ГССҮТ-ийн эмч нарын хувийн бизнесийг илрүүлэв

78Өнгөрсөн сарын 26-наас хойш ажлын зургаа хоногт МХЕГ-аас Гэмтэл согог судлалын үндэсний төвд шалгалт хийжээ. Шалгалтыг дөрвөн чиглэлээр зургаан байцаагч хийсэн бөгөөд хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тухайлбал ГССҮТ-ийнхөн 2013 оны нэгдүгээр сараас 2014 оны зургадугаар сар хүртэл долоон даргын нүүр үзсэн нь тухайн байгууллагад хүний нөөцийн бодлого алдагдахад хүргэсэн гэсэн дүгнэлт гарчээ. Мөн тус байгууллагад ажиллагсдын 90 хувь нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй байжээ. Учир нь эмнэлгийн Хүний нөөцийн албаны дарга нь 1998 онд томилогдсоноосоо хойш ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадаагүй байна гэж МХЕГ-ынхан үзжээ.

Тус эмнэлгийн эмч нар нь улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор өөрийн хувийн компаниа байгуулсан байжээ. Тодруулбал үе түнхний хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4600 доллар, өөр давхар нь 3600 доллараар хийдэг байсан байна. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаад, “Би БНСУ-д сурч ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүний хийж байгаа” хэмээн өөрийгөө зөвтгөж буй аж. Мөн ГССҮТ-д дурангийн хоёр аппарат байдгаас нэг нь хувь хүнийх, нөгөө нь байгууллагынх байжээ. Түүнчлэн Мөнхбаяр, Батзориг, Өлзийбаатар, Сүхбат, Мөнхсайхан, Жаргалсайхан зэрэг мэс заслын эмч нар нийлж өрөөндөө имплант буюу хиймэл үе хадгалдаг байсан нь илэрсэн бөгөөд түүнийгээ өвчтөнүүдэд зардаг байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

 

 

Н.АЛТ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих