ИРЭЭДҮЙД ХҮНИЙ АМЬДРАЛЫГ УРТАСГАХ 5 ТЕХНОЛОГИ
Эрдэмтдийн ямар ямар бүтээлүүд ирээдүйд хүмүүс биднийг урт удаан наслахад туслах бол?
1. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх систем
Хүн төрөлхтөн өвчний улмаас, хэн нэгний гарт амиа алдах, газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшигт эсвэл аюултай халдварт өвчнөөр амь насаа алдахаасаа илүүтэй зам тээврийн ослоос болж нас нөгчдөг гэнэ. Жишээ нь, ХДХВ-ын халдвараар дэлхий даяар жилд 2 сая орчим хүн нас бардаг бол зам тээврийн ослоор 1,3 сая хүн амиа алддаг байна. Гэхдээ энэ нь хөгжлийн бэрхшээлтэй болон үлдэж буй 50 сая хүнийг оруулан тооцоогүй үзүүлэлт юм.
Одоо дэлхий даяар үхэлд хүргэдэг ослын тоог хамгийн доод үзүүлэлтэд хүргэж чадах тийм технологийг боловсруулан нэвтрүүлж эхлээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар автомашины аюулгүй байдлыг хангах электрон систем нь жолоочийн алдааг засч байгаа бол тун удахгүй жолооч нар хүрээлэн буй орчинд эсвэл өөрийнх нь амь насанд аюул учруулахуйц нөхцөл байдалд орсон тохиолдолд дээрх систем нь жолоодлогын удирдлагыг өөртөө авах гэнэ.
2. Бие организмын байдлыг ажиглах систем
Хүний амь насыг авч оддог өөр нэгэн шалтгаан бол зүрх судасны өвчин юм. Өдгөө энэ өвчинтэй тэмцэхийн тулд биеийн байдлыг ажигладаг мэдрэгчийг хувцсанд суулгаад байгаа бол удахгүй хүний биед шууд суулгаж эхлэх гэнэ.
Уг бичил мэдрэгч нь зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрч байгааг урьдчилан анхааруулах, түүгээр ч барахгүй түргэн тусламж дууддаг ажээ. Түүнээс гадна, зогссон зүрхийг дахин ажиллуулж чадах гэнэ. Үүний зэрэгцээ зүрхний гэмтсэн эд эсүүдийг сэргээн төлжүүлнэ.
Хүний биед суулгасан бичил схем нь дааврын тэнцвэр алдагдаж байгааг мэдрэх чадвартайгаас гадна шаардлагатай хэмжээгээр инсулин болон хэрэгцээт даавруудыг хуваарилах бөгөөд энэ нь олон төрлийн өвчнийг эмчилж чадах гэнэ.
Хүний насыг уртасгах өөр нэгэн технологи бол нанороботууд юм. Эдгээр нь цусыг цэвэрлэж, эмийг шаардлагатай газарт нь хуваарилан, хорт хавдрыг нь тайрч авах гэнэ.
3. Кибер-үе мөч
Энэ технологийг өдгөө хэдийнэ боловсруулаад байгаа билээ. Тайруулсан хөл гарыг орлож чадах энэ хиймэл эрхтэн нь тархинаас өгч байгаа хөдөлгөөний командыг хүлээн авдаг байна. Өөрөөр хэлбэл, алдсан эрхтнүүдийг бүрэн орлоно гэсэн үг.
Саа дайрсан өвчтнүүдийн булчинг дэмжих болон хатангиршах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн бионик мэдрэлийн эсүүд нь булчингуудыг тархинд суулгасан бичил схемүүдтэй холбож, хөл гарыг яг төрөлхийн мэт хөдөлгөдөг байна.
4. Хиймэл эрхтэн
Өнөөдрийн байдлаар Америкт зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлэгч суулгац, хиймэл үе болон бусад “суулгацууд”-ыг мэс заслын аргаар биедээ суулгуулсан 100 сая орчим хүн амьдардаг ажээ. Эдгээр суулгацуудыг үйлдвэрлэхдээ анагаах ухааны салбарт огт ашигладаггүй, харин бусад өндөр технологийн салбарт ашигладаг хайлш болон керамик материалуудыг ашигладаг. Хиймэл эрхтнүүд нь тун удахгүй хүний жинхэнэ эрхтнээс ялгахын аргагүй болох гэнэ.
АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Тежал Десаи саяхан хиймэл нойр булчирхайг амжилттай туршжээ. Түүний эд эсүүд нь “эзнийхээ” дархлааны системийг хамгаалдаг бөгөөд инсулин ялгаруулах шаардлагатай болсон үед тусгай капсулд шилжин ордог байна. Харин Массачусетс муж улсын ” Angstrom Medica” компанийн эрдэмтэн Эдуард Ан хүний ясыг бүрдүүлдэг бодистой ерөнхийдөө төстэй бодисон дээр тулгуурлан хиймэл ясны эд эс бүтээхэд зориулсан материал гарган авчээ.
Тэгвэл өнгөрсөн онд анх удаа хиймэл нүд гарган авсныг танилцуулсан бөгөөд түүний тусламжтайгаар нэгэн хараагүй эмэгтэй юм харж чаддаг болсон байна.
5. Ухамсрыг компьютерт шилжүүлнэ
Өнгөрсөн онд зохиогдсон “Cebit” болон “IFA” IT үзэсгэлэнгийн үеэр бодол санааны хүчээр машинуудыг удирдаж болдог интерфейсийг танилцуулжээ. Гэхдээ энэ нь одоохондоо зөвхөн “тийм”, “үгүй” гэсэн командуудыг биелүүлж байгаа ч юутай ч энэ чиглэлд эхний алхмыг хийж чадсан байна. Харин саа дайрсан хүмүүст компьютер ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хиймэл эрхтнээ удирдах боломж олгодог тархины суулгацуудыг бүр 2005 онд танилцуулж байжээ.
Дараагийн алхам бол тархин дахь мэдээллээ шууд компьютерт шилжүүлэн хадгалах явдал. Энэ технологийг энэ зууны дунд үе гэхэд боловсруулсан байх болно гэж ирээдүй судлаач Рэй Курцвел үзэж байгаа ажээ. Харин одоогийн байдлаар шинжлэх ухаанд хүний оюун ухааны ажиллах зарчмыг тодорхой тайлбарлах боломж байхгүй байгаа юм.
URL: