Алдарт уяач Д.Ууганбаяр унаач хүүг морин дээрээс үсдэж буулгаад зоджээ
-СУНГААНААС ТҮРҮҮЛЖ ЭРГЭЛЭЭ ГЭЖ УУРСАХДАА УНААЧ ХҮҮХДИЙГ БЭРТТЭЛ НЬ ЗОДСОН БАЙНА-
Хөхөө өвлийн хүйтэнд хуруун чинээ хүүхдээр хурдан морь унуулж зугаагаа гаргадаг уяачид одоо бяцхан үрсийг минь зодож, бахаа хангадаг болжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр гэгч унаач хүүг сунгааны гараанаас дутуу эргэлээ гэж морин дээрээс нь үсдэж буулгаад өшиглөн зоджээ.
Дорнод аймгийн Матад сумын төвд зургадугаар сарын 1-ний өдөр аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр уяаныхаа морьдыг сунгаанд уралдуулахаар болж. Сунгаанд тэдний уяаны голдуу 18 морь уралдсан байна. Хохирогч С тухайн үед Д.Ууганбаярын морийг унаагүй, харин саахалтынх нь хурдыг унаж явсан аж. Ингээд сунгааны гараанаас уралдаад барианд ойртох үед Д.Ууганбаяр жийп машинтайгаа давхиж ирээд үгийн зөрүүгүй хүүг морин дээрээс нь үсдэж буулгаад, өшиглөж зоджээ.
Д.Ууганбаярын уурсч, жаахан хүүхдийг зодож, тамласан шалтгаан нь сунгааны гараанаас дутуу эргэлээ гэдгээс үүдэлтэй. Хүү ч “Дутуу эргээгүй. Бүгд зэрэг эргэсэн шүү дээ” гэж тайлбарлаад дахиж зодуулсан байна. Зургадугаар сарын 1 -нд Матад суманд бүгчим халуун өдөр байсан. Халуунд хаа холоос уралдаж ирээд зодуулж, тамлуулсан хүү тухайн үед ухаан алдсан талаар хүмүүс ярьсан.
-Д.УУГАНБАЯР ГЭГЧ ХЭН БЭ?-
Сумын сунгаанд дутуу эргэлээ гэж өөрийнхөө охинтой чацуу хүүг нэвширтэл зодсон аймгийн алдарт уяач өдгөө “Сонин хэвлэлээр нэр хүнд гутаавал эргээд заргалдана шүү” гээд зарга хийгээд давхиж явах юм. Алдар хүндээ тэргүүнд тавьж байгаагаас өөрт нь зодуулсан хүүгийн биед санаа зовж байгаа шинж алга.
Д.Ууганбаяр Дорнод аймгийн Алдарт уяач цолтой. Бас Матад сумын заан цолтой. Дунд эргэм насны эр. Том биетэй, нутгийнхны яриагаар бол сумын атаман аятай юм. Д.Ууганбаяр дөрвөн хүүхэдтэй. Том охин нь зодуулсан С хүүтэй чацуу. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тэдний хүүхдүүд аймгийн төв рүү баяраа тэмдэглэхээр явсан байж.
Хохирогч хүү цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлдөө “Надтай адилхан хүүхэдтэй байж ингэж зодсонд гомдолтой байна” гэсэн байна лээ. Үнэхээр ч хүний хүүхдийг жилийн дөрвөн улиралд шахам морь унуулж, талхилчихаад баяр наадмаар үгээр байсангүй гэж зоддог, гарынхаа чилээг гаргадаг алдарт уяачдын нэг нь Д.Ууганбаяр гэдгийг нутгийнхан нь ярьсан.
Д.Ууганбаяр зуны улиралд ихэвчлэн баруун аймгуудын наадам хэсдэг. Түүний Гоё саарал нь 2011 онд Дорнод аймгийн 80 жилийн ойд шүдлэн насандаа гуравт давхиж байжээ. Үүний дараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Хатагины хар сүлд цэнгүүлэх Их тахилгад түүний бор соёолон түрүүлж байсан юм.
