Америкийг хайрлах уу, эсвэл Монголоо юу

3ec21960-edd7-4ca6-98b9-932b99bf13c0Арван гурван жилийн өмнө манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д сурч байсан цаг. Тэр жилийн 9 дүгээр сарын 11-нд Лалын хэт даврагч, террорист бүлэглэл болох Аль-Кайдагийнхан АНУ-д халдлага хийсэн. Тэр үед Ц.Элбэгдорж “Америкийг хайрла” гэдэг нийтлэл бичин өдөр тутмын зарим сонинд гаргаж билээ. Тэр өгүүллийн гол утга нь АНУ бол эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг. Гэтэл түүнд халдлаа гэсэн утгатай байсан санагдана.
2c5396fd-29c1-4808-a99d-c4e0cd757f74.jpeg

Харин түүнээс хойших 13 жилд Америкийг хайрлах тухай яриа хөөрөөнөөс илүүтэй тэдний дэлхийг ноёрхож байх их хүсэл мөрөөдлийнхөө төлөөх авир ааштай нь холбоотой мэдээллүүд л олон улс орноор тархаж ирлээ. Америкчуудын Ирак, Афганистанд хийсэн дайнаас эхлээд Арабын хавар, Зүүн Европын улс орнууд дахь цэцэгсийн нэртэй “хувьсгал”-ууд хүйтэн дайны үеийг л санагдуулах болов.

Хүйтэн дайны үеийн “социалист систем” /социалист лагерь ч гэдэг дээ/-ийн орнууд тэр дундаа жанжлагч нь байсан ЗХУ-д тус улсын удирдагч нарын тухайд даян дэлхийд социализм, коммунизм байгуулах мөрөөдөлтэйгээ 70 гаруй жил зууралдаад л эцэстээ тэр санаархал нь нуран унаснаар төгсөж билээ.

Тэгвэл энэ удаа Америкийн дэлхийг жанжлах санаархал ч нуран унаж эхлээд байна. Америкийг эдүгээ дэлхийн олон нийт ч “Эрх чөлөөний арал” гэж үзэхээ больжээ. Америкийн ашиг сонирхол аль бүс нутаг, аль улс оронтой огтлолцоно тэнд дайн байлдаан, бужигнаан, аллага хядлага л өрнөж байдаг болсон нь харагдана. Мөн тэр үймээн бужигнаан болж буй улс орон, бүс нутаг нь АНУ болон түүний холбоотнуудын ашиг сонирхолд л нийцдэг нь Ливигээс эхлээд тодорхой харагдсаар.

АНУ-ын энэхүү дэлхийг тэргүүлэх гэсэн бодлогын эсрэг сүүлийн үед ОХУ, БНХАУ хамтрах болоод байна. Тэдний хувьд АНУ барууны орнуудын эсрэг Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийг оролцуулсан БРИКС хэмээх эвслийг байгуулсан. Эдгээр орнуудын эдийн засгийн чадавхи сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болоод байгаа нь Америк тэргүүтэй улс орнуудтай өрсөлдөх боломжийг улам нэмэгдүүлсээр байгаа юм.

Тиймээс л геополитик, геостратегийн хувьд дэлхий дахиад л хоёр туйл руу явсаар байна. Энэ дунд манай улс аль талд нь багтах вэ гэдэг нэн чухал болж байгааг хэлэх юун. Монгол улсын хувьд түүхэн хоёр л хөрштэй. Тэдгээр нь ОХУ, БНХАУ. Бид энэ хоёр улсыг даваад дэлгэсэн тэрлэг шиг нутгаа аваад нисээд явчихаж чадахгүйгээс хойш тэдэнтэйгээ л найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам боловсронгуй болгох ёстой. Үүнийг ч эдүгээ өрнөж байгаа үйл явдлууд улам бүр баталсаар байна.

Саяхан Шанхайд болсон олон улсын бага хурлын үеэр өрнөсөн үйл явдлууд, дараа нь ОХУ-ын Санкт-Петербургт болсон үйл явдлууд энэ бүхний хамгийн тод томруун илэрхийлэл болж байгаа юм. Үүнийг манай ардчилсан төр, Засгийн удирдлагууд эдүгээ сайтар ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Тэгэхээр өнөөдрийн болоод ирээдүйнхээ төлөө бид Америкийг бус Монголоо хайрлаж, Монголынхоо төлөө л зүтгэх цаг нэгэнт болжээ.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих