Хятад ажилчид Монгол руу ирсээр байна
Таны харж буй зураг бол БНХАУ-ын Эрээн хотын тасалбар түгээх газрын гадаах орчин. Ердөө өнгөрсөн баасан гаригт авсан гэрэл зураг бөгөөд Монгол руу явах гэж дугаарлан зогссон хятад залуусын дүр төрх энэ юм. Долоо хоногийн гурван өдөрт нь тус бүртээ 500 гаруй хятад Монгол руу хил давж байна. Долоо хоногт 1500 гэхээр сардаа 4500 болж таарна. Зуны гурван сарыг энэ тоонд үржүүлвэл мөн ч олон хятад иргэн монголчуудын хийх ёстой ажлыг булааж байгаа нь мэдрэгдэнэ. Тэд “Монголчууд барилга бариулах захиалга өгсөн. Ажил олгогч маань биднийг авч явж байгаа. Албан ёсны бичиг баримттай, зөвшөөрөлтэй” гэсэн хариулт өгөх юм билээ. Монголын эдийн засаг хүндэрч, аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхотгож эхэлсэн байтал хятад иргэдийг хэдэн мянгаар нь авчирж ажил олгосоор байна.
Эрээн хотын билет түгээгчийн гадаа дугаарлан зогсох А.Оросбай хэмээх буурай “Ах нь Хөх хотод бие үзүүлчихээд буцаж явна. Гэтэл энэ хятадууд чинь яасан айхтар улс вэ. Өглөө 05 цагт ирээд дугаарласан байхад бөөнөөрөө шаагилдаж байгаад эгнээнээс маань гаргаад хаячих юм. Миний дугаарлах ч дүүрч. Ийм олон хятад иргэн өдөр бүр эх орон руу маань орж байна гэж бодохоор үнэхээр сэтгэл өвдөж байна. 500 хятад иргэдийн лав 20 нь эхнэр аваад Монголд үлдэж байгаа гэж бодохоор бүр ч хэцүү санагдах юм. Монголчууд өөрсдөө ажилгүй байхад ийм олон хятад иргэдийг аваачих ямар хэрэг байна. Хоёр их гүрний дунд байгаа бид уг нь чанга бодлоготой баймаарсан. Үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж байгааг ойлгоосой билээ” хэмээсээр салж одлоо.
Бас өөр нэг нэрээ хэлэхийг хүсээгүй бүсгүй “Би билетээ авч чадсангүй ээ. Энэ олон хятадууд чинь урдуур дайрч ороод билет нь дуусчихлаа. Хамгийн гол нь тэд буцаад явдагсан бол өөр хэрэг. Багагүй хувь нь үлдэж байгаа нь хамгийн том аюул юм. Ёстой нөгөө хаяанд байсан хятад хатавчинд ороод ирсэн нь энэ юм биш үү” гэв. Үүний дараа галт тэргэндээ суух юм болов. Өнөөх олон хятад бөөнөөрөө хэдэн ч вагоныг дүүргэчихэв. Харин миний хажууд бас л хоёр хятад иргэн хамт ирлээ. Нас нь аль хэдийнэ 60 хол давжээ. Гэр бүлийн хоёр бололтой юм. Галт тэрэгний билет шалгагч тэднээс “60 гарсан бол эрүүл мэндийн дэвтэртэй явах ёстой. Та хоёр дэвтэргүй юм байна. Буулгана” хэмээн хэсэг зандарсан ч буулгаад хөөсөнгүй. Эхнэр нь хазгай муруй Монгол хэлээр ярьчихдаг юм байна. Тэднийх Богд-Арт өөрийн гэсэн байртай гэнэ. Тэндээ 20 хоночихоод буцах юм байх. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад л ирнэ гэж байна.
Ийм маягаар тэд эх оронд маань ирж ажлыг булааж, амьдрах байрыг нь хүртэл худалдаад авчихжээ. Энэ асуудлын талаар Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын эх сурвалж “Сошиал медиагаар БНХАУ-ын иргэд өдөр бүр вагоноор дүүрэн орж ирж байна гэдэг ташаа мэдээлэл. Учир нь бүтээн байгууллалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газраас олгосон квотын дагуу буюу манай улсад ирж ажиллах зөвшөөрөлтэй иргэд л хилээр их хэмжээгээр нэвтэрч байгаа” гэх. Өнгөрсөн жил Засгийн газраас гаргасан хоёр тогтоолын дагуу гадаадаас ажиллах хүчин буюу 14 мянга орчим гадны иргэн оруулж ирнэ гэсэн компани, аж ахуйн нэгжүүдэд квот олгосон. Энэ тогтоол дагуу 14 мянган иргэн л тоо ёсоороо, зохих журмын дагуу ажиллах зөвшөөрлөө авч, хилээр орж иржээ. Харин тэдний 90 орчим хувь нь БНХАУ-ын иргэн байж.
Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газарт бүртгэгдсэнээр хөдөлмөр эрхлэхээс бусад хэлбэрээр буюу хувийн хэргээр оршин сууж байгаа БНХАУ-ын 4000 орчим иргэн байдаг аж. Хувийн хэргээр оршин сууна гэдэг нь зургаан сараас дээш удаан хугацаагаар оршин сууж байгаа иргэдийг хэлж байгаа гэж ойлгож болно. Энэ хүмүүсийн тоо жил бүр өөрчлөгддөг гэсэн. Үүнээс гадна Монгол Улсад түр ирэх буюу нэг хүртэлх сарын хугацаанд орж гарч байгаа хятад ажилчдын тоо хэдэн мянгад хүрсэн байдаг юм байна. Хуулиараа манай улсад оршин суугаа гадаад иргэдийн тоо нийт иргэдийн гурван хувь хүртэл байх заалттай.
Үүнээс нэг улсын иргэн Монгол Улсын хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв нэг хувиас илүү гарвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн гэж үздэгийг энд сануулъя.
Д.Болор /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: