Эмч нарын “давхар дээл”-ийг тайллаа. Харин…!!!
Төрийн сэнтийд заларч буй давхар дээлтэй нөхдүүд дээлээ нөмгөлөх тун дургүй. Тэднээс ганцхан ҮХАА-н сайд асан Х.Баттулга л давхар дээлээ тайлж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Харин түүний орны хүн эргүүлээд дээлээ давхарлаад авав. Мэдээж энэ хүн бол ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж юм.
Түүнийг төрийн ажлыг олон жил хашсан, туршилгатай улс төрч хэмээн Ерөнхий сайд ам бардам хэлж харагдав. Гэсэн ч сөрөг хүчний зүгээс мал мэддэггүй, хөдөө мэддэггүй хүнийг ҮХХАА-н сайдаар ажиллана гэдэг юу л бол хэмээн басамжилж байв. Одоо нэгэнт олонхийн саналаар сайдын суудал түүнийх болсон болохоор хоёр жилийн хугацаанд хэрхэн ажиллахаа журмын нөхөддөө болон ард түмэндээ харуулах л үлдлээ. Ямартай ч хэл ам болж хүч түрэмгийлэн сайд болсон хүн ажил цалгардуулсан тохиолдолд банга хүртэх нь мэдээж.
Тэгвэл улс орныг удирдаж буй албан тушаалтнуудаас хавьгүй дээр санааг хөдөө орон нутагт хэрэгжүүлж эхэлжээ.
Тодруулбал Хөвсгөл аймгийн ИТХ-аас эрүүл мэндийн нэгдлийн эмч нарыг хувийн болон улсын эмнэлэгт давхар ажиллахыг хориглосон шийдвэр гаргажээ. Ингэснээр хувийн эмнэлэгт ажиллах уу, улсын эмнэлэгт ажиллах уу гэдэг сонголтоо эмч нар өөрстөө хийнэ гэсэн үг. Ийм шийдвэр гаргасан нь эмч нар улсын эмнэлэгт ажиллаж байхдаа үйлчлүүлэгчтэй тоомжиргүй, соёлгүй харьцдаг хэр нь хувийн эмнэлэгт огт өөр араншин гаргадаг гэж иргэд гомдолтой байдагтай холбоотой аж.
Өвчтөнүүддээ энэ мэт хоёр нүүр гаргадаг нь судалгаагаар тогтоогдсон тул дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр эмч нарт давхар дээлээ тайлах үүргийг тус аймгийн ИТХ-аас өгсөн байна.
Цаана чинь давхар дээлээ даахгүй болсон эмч нар дээлээ нимгэлж байхад Төрийн ордны эрхмүүд дээлээ улам л давхарласаар байна.
Б.Цацрал http://new.mn/News/Detail?news_code=20961
URL: