УИХ ХЭРҮҮЛЭЭС ӨӨР ЮУ ХИЙВ

уихУдахгүй хаврын чуулган өндөрлөнө. Тэгэхээр хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүд намрын чуулган руу шилжих болно. Гэвч УИХ маань энэ хавар ямар ямар хууль баталж биднийг гийгүүлэв ээ. Өдөр өнгөрөх тусам энэ сэдвээр ярилцах иргэд нэмэгдэж байна. Яг үнэндээ өөрсдийнхөө өмнөөс хууль батлуулах ажил хийлгэх гэж сонгосон хүмүүс нь хаваржин хэнийг сайд болгох, болгохгүй талаар л ярилаа шүү дээ. Саяхан ганц нэг хуулийн төсөл баталсан нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Тэр хуулиар далай аварга цолыг бөхийн цолоос хасах гэх мэт өөрчлөлт хийжээ. Гэвч энэ нь улсын наадамд гурав түрүүлсэн ганц, хоёр хүнд л хүртээлтэй болохоос иргэдийн амьдралд ямар нэмэртэй вэ.

Иргэд улс орон болон өөрсдийнх нь амьдралд тусгалаа олж өгөөжөө өгөх хууль батлагдахыг хүлээж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл, Шилэн дансны тухай хуулийн төсөл, Худалдааны тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл гэх мэтээс батлагдсан нь хаа байна.

Хаврын чуулганаар хэлэлцэх 25 асуудал байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан, улстөрчдийн “давхар дээлийг дан болгох” гэж нэрлээд байгаа хуулийн төсөл дээр УИХ хоёр сар хэрэлдлээ. МАН-ынхан энэ сэдвээр жагсаал цуглаан хүртэл хийж шоудаад авсан. Тэгэж тэгэж яг асуудлаа батлах гэтэл УИХ унагачихсан. МАН-ынхан хуулиа батлаад одоогийн Засгийн газрын сайдуудыг хуугаар нь солихыг хүссэн боловч бүтээгүй. Харин 2016 оноос эхэлж давхар дээлийг дан болгох нь сөрөг хүчинд таалагдсангүй. Ийм байдлаар уг асуудлыг ярьсаар нэлээд цаг явсан байна.

Мөн энэ хавар хэдэн сайд нарыг нэг нэгээр нь солих тухай хэлэлцсэн. Эхлээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Удаагаар нь Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайдыг огцруулах тухай хэлэлцсээр чуулганы ихэнхийг авчихжээ. Энэ мэт хэрэггүй зүйлсээр хэрэлдсээр хаврыг барсан байна. Үнэндээ Засгийн газарт өөрчлөлт орлоо гэхэд сөрөг хүчнийхний яриад байгаа шиг нэг сайд огцруулаад эдийн засаг 20 хувиар сайжраад, дахиад нэгийг огцруулахад 40 хувиар сайжрах гэх мэт явдал гарахгүй нь хэнд ч ойлгомжтой. Ийм байдалтай сандал суудал яриад байхад Засгийн газар нь ч ямар ажиллах нь тодорхой. Энэ мэтээр албан тушаалын хэрүүл тэмцэл хийж ажил урагшлуулахгүй байх нь хэнд ашигтай хэрэг вэ. Ялангуяа хөрш улсууд нь том манай орны нөхцөлд ийм шалдир булдир хэрүүлтэй, өөрсдийн бодлогогүй, хэн нэгэн зурагтаар гарах дуртай хүний шоунаас болж хэдэн сараар хэрүүлтэй суудаг парламенттай байж болох юм уу. Ийм замаар улс орныг уруудуулаад дараа нь сонгуульд ялж болно гэсэн итгэл үнэмшил аль нэг улстөрийн намд байвал тун харамсалтай юм.

Төгсгөлд нь сонирхуулахад нийслэлийн ИТХ гэж бий. Улаанбаатар хотын УИХ гэсэн үг. Тэдний хурал дээр камер барьсан сэтгүүлч, цээж мэдэн хашгирч юунаас ч, юухан ч олчихоод хойш татах гэж хашгирдаг эсвэл дарга цэргийг солих гээд гүйгээд байдаг хүн байдаггүй. Харин тэнд нийслэлийн иргэдийн амьдралд шууд тусгалаа өгдөг олон өгөөжтэй асуудлуудыг хэлэлцэж ажил хэрэг болгож байгааг нь бид харж байна. Нийслэлд өнгө төрх нэмж байгаа олон төслүүд шил шилээ даран хэрэгжиж эхэллээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, зам, уулзвар, барилга, гүүр гээд бүтээн байгуулалтын шийдвэрийг ар араас нь гаргажээ.

Гэтэл УИХ гишүүд иргэдийн амьдралд хэрэгтэй хойшлуулашгүй хууль дүрэм байсаар байтал хэрүүлтэй л сууцгааж байна. Удахгүй хаврын чуулган өндөрлөх нь ээ. Намрын чуулганаар энэ мэт байх юм бол бүрэн эрхийнх нь хугацаанд олигтой хууль гарахгүй нь. Ийм байдалтай байгаад нь бухимдсан иргэд ч хэн нь юуг хойш нь татаад байгааг харж суугаа шүү.

 
Ж.ЭНХ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих