“ДЦС-3” ТӨХК Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн БАТЛАМЖ-тай болно
Дэлхийд зөвшөөрөгдөх чанарыг хэрэгжүүлэхээр салбартаа томоохон зорилго тавин дуу нэгтэй хөдөлмөрлөсөн “ДЦС-3” ТӨХК эрчим хүчний салбарын үйлдвэр аж ахуй нэгжүүд дотроос анхдагч нь болохоор түүхэн ажлаа эхлүүлэв.
Эх оноо хөгжилд хөтлөх эрчим хүчийг бүтээнэ гэсэн эрхэм зорилго өвөртөлсөн тус компанийн хамт олон өргөө бүрийн хойморыг дулаацуулах их үйлсээ улам дэвшүүлэн сайжруулахаар олон зорилго санаачлага дэвшүүлсний нэг нь ISO 9001:2008 төсөл.
Тус компанийн 2014 оны бизнес төлөвлөгөөний нэг гол зорилт болсон ISO 9001:2008 төслийн нээлийн үйл ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө.
Нээлтэд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Чимэддорж, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар, Монголын Бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Д.Амарсайхан болон бусад албаны хүмүүс оролцон чанарыг амалсан өрнүүн үйлсэд нь амжилт бүтээлийг хүсэв.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн батламжтай болох зорилт бүхий уг төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн үйл явцад олон шинэ нөөц бололцоог илрүүлэн, хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ уламж бүр чанаржиж , шаардлагад нийцсэн чадварлаг ажилчид бий болж, цаашид үр ашиггүй байдлыг бууруулж тасралтгүй сайжруулалтыг хангах үндэс суурь бий болох юм.
ISO 9001:2008 Олон улсын стандартын шаардлагад нийцсэн “Чанарын удирдлагын тогтолцоо”- төсөл 6 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд нэг жилийн хугацаанд хэрэгжинэ.
Ийнхүү салбартаа томоохон өөрчлөлт ирээдүйгээ харсан чухал ажил эхлүүлснийг нээлтийн үеэр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар онцлоод чанарыг тодорхойлж олон улсад хөл зэрэгцэх нэг хүч, нэг санаа шаардсан уг зорилтодоо хүрэхийн тулд станцын ажилтан бүрийн идэвхи санаачлага хэрэгтэй гэдгийг хэлж байв.
URL: