дүүсийн маань үндэсний ухамсар сэргэж, улсаа БНХойд Монгол Улс гэж нэрлэхийг шаардах болжээ. Өөрсдийгөө монгол хэмээж, нарийсган хэлье гэвэл хорь, эхирид, булгад гэх юм уу, хорь монгол, эхирид монгол, булгад монгол гэж байх нь зүйтэй гэж буй аж.
Эх хэлээ сэргээн мандуулах ажил ч тэнд их хийгдэж байна. Позы-г бууза, дотоодын министерство-г дотоод хэрэгүүдэй яаман, национально банк- үндэхэнэй банк, правительство-засагай газар, конституционно сүүд- үндэхэн хуулинай шүүхэ, президент-юрэнхылэгшэ, Буркоопсоюз-Бурядай хоршооной холбоон гэхчлэн, наад зах нь хаяг нэршлүүдийг сольж байгаа аж. Чингэхдээ Монгол улсын туршлагыг нэлээд судалж буй гэж тэндхийн хэвлэлд бичсэн байна.
Ч.Мөнхбаяр
URL: