Б.Гарамгайбаатарын тамын замд амь эрсэдсээр байх уу

замЗамаас идсэн мөнгөөрөө УИХ-д орж ирсэн гэх УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын балаг өдгөө хэнтийчүүд болон зорчигчдын хараалыг барж байна. Тодруулбал, Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай автозамыг тавих гүйцэтгэлийг хийлцсэн билээ. Харин идэж уухдаа гарамгай даргын ашиглалтад өгсөн зам тавьсан цагаасаа хойш нэг жилийн дараагаас эхлэн эвдэрч, зорчигчид үүгээр бартаат замын уралдаан шиг л зорчдог болсон гэдгийг эх сурвалжууд хаа хаанаа хэлж буй. Гарамгай нөхрийн тавьсан замыг өдгөө “Дуутын зам” гэхээр андахгүй, улсын комисс хэдхэн жилийн өмнө тууз хайчилж, чанартай хэмээн үнэлэн сүр дуулиантайгаар хүлээн авсан нь өдгөө хэвлэлийн архивт бий.

       Ус нутгийнхан болон зорчигчдын ярьж байгаагаар бол Дуутын даваанаас уруудаад энхэл, донхол замын бартааг гаргахын тулд жинхэнэ жолоочийн ур чадвар гаргаж явах хэрэг гардаг байна. Зам тээврийн осол ар араасаа гардаг гэх. Замын цагдаагийнхан хөдөө орон нутагт гарч байгаа авто тээврийн ослыг замын нөхцөл, хурдтай холбон тайлбарладгийг бид сайн мэднэ. Бусад эх сурвалжийн хэлж байгаагаар өнгөрөгч гуравдугаар сард Б.Гарамгайбаатарын барьсан замаар зорчиж явсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг осолдох тухай мэдээлэл цацагдаж тухайн үед нь Гарамгай дарга мэдээллийг дарж байсныг сайн санаж байна. Уг нь энэ зам нь зүүн гурван аймгийг нийслэлтэй холбодог стратегийн чухал бүтээн байгуулалт хэмээн хэвлэл мэдээллээр пиар ч цацуулж л байсан.
       Өөр эх сурвалжийн хэлснээр “Насны зам” ХХК замаа тавихдаа нэг километрийг нь 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр тавьж байжээ. Гэтэл “Монроуд” ХХК ганц хоёр жил өнжсөний эцэст зам тавих төсвөө 230 сая төгрөг болгон нэмж чанаргүй зам тавьж, Улсын комисст хүлээлгэн өгч байсныг хэлсэн. Тодруулбал, замын гүйцэтгэл хийх эрхээ зэрэг авсан хоёр компанийн нэг нь “Насны зам”, нөгөө нь “Монроуд” байж. “Насны зам” хямд өртөгтэй сайн чанартай замыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн байхад, “Монроуд” компани эрхээ авчихаад алга болчихож. Хэсэг хугацааны дараа “Монроуд” энэ замыг хүлээлгэн өгөхийн тулд өртгийг нэмэх хэрэгтэй гээд мөнгө нэхэж эхэлсэн гэдэг. Шуудхан хэлэхэд Гарамгай даргад сонгуульдах мөнгө хэрэгтэй байсан болов уу.
     Мөн нутгийн иргэдийн ярьж байгаагаар бол Б.Гарамгайбаатар өөрийн хийсэн энэхүү хуудуутай ажлаа нуун дарагдуулахын тулд Хэнтий аймгийн зам засварын компаний дарга н.Магсаржав хэмээх туршлагатай олон жил ажилласан хүнийг халж, “Монроуд” ХХК-ийн ажилтан, ангийн найз болох н.Галхүү гэдэг нөхрийг томилсон аж. Ийнхүү Ерөнхий сайдаасаа эхлээд осолд өртөх гээд байхаар арга буюу Гарамгай даргын тарьсан балгийг улсын төсвийн мөнгөөр засч байгаа тухай ч ярьсан. Өөр арга ч үгүй. Б.Гарамгайбаатарын барьсан энэ гайт замд цөөнгүй хүний амь эрсэдсэн гэдгийг уншигч та сайн санаж буй. Ингэхээр цаашид Б.Гарамгайбаатарын барьсан энэ замд хүний амь эрсэдсээр байх уу






Н.Дөл

URL:

Сэтгэгдэл бичих