“Н.Батбаярыг огцруулчихвал эдийн засагт эерэг хандлага гарна шүү”
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ дэд дарга Р.Гончигдорж танилцуулсан юм. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “ УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд зааснаар тухайн сайдыг огрцуулах асуудлыг холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Энэ долоо хоногийг тооцох юм бол хоёр долоо хоног хууль зөрчих гээд байна. Холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал дүгнэлтээ гаргана гэсэн заалт бий. Эхний долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны ирцийг АН-ын бүлгийн гишүүдээс нэг ч гишүүн ирэхгүйгээс ирц бүрдэхгүй хойшилсон. Дахиад хэлэлцэх гэсэн боловч Эдийн засгийн хөгжлийн сайд өвчтэй гээд ирээгүй. Өнгөрсөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр АН-ын бүлэг үндэслэлгүй байна хэмээн горимын санал гаргаж, асуудлыг хойшлуулсан.
Ийм байдлаар УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуулийг зөрчиж болохгүй. Тиймээс энэ асуудлыг эхэлж хэлэлцтэл чуулганы хуралдааныг хойшлуулж өгөх санал гаргаж байна” гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Өрийн удирдлагын хуулийн талаар хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрээд байна. Үндэсний эдийн засгийн газраас эдийн засгийн үндэслэлүүдээ тооцдог аргачлалаа өөрчлөөд ч инфляци 15 хувьтай гарчихлаа. Ер нь эдийн засагт олигтой үр дүн гарахгүй байна. Тэгэхээр АН-ынхан эдийн засгийн байдал сайн байна, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ард иргэдийн амьдрал сайжирсан, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдсэн гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг хойш нь тавиад байгаа юм уу. Хууль зөрчиж асуудлыг хойш тавиад байгаа юмуу. Нэг ч гялтайх зүйл алга. Тиймээс Н.Батбаяр сайдын асуудлыг ойрын хугацаанд шийдмээр байна. Ний нуугүй хэлэхэд Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг нэг тийш нь болгочих юм бол эдийн засаг гайгүй болох хандлага гарна шүү.
Тиймээс энэ асуудлыг өнөөдөр шийдэх хэрэгтэй. Чуулганы өнөөдрийн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг оруулж ирээд хэлэлцье” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн М.Энхболд “Өрийн удирдлагын тухай хууль өнөөдрийн хэлэлцэх асуудалд багтсан байна. Үүн дээр ярилцаж хэлэлцэх асуудал их бий. Мөн өмнөх хуулиудтайгаа зөрчилдөх ч зүйл байгаа. Тиймээс үүнийг хойшлуулж өгөхийг хүсье” гэлээ. Үүнд хуралдаан даргалагч Р.Гончигдорж “Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг эхлээд байнгын хороогоор хэлэлцэх учиртай. Байнгын хороогоор хэлэлцвэл чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн байгаа. Харин Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн талаар өмнө нь нэлээн маргалдсан. Үүн дээр АН-ын бүлэг өөрийнхөө санал дүгнэлтэд хууль зөрчсөн гэх саналыг хасах талаар илэрхийлсэн” гэсэн юм.
Одоо Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байгаа юм.
URL: