Азийн цээжнээ орших хоёр дахь Сахарын цөл Монгол

1003_1723Саяхан болсон, Япон дахь монголчуудын “Хаврын баяр”-аар япон эрдэмтэн судлаачид “Монгол коллеж” нэртэй семинар хийжээ. Энэ үеэр Сүзүки Юкиогийн тавьсан “Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөө” гэсэн илтгэлийн тоймыг хүргэж байна. 
Монголд голдуу ил олборлолт (open-pit-mining) явуулдаг. Мөн алтыг үндсэн орд, шороон орд гэсэн хоёр аргаар олборлодог. Үндсэн ордод химийн арга хэрэглэнэ. Харин шороон ордны хувьд их хэмжээний усаар зайлж угаагаад алт тунгааж авах нь гол технологи юм. Химийн арга хэрэглэхгүйн тул байгальд “харьцангуй ээлтэй” гэгдэж байсан энэ арга нь Монголын гол горхийг сүйтгэх гол шалтгаан болж байна. 1 м3 шороог угаахад 4-12 тон ус хэрэглэх тул байгаль орчинд үзүүлэх урт хугацааны хохирол нь асар их. Хангайгаас говь руу урсдаг голууд ширгэхэд хангайд хөрсний хуурайшилт явагдахаас гадна говьд цөлжилт даамжирна. Тухайн голыг өгсөн уруудан, ундаалж байсан хүн, мал бүгд хэцүүдэх учир алтны уурхайн асуудал нэгхэн сум, аймгийн газар нутгаар хэзээ ч хязгаарлагдахгүй.
Гэвч дэлхийн нийтээр шороон ордыг хориглох хандлагатай байгаа нь Монголд хараахан хүрээгүй байна.Сүүлийн арван жилийн экспортын гол бүтээгдэхүүний графикаас харахад харахад нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тос, ноолуур, цинк, алт зэрэг Монголд голлож байна. 2009 оноос нүүрсний экспорт огцом өсч байснаа Хятадын Засгийн газар нүүрсний хэрэглээг багасгах бодлого явуулсны улмаас сүүлийн хоёр жил эргээд буурсан. Монголын экспортод уул уурхай үргэлж ноёлох байр суурь эзэлж байгаагүй. 1999 он хүртэл мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспорт жил бүр тогтвортой өсч, 1999 онд нийт экспортын 50 хувь хүрч байлаа. Гэвч 1999 онд Монгол WTO-д элсэхийн тулд импортын барааны татварыг 0 хувь болгосны улмаас үндэсний үйлдвэрлэл нь бүрэн нурсан. 1999 оноос мал аж ахуйн экспорт жил бүр буурсаар эдүгээ 10 хувьд ч хүрэхгүй байна. Эсрэгээрээ 1999 оноос уул уурхайн экспорт жил бүр нэмэгдэж байгаа.

Ашигт малтмалын экспорт

Хятадын экспортоос 100 хувь хамааралтай байгаа нь Монголын сул тал.  Бусад орон руу гаргах тухай яригдаж буй ч бодит байдал ийм байна:Нүүрс: 99.7 хувь -Хятад

Зэс, төмрийн хүдэр, цинк: 100 хувь- Хятад

Молибден: 80.4хувь -  Хятад, 17.4 хувь – Солонгос, 2.2 хувь- Мексик

Фтор: 60.8 хувь-  Орос, 36.7 хувь -Хятад, 0.3хувь- Солонгос.

Ашигт малтмалын хайгуулын эрх

Монголд хайгуулын эрх олгоогүй аймаг алга. Дорноговь, Өмнөговь, Орхон аймгуудын үзүүлэлт 100 хувь тул аймгийнхаа газар нутгийн бүх хэмжээнд хайгуулын эрх олгочихсон гэж ойлгож болно. Ихэнх аймгуудын үзүүлэлт 50 хувь хүрсэн, зөвхөн Улаанбаатар л 0 хувь байна. Улсын хэмжээнд авч үзвэл Монгол улс нийт газар нутгийнхаа 40 хувьд хайгуулын лиценз олгочихсон үр дүн гарч байна. Тиймээс Монгол бол пүүс компаниудад их хэмжээний хайгуулын эрх олгосон, уул уурхайг хөхиүлэн дэмжих замаар улсаа хөгжүүлэх бодлого баримталж буй улс гэж дүгнэж болно. Хайгуулын эрх авсны дараа хайгуул хийхгүй дамжуулж зарах бизнес ч нэг үе цэцэглэж байсан. Энэ нь эдийн засгийн бүтээн байгуулалт хийхгүй, хайгуулын эрх авах арын хаалга, “мотор”-той хүмүүст үлэмж ашиг олгохоос гадна хээл хахуулийг асуудлыг ч лавшруулсан.

Эдийн засаг VS Экологи

Эдийн засаг бус байгаль орчны талаас асуудлыг авч үзвэл уул уурхайн хор хөнөөлийг Монголын байгаль даах чадалтай юу? гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна. Монгол орон бол бороо хур багатай, усны ундрага цөөн, байгалийн нөхөн сэргэх чадвар муу. Тийм атал нийт газар нутгийнхаа 40 хувьд хайгуулын лиценз олгочихсон нь түгшүүртэй үр дүн юм.

Доор байгаа хүснэгт бол дэлхийн 37 орны уурхайн лицензийг харьцуулсан хүснэгтийн нэг хэсэг нь юм. Хайгуул хийх газрын хэмжээ, жилийн дундаж тундас хамгийн бага гэсэн хоёр үзүүлэлтээр Саудийн Араб, Монгол хоёр тэргүүлнэ.

Улс Лицензийн талбай Жил. дундаж тунадас Байгалийн бүс Ашигт малтмал Олборлох арга
С.Араб 1,000,000 59 цөл газрын тос цооног
Монгол 400,000 241 ойт хээр, хээр тал, говь, цөл зэс, алт, нүүрс г.м. ил олборлох
Папуа ШГ 255,750 3,142 ширэнгэ, халуун бүс алт, зэс, газрын тос ил олборлох

Жилийн бороо тунадасны хэмжээг дүгнэхэд Монголыг Төв азийн Саудийн Араб гэж болно. Бороо хур бага, хуурай уур амьсгалтай Монгол орны ой хөвч, тал хээр нутаг нь усны эргэлтийн маш эмзэг баланс дээр тогтож буй. Бороо орохгүй тул ухаж сэндийчсэн газар амархан цөлжинө, эргүүлж сэргээхэд маш хэцүү, бараг боломжгүй. Тиймээс өнөөгийн уул уурхайн энэ бүх үйл ажиллагаа Азийн цээжнээ хоёр дахь Сахарын цөлийг бий болгож буйгаас ялгаагүй.


Шороон уурхайг хориглох тухай хуулиуд

Саяхныг хүртэл их хэмжээгээр алт олборлож байсан улсууд шороон уурхай, гол усны сав газар олборлолт хийхийг хориглож байгаа нь дэлхий нийтийн хандлага юм.

Аргентин: Байгаль орчныг хамгаалах зорилгоор Rio Negro (2005 оны 8-р сар), Tucuman (2007 оны 4-р сар), Cordabo (2008 оны 9-р сар) аймгуудад бүх төрлийн металлыг ил аргаар олборлохыг хориглосон.

Болив:  1997 онд олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор усны (гол, горхи, нуур, цөөрөм, усан сан) сав газраас 100 метр зайнд бүх төрлийн уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Хятад: Байгаль орчныг хамгаалахын тулд гол мөрөн, ой хөвч, газар тариалан эрхлэх зориулалт бүхий газар алт олборлохыг 2006 оны 12-р сараас хориглосон. Төвөдийн өөртөө засах орны газар нутагт 2006 оны 1-р сараас шороон уурхайгаас алт олборлохыг хориглосон.

Колумби: Байгаль орчныг хамгаалах зорилгоор гол усны сав газар алт (шороон уурхай, үндсэн уурхай) олборлохыг 2010 оноос хориглосон.

Коста-Рика:  2010 оноос байгаль орчныг хамгаалах зорилгоор ил аргаар олборлолт явуулах бүх төрлийн уурхайг хориглосон.

Эквадор:  2004 оноос байгаль орчныг хамгаалах зорилгоор ил аргаар олборлолт явуулах бүх төрлийн уурхайг хориглосон.

Дээрхээс харахад бороо хур их ордог, жилийн дундаж тунадас нь Монголоос хэд дахин их, байгаль орчин нь харьцангуй сэргэх чадвар сайтай орнууд хүртэл шороон уурхай, ил уурхай, гол мөрний сан газрын уурхайг хориглосон байна. Тэгтэл гол усны сан газарт алт олборлосны уршгаар Монголд үй олон гол горхи дундарч, ор мөргүй ширгэж буй нь өнөөгийн бодит байдал. Зарим аймаг, сумын нутагт голын эхэнд буй ой модыг тайрах замаар алт олборлож буй нь нийт экосистемийг үгүй хийж буй хэрэг. Усны ундрага газрын ой модыг яаж ч хичээгээд нөхөн сэргээхэд хэцүү. Мөн зарим аймагт мөнх цэвдгийг хайлуулах аргаар алт олборлож буй нь сэтгэл түгшээж байна.

Урт нэртэй хуулийн асуудал. 

“Урт нэртэй” гэж хүмүүс товчлон дуудах хууль нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” юм. Энэ хуулийг 2009 онд баталж, хэрэгжиж эхэлснээс хойш гол мөрний эх, усны сан газар олборлолт явуулах 1300 гаруй лицензийн 242-ыг нь хүчингүй болгосон. Гэвч хэрэгжилт доголдолтой байна. Үйл ажиллагаа явуулах эрхээ хязгаарлуулсан компаниуд нэгдэж, оруулсан хөрөнгө мөнгөө улсаас нөхөн төлбөр хэлбэрээр эргүүлж авахгүй юм бол нөхөн сэргээлт хийхгүй гэж гүрийж байна. “Уул усыг нь сүйтгэх замаар алт олборлож ашиг олсны хариуд нутгийн уугуул иргэдий төлөө, тэдний нутаг усных нь төлөө, цаашлаад Монгол улсынхаа газар нутгийн төлөө нөхөн сэргээлтийг заавал хийх ёстой” гэж үзэх ёс суртахуун дутагдаж байна.

Энэхүү хуулийг одоо уул уурхайн компаниудад ашигтайгаар өөрчлөх гэж буй. Улсын экспортод эзлэх алтны хувь 2005 хүртэл өндөр байсан боловч эдүгээ экспортын орлогын 1 хувь болтлоо буурсан. Мөн гол усны сав газар, шороон уурхайгаас ил олборлодог алт нь нийт алтны экспортын өчүүхэн хэсгийг эзэлдэг. Тиймээс алтны үндсэн уурхайг хорьдоггүй юм гэхэд ядаж шороон уурхайг хорьж гол усаа хамгаалах шаардлагатай. Нэн ялангуяа, Монголд хэдэн гол бий билээ, усны ундрага хэр элбэг билээ гэдгийг бодоход энэхүү асуудлыг хэрхэвч хойшлуулж болохгүй. Үүний тулд алт олборлодог бусад улсуудын баримт, байдлыг судалж монголчуудад объектив мэдээллийг хүргэхийг зорьсон билээ.


Ugluu-logo1

URL:

Сэтгэгдэл бичих