Дорнод аймгаар овоглодог Алдарт уяач Д.Ууганбаяр аймаг, сумынхаа уяачдын холбоонд бүртгэлгүй юм билээ. Уяачдын холбооны хуралд оролц гэсэн нутгийнхаа нэгнийг зодож тэр хавьдаа хэл ам болж байсныг нутгийнхан нь ярьсан.
-Хүүгийн ээж н.Ганчимэг: УУГАНБАЯР ЗААНД ГОМДОЛТОЙ БАЙНА-
Хохирогч хүү аймгийн төвд гурав хоног эмчлүүлжээ. Түүний өвөө “Хүүхэд юм болохоороо тоглоод л гүйж явна. Хамар нь мурийчихсан байгаа. Дахиж морь унахгүй биз дээ. Томчууд чинь хүүхдээр зугаа цэнгэл хийхдээ гаршчихсан байдаг бололтой юм. Дутуу эргэлээ гээд бариад зодчихсон байна. Цагдаагийн байгууллага тэр нөхөрт хариуцлага тооцно биз дээ” гэлээ.
Xүүгийн ээж н.Ганчимэгтэй утсаар холбогдож ярилцлаа.
-Хүүгийн тань бие гайгүй юу?
-Хамрынх нь яс цуурч, мурийсан байна лээ. Эмнэлгийн дүгнэлтийг цагдаагийн байгууллагад өгчихсөн байгаа. Гурав хоног хамрандаа чихээс хийлгээд эмнэлгээс гарсан. Одоо аймгийн төвд байгаа.
-Олон жил хурдан морь унаж байгаа хүүхэд үү?
-Хүү минь долдугаар ангид орно. Долоон жил хурдан морь унаж байгаа юм. Жижиг биетэй болохоор энэ жил бас хурдан морь унана гэж байсан юм.
-Одоо бол хурдан морь унахгүй гэж байна уу?
-Тэгж ярихгүй байгаа. Хүүхэд юм болохоор гомдох нь гайгүй бололтой.
-Аймгийн алдарт уяач Д.Ууганбаярын морийг унадаг байсан юм уу?
-Тэдний морийг унаж үзээгүй. Өөрийнхөө морьдыг унадаг байсан юм. Тэр өдөр (Зургадугаар сарын 1-нд) саахалт айлын морийг унасан юм билээ. Тухайн үед бид дэргэд нь байгаагүй. Сунгаанаас дутуу эргэлээ гэж л зодсон гэсэн.
-Унаач хүүхдийн эрх зөрчигдөж байгааг ярьдаг ч уяачид хүүхдээр зугаагаа гаргасаар байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ч уяачид сунгаа хийж, хүүг тань зодлоо.
-Томчууд хүүхдээр зугаагаа гаргаж байгаа нь үнэн байх. Үнэндээ тэр өдөр хүүгийнхээ дэргэд байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Д.Ууганбаяр заанд гомдолтой байгаа. Тийм ч учраас цагдаагийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага асуудлыг нэг талд шийдэх байх. Хүүг минь хөнгөвтөр гэмтсэн гэдэг дүгнэлт гарсан.
Гэхдээ сэтгэл санааны хохирол гэж бас бий байх. Өөрийнхөө хүүхэдтэй адилхан хүний үрийг барьж зодоод, өшиглөж тамлана гэдэг байж болшгүй авир баймаар юм. Гэтэл хүмүүсийн яриагаар бол хүүг минь айхавтар зодсон байна лээ. Азаар л хөнгөн гэмтсэн. Том биетэй, уур нь оволзчихсон хүн аминд нь хүрчихсэн бол яах билээ. Хот айлын сунгаа гэдэг чинь тийм том баяр наадам уу. Сунгаанд дутуу эргэлээ гээд нялх амьтныг барьж зодно гэдэг санаанд багтахгүй юм гэлээ.
Ц.ӨРНӨХ
URL: