Мөнгөний ордоос мөнгө босгох цаг хэзээ вэ?

нэгҮндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсвэл жилд улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа,  үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэж хуулинд заасан байдаг. Тэгвэл улс орны өмнө энэ том үүргийг хүлээсэн ордуудын нэг болох Асгатын мөнгөний ордод эдийн засаг, улс орны хөгжилд ашиглах ямар боломж байгаа. Энэ ордын эргэн тойронд улс төрийн ямар бодлого шийдвэр гарч байгааг хүргэе.

БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ “АТГАСАН” АСГАТ

Оюутолгой, Тавантолгойтой харьцуулахад Асгатын мөнгөний орд бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх ордуудын нэг гэдгээрээ онцлог. Мөн Асгатын мөнгөнд баруун бүсийн хөгжлийн гарц байгаа гэж үздэг. Олон жилийн өмнөөс гадаадынхны нүдийг булаасаар ирсэн энэ орд 10 мянга гаруй тонн хүдэр, 3400 орчим тонн мөнгө, 12.2 мянган тонн висмут, 106.6 мянган тонн сурьма, 238.2 мянган тонн зэс, мөн тодорхой хэмжээний алт, хар тугалга, төмрийг агуулж буйг тогтоосон.

Асгатыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар эхний ээлжинд 198 сая ам.долларын ашиг олно гэсэн тооцоо бий. Энэ ч утгаараа их мөнгөний сургаар ахиухан хувь авах гэсэн Орос, Монголын санааны мухарт энэ орд гацсан гэж эдийн засагчид тайлбарладаг. Монголын баруун хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт Асгат орд оршдог юм. Монголчуудын гар хүрээгүй байгаа томоохон ордуудын нэг болох Асгат ордын тусгай зөвшөөрлийг Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулсан Монголросцветмет нэгдэл эзэмшдэг.

МӨНГӨНИЙ ОРДООС МӨНГӨ “БОСГОЖ” ЧАДААГҮЙН УЧИР

Асгатын баялаг олон орны анхаарлыг татсаар удлаа. Оюутолгой, Тавантолгойн “галт тэрэг” хэдийнэ хөдөлсөн ч мөнгөний арвин нөөцтэй  Асгат байрнаасаа хөдөлсөнгүй. Энэ ордын хувьд асуудал ялгаатай. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд орших эл орд ОХУ-ын хил дамнан байрладаг. Тодруулбал, манай улсын газар нутаг дээр Асгатын гуравны нэг хэсэг нь оршиж байгаа. Үлдсэн нь оросуудын эзэмшилд багтдаг хэмээдэг. Гэхдээ Асгатын ордыг газрын зурагт Монголынх гэж тодоор тамгалсан байдаг аж. Өмнө нь уг ордыг ашиглах талаархи яриа хэлцэл хувь оролцооны маргаанаас болж удаа дараа хойшилж, сунжирч байсан юм. Оросуудын зүгээс “Полиметалл” хэмээх хүчирхэг компаниа олборлогчоор томилохыг хүссэн бол Монголын тал арай ахиу хувь эзэмшихийг зорьж байлаа. Зөвхөн 2007 оны түүхийг сөхөхөд, Засгийн газраас уг ордын 50 хувийг төр эзэмших нь зүйтэй гэсэн санал гаргасан байдаг. Энэ нь Орос, Монгол хоёр улс энэхүү ордоос эрх тэгш олборлолт хийнэ гэсэн үг. Харилцан ашигтай, ижил тэгш хамтын ажиллагаа гэсэн гадаад бодлоготойгоо уялдуулан энэ ордыг ашиглахыг манай улс илүүд үзэж байлаа. Гэхдээ энэ бодлого нөгөө талд нийцээгүй. Сүүлийн жилүүдэд Оросын оролцоо давуу болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Манай тал энэ салбарт адил 50 хувийн оролцоотой байдаг ч оросуудаас зөвшөөрөл авахгүйгээр ямар нэг томилгоо хийх, хөрөнгө оруулах ямар ч эрхгүй гэж хэлэхэд бодит байдлаас хол зөрөхгүй. Монголын талаас оролцоогоо нэмэгдүүлж 51 хувь болгох, энэ ордоос хамааралтай бүсийн хөгжлийг яаравчилах хэрэгтэй байгааг удаа дараа тавьж байгаа ч олигтой үр дүнд хүрээгүй. Манайх хойд хөрштэйгээ мөнгөний баян булгийг хамтарч ашиглах талаар ярилцсаар олон жилийг ардаа орхилоо.  Өнгөрсөн хугацаанд Оросын тал гэдийж, Монголын тал бөхийсөөр багагүй хугацааг алджээ.

АСГАТ ДАХЬ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛДӨӨН

Өнгөрсөн онд болсон Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаанаар хоёр тал саналаа нэгтгэсэн. Энэ үеэр Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол, Оросын шинэ компани байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тохиролцсон байдаг. Их хэмжээний мөнгөнөөс гадна хүдэр, зэс зэрэг баялаг агуулсан энэ орд хэдийгээр манай улсын нутаг дэвсгэрт байдаг ч нөөцийг нь орос эрдэмтэд тогтоосон гэдгээрээ хойд хөрш Асгатын асуудалд илүүрэхдэг аж.

Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр тал зарим зүйл дээр санал зөрдөг учраас Монгол Улс одоо болтол Асгатын мөнгийг ашиглаж эхлээгүй. Мөнгөний ордоос мөнгө босгоход саад болж байгаа асуудалд дэд бүтэц хөгжөөгүй, өндөр уул, хад чулууны дунд оршдог энэ ордыг “хөдөлгөхөд” Монголын хүч дутна гэж салбарынхан үзэж байна. Мөн нөөцийг нь тогтоочихоод баялгийг нь тийм ч амар тавьж явуулахгүй гэдгээ оросууд олон зүйлээр илэрхийлснийг манай зарим улстөрчид хэлдэг юм. Өнгөрсөн жилүүдэд ах дүүсийн найрамдалт харилцаатай хоёр улс Асгатыг дангаар эзэмших гэж хэд хэдэн удаа оролдсон байдаг. ОХУ Горный-Алтай муж болон Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн нутагт орших уг ордыг өөрийн болгоход амар гэж тооцоолсон. Газарзүйн энэ боломж дээр “Нөөцийг нь тогтоосон” хэмээн додигор суудаг оросууд Асгатыг авах бодол  санаанд нь багтаад байгаагаа манай төрд хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг. Үүний нэг жишээ бол Оросын “Полиметалл” компани Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах санал тавьж, түүнийг нь Советийн хурлаар зөвшөөрөн “Асгат Полиметалл” компанийг байгуулсан ч УИХ-аас хамтран эзэмшихийг нь зөвшөөрөөгүй байдаг. Үүний хариуд хойд хөршийн тал Асгатын мөнгөний ордын 51 хувийг Монголын мэдэлд өгөхөөс татгалзсан гэх яриа ч бий. Олон удаагийн хамтын хэлэлцээ, хурлаар тодорхой шийдэлд хүрээгүй. Хоёр талын хэд хэдэн санал улс төрийн төвшинд хүлээн зөвшөөрөгдөөгүй зэргээс харахад монголчууд энэ ордоос ахиу хувь эзэмших нь талаар болох таамгийг салбарын эрдэмтэд дэвшүүлдэг.

АСГАТЫН “ГАЛТ ТЭРЭГ” ХЭЗЭЭ ХӨДЛӨХ ВЭ?

Манай улс Асгатыг ашиглах эхний алхмаа энэ онд хийсэн.

Асгатын орд руу зам тавих ажилд бүхэл бүтэн армийн хүчийг дайчилж, 3.7 тэрбум төгрөгөөр зам тавьсан. Ийнхүү Оросын нутгаар, тэдний замаар хүрдэг байсан их баялагтаа монголчууд өөрсдийгөө холбосон зам тавьж энэ ордыг ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах саналтай байгаагаа оросуудад дахин илэрхийлсэн юм. Монголын тал арвин баялаг руугаа зам тавьж эхэлсэн нь нөгөө талд “хөдлөх” сэжүүрийг өгсөн гэдэг. Тухайлбал, “Монголросцветмет”-ийн Советийн хурлаар хамтрах саналд нааштай хандсаныг албаны хүн онцолсон. Үүнийг батлах гэсэн шиг Москвад болсон Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны хуралдаанаар “Асар их баялагтай ордыг ашиглахгүй удах нь аль аль талдаа ашиггүй. Тиймээс ордыг хамтран ашиглахад саналаа нэгтгэж, хоёр улсын хамтарсан компанийг шинээр байгуулъя” гэж тохирсон байдаг. Хоёр тал Асгатыг ашиглах, мөнгийг нь мөнгө болгохоор дөнгөж эхний алхамаа ийнхүү хийсэн. Алсдаа арвин нөөцийг нь хэрхэн олборлож ашиглах, хувааж хуваарилах зэрэг гол ажлууд хүлээж буй.

ТЭЗҮ-Г ЭНЭ ОНД БЭЛЭН БОЛГОНО

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  бэлтгэл ажлыг энэ жилээс эхлүүлэхээр болсон.  Уг ордын лиценз нь  Орос-Монголын хамтарсан компани болох “Монголросцветмет нэгдэл”-ийн мэдэлд байдаг учраас  энэ асуудлыг оросуудтай хамтран явуулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг оросуудтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд энэ ажлыг хариусан хамтарсан компани  байгуулах аж. Мөн Монголын талаас Асгатын ордын ТЭЗҮ-ийг энэ жилдээ багтаан бэлэн болгохоор ажиллаж байгааг Уул уурхайн яамнаас онцоллоо.

 


URL:

Сэтгэгдэл бичих