“Женко” С.Баярт хайр зарлахын учир

Х.БаттулгаН.Алтанхуягчуудаас зай барьж одсон УИХ-ын гишүүн Х.Баттулга ярилцлага өгсөн нь өнөөдөр хэвлэл мэдээлийн гол шуугиан болж байна. Сайдынхаа суудлаас өөрийн саналаар буусан Х.Баттулга Монгол Улс мухардалд орсон гэдгийг тодорхой дурдаад ялангуяа өнөөдрийн эрх баригчдыг туйлын муу ажиллаж байгааг хэлээд авчээ. Тэгэхдээ “женко” сөрөг хүчний байр сууринаас ажиллаж, хэвлэл мэдээлийн салбарыг ч их хөгжлийн төлөө хөдөлгөхөд гол зэвсгээ болгоно хэмээв. Түүнчлэн тэрээр улстөрд олон жил сууж, гурван Ерөнхий сайдын нүүр үзэн, хоёр салбар толгойлсны хувьд хөгжлийн цогц бодлогын талаар дэлгэрэнгүй ярьсан байна лээ. Багагүй бэрхшээл туулж бизнесээ эхлүүлж байсан энэ эрхэм бусад цагаан захтнуудаа бодоход ажил хийж үзсэн хүн. Тиймдээ ч нэгэн намын хамтрагчдаа “ажил хийж үзээгүй. Төсвөөс хулгайлагчид” хэмээн тодорхой хэлжээ.

     Тэр ч бүү хэл гурван Ерөнхий сайдын нүүр үзэж, хоёр салбар удирдаж явахад “С.Баяр арай гайгүй нь байжээ” гэдгийг ч дурсаад авсан. Ярилцлага бүхэлдээ л хамтрагчдаасаа салж бүх зүйлийг шинээр эхлэх. Гэхдээ улстөрийн туршлагатай хүчин, төсвөөс хулгай хийдэггүй нэгнийг хүссэн мэт.  Тэрээр ярилцлагад өгүүлэхдээ
      “Өнөөдөр үйлдвэржилт байхгүй, ярихыг ч хүсэхгүй, тэрний оронд нүүрс түүхийгээр нь зөөх, ноолуур самнаад зарах, бүх баялгаа ухаж, зөөх тухай л ам булаалдан ярих юм. 1992-2012 оны хооронд сонгуулиар ялсан намын засаг барьсан хэдхэн хүн нь дагуулуудтайгаа бүлэглэж, цуслаад өдий хүрч. Тэдэнд улсаа үйлдвэржүүлж, хөгжүүлэх сэтгэл байсангүй,  хөгжлийн бодлогыг бодохыг ч хүссэнгүй. Дангаараа засаг барьсан ч, хамтарч засагласан ч адил хуваах, идэхийг л эрхэмлэж ирлээ. Гэтэл улсын хөгжил гэдэг ялсан намын мөрийн хөтөлбөр гэх хэдэн хуудас цаас, дөвчин сайд ламаас асуух, эсвэл тэнгэртэй харьцах зэргээс хамаарахгүй шүү дээ” хэмээжээ. Тэнгэртэй харьцах гэдэг нь бодоход Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр байж таарна. Харин тэр “дөвчин сайд ламаас асуух” гэдэг нь чухам хэн юм бол. Магадгүй, Н.Алтанхуягийгаа хэлсэн байж болох талтай. Тэгэхээр түүний ярилцлагын гол агуулга нь улс орноо хөгжүүлэх, хөгжүүлэхдээ хамтарч ажиллах тухай далд санаагаа хэлжээ. Тиймдээ ч Ерөнхий сайд асан С.Баярыг ярилцлагыг дурсаад авсан болов уу.
      Улстөрийн туршлагатай, боловсон хүчний нөөцтэй сөрөг хүчинтэй ойр байж, улс орны эдийн засгийг гацаанаас гаргана гэдгийг тэр олж харсан. Тиймдээ ч “100 хоногт нэг улсын бүү хэл нэг компанийн эдийн засаг босохгүй” гэдгийг хэлсэн байх. Энэ ч утгаараа тэрээр хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан С.Баярт хайр зарлаад амжив бололтой. Ерөөсөө нэг намын эрх ашгаас илүүтэй улс эх орны эрх ашгийг барьж ажиллах ёстойг тал талаас нь хэлжээ. Юутай ч АН-ын томоохон фракцийн толгойлогч, нөлөө бүхий улстөрч олон талын асуудлыг хувь хүнийхээ үүднээс хөндөж, ийм агуулгатай ярилцлага өгч байна гэдэг өнөөдрийн их улстөрийн урсгал чиглэлд өөрчлөлт орж, гольдирлоо өөрчлөхийг үгүйсгэхгүй харагдаж байна.
Н.Дөл

URL:

Сэтгэгдэл бичих