Сурагчдын амралт “жонхуу” болж

dfssssssssssСурагчдын амралт “жонхуу” болж хувираад хоёр хичээлийн жилийг ардаа үдлээ.

Эрх баригчдын тэнгэр харж байгаад гаргачихсан гэж хэлж болохоор шийдвэрээс болж сурагчид хохирч байна. Эцэг, эх ч, багш нар ч хохирч байгаа нь үнэн.

Улаанбаатарт хэрэглээд байгаа энэ арга чинь хөдөөгийнхөнд огтхон ч наалдаж өгөхгүй байна.

Тэр дундаа хөдөөний сургуулийн сурагчид, тэдний ар гэрийг онцолмоор байгаа юм. Өнгөрсөн жилээс авахуулаад дунд сургуулийн хүүхдүүд, тэр дундаа бага ангийнхан нь өвлийн улиралд ичсэн баавгай шиг гэртээ сууж, уртын урт амарч байгаа. Улаанбаатар хотод бол энэ шийдвэр оновчтой байж магадгүй. Нийслэл утаандаа дарагдаж, онц аюултай байдалд хүрээд удаж байна.

Дээрээс нь ид өвлийн хүйтэнд халаалт, дулааны асуудал ч бас хүндрэлтэй болдог. Хүүхдүүд даарч хөрөх асуудал гарна. Үүнээсээ болоод ханиад хүрч, нэг нэгэндээ халдаана. Гэх мэтээр хотын сургуулийнхны зовлонг тоочоод байвал барагдахгүй. Тиймээс өвлийн хүйтэнд, нэгдүгээр сард амарчихад яах вэ дээ. Тэгээд хаврын урь орсон үед жаахан сунаад хичээллэчихэд болохгүй юмгүй. Гэхдээ нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг хавар нэг их удаан хичээллүүлээд, нозооруулаад байх шаардлага ч байхгүй. Тэр дундаа зургаан настнуудаа жаахан гамнамаар байна.

Энэ жил зургадугаар сар гарчихаад байхад зургаан настнуудыг хичээллүүлж, үдийн цай ч өгөхгүй долоо хоног арга саам хийсэн. Өдөр 11:00 цагаас хичээл ороод, 13:00 цагт тарах жишээтэй. Ажил төрөл ихтэй эцэг, эхчүүдийн үйл тамыг долоо хоног идэж байгаа юм. Ядаж байхад юу ч заагаагүй. Ингэж “жонхууруулах” хэрэг юу байна.

Дээрээс нь Улаанбаатарт хэрэглээд байгаа энэ арга чинь хөдөөгийнхөнд огтхон ч наалдаж өгөхгүй байна. Хөдөө ямар утаа униар гэж байх биш. Жижиг сум ганц хоёр сургуулиа яаж ийж байгаад халаачихна.

Тийм болохоор хэцүүдээд байх юмгүй. Ингэхээр нэгдүгээр сард бүтэн сар амрах ямар ч шаардлага алга. Харин ч өвлийн сэрүүнд, нозоорол багатай, хүүхдүүдийн тархи толгой сийрэг үед хичээлээ заачихвал аятай юу. Харин хаврын ид ажлын цагаар арай уртхан амарчихаж байвал яасан юм. Хуучин сум орон нутгийнхан өөрсдөө зохицуулаад сурагчдаа амраачихдаг байсан. Тэр жишгээр л явмаар байна.

Яамнаас боловсруулж өгсөн сургалтын төлөвлөгөөг биелүүлээд, хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ заагаад, жилдээ багтаад явж л байвал боллоо.

Хавар жаахан урт амарвал хүүхдүүдэд болоод иргэдэд ч хэрэгтэй. Хөдөөгийн сургуулийн хүүхдүүдийн 30-40, зарим сумдынх бүр 50-иас дээш хувь нь хөдөөнийх байдаг. Малчдын хүүхэд гэсэн үг шүү дээ. Тиймээс хавар мал төллөх цагаар уртхан амарчихвал эцэг, эхдээ тустай. Тэгээд монгол ахуй, амьдралаа мэддэг, мэдэрдэг болно. Гэх мэтээр олон талын ашигтай. М алчны хүүхэд биш байлаа ч гэсэн хөдөөгийнхөнд хаврын цагт хийх ажил юу эс мундах вэ дээ.

Одоо Монгол Улсын өнцөг булан бүрт газар тариалан тодорхой хэмжээнд хөгжиж байна. Хашаандаа, цаашлаад олон га газар төмс, хүнсний ногоо тарьдаг болж. Тэр хүмүүст ч гэсэн хаврын тариалалтын үеэр хүн хүч хэрэгтэй л болно. Энэ мэтээр хөдөө орон нутагт дор бүрнээ зохицуулах, зохион байгуулах ажил их байна.

Гэтэл эрхэм дарга нар зөвхөн Улаанбаатарын жишгийг дагаад, хөдөөгийнхний амьдралыг хөлдөө чирж байна шүү дээ. Тиймээс энэ мэт амьдралд нийцэхгүй дүрэм журмаа болиулмаар байна. Сумын сургуулийн захирал сурагчдын амралтыг өөрсдөө зохицуулаад явахад яах вэ дээ. Тэглээ гээд мөнгө төгрөг идэж, албан тушаалаа хэтрүүлэн ашиглах гээд байгаа биш.

Яамнаас боловсруулж өгсөн сургалтын төлөвлөгөөг биелүүлээд, хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ заагаад, жилдээ багтаад явж л байвал боллоо. Түүнд төр засгийнхан оролцоод, хутгалдаад, хутган үймүүлээд, малчид, хөдөлмөрчдийн ажил амьдралыг бусниулаад байх шаардлагагүй. Хот, хөдөөгөө, малчин, даргаа жаахан ялгах цаг болж.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих