Нийслэлийн тоосжилт хүлцэх хэмжээг олон удаа давжээ

ulaanbaatarҮндэсний статистикийн хорооноос сар бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийдэг билээ. Тэд өчигдөр он гарсаар эхний таван сарын байдлаар ямар байгааг танилцуулсан юм. Уг мэдээллийн заримаас тоймлон хүргэе.

Дундаж цалин 762 мянган төгрөг гэв
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны нэгдүгээр улиралд нийт 33.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 762.9 мянган төгрөг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс эмэгтэйчүүдийнх 696.3 бол эрэгтэйчүүдийнх 829.9 мянган төгрөг аж. Ерөнхийдөө уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1696.8 мянган төгрөг байгаа бол хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбар тухайлбал, туслах малчин зэргийн ажлын хөлс дунджаар сарын 339.0 мянган төгрөг байгаа юм байна.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр судалгаа гаргасан байна. Тухайлбал, 1-9 ажиллагчтай ААНБ-ын сарын дундаж цалин 449.1 мянган төгрөг бол 10-49 ажиллагчтайнх нь 607.6 мянган төгрөг байгаа юм. Мөн 50-99 ажиллагчтайнх 716.8 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 739.8 мянган төгрөг байх жишээтэй. Харин 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх дунджаар 896.3 мянган төгрөг байна гэжээ. Албаны хүмүүс “Зарим хувийн хэвшлийн байгууллагад 4-6 сая төгрөгийн цалинтай ажилчид хүртэл байдаг болохоор дээрх цалингийн тоонууд дунджаар гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж байсан юм.

Бакалаврын дипломтой иргэд ажилгүйчүүдийн олонхийг бүрдүүлж байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо энэ оны тавдугаар сарын эцэст 46.2 мянга болсны 24.5 мянга нь эмэгтэйчүүд юм байна. Тэдний 38 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мянган хүн буюу 6.3 хувиар буурч, өмнөх сарынхаас 2.9 мянга буюу 8.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20.4 мянга буюу 53.7 хувийг эмэгтэйчүүд эзэлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 оны эхний таван сард ажилгүй 33.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 10.9 мянган иргэн ажилд зуучлагдан орсон байна. Харин 38.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан гэнэ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.5 хувийг магистр, доктор, 30.9 хувийг дипломын болон бакалаврын, 7.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 42.0 хувийг бүрэн дунд, 9.5 хувийг суурь, 2.7 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байгаа аж. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 24.3 мянга буюу 64 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хот болон Баянхонгор, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Орхон аймагтулсын дунджаас 1-10.6 пунктээр илүү байна гэж мэдээллээ.

Өнгөрсөн сард Улаанбаатарт ДОХ өвчний таван тохиолдол бүртгэгджээ
Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард 33371 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 33600 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 1163 буюу 3.6 хувиар, хүүхдийн тоо 1235 буюу 3.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Мөн өнгөрсөн сард 6931 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 251 хүүхэд буюу 3.8 хувиар өссөн дүн аж. Улсын хэмжээгээр энэ оны эхний таван сард нялхсын эндэгдэл 534 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 42 хүүхэд буюу 8.5 хувиар, тав хүртэлх насандаа 637 хүүхэд эндэж, 32 хүүхэд буюу 5.3 хувиар нэмэгдсэн байна.

Нялхсын эндэгдэл өнгөрсөн сард 100 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 121 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт аж. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2014 оны эхний таван сард 16 болж, өмнөх оны мөн үеийнхээс нэгээр нэмэгдэж, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна. Харин мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл өнгөрсөн сард 14 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеийнхээс нэгээр буурчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо энэ оны эхний таван сард 14212 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4335 буюу 23.4 хувиар буурсан байна. Хэдийгээр тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 243, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 34 тохиолдлоор өссөн хэдий ч гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 3892 буюу 93.3 хувь, вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 918 буюу 63.3 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол тав гарч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 167 болжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг нэмэгдэв
Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард 54.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 7.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 2238 буюу 4.3 хувь, баривчлагдсан хүний тоо 615 буюу 9.1 хувиар нэмэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 302 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 169 хэрэг буюу 2.3 дахин өссөн байна.

Нийслэлийн тоосжилт хүлцэх хэмжээг олон удаа давжээ
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж өнгөрсөн сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 24 удаа, XIII хороолол орчимд 18 удаа, 32-ын тойрог орчимд 16 удаа, Хархорин зах болон I хороолол орчимд тус бүр нэг удаа хүлцэх хэм хэмжээнээс давсан байна. Мөн хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Мишээл экспо төвийн орчим нэг удаа хүлцэх хэмжээнээс давсан бол 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дервөн зам болон 32-ын тойрог орчимд тус бүр 19удаа, XIII хороолол орчимд 16удаа, Хархорин захын орчимд 10 удаа, Мишээл экспо төвийн орчим гурван удаа давжээ.

Импорт буурч, экспорт өсчээ
Монгол Улс энэ оны эхний таван сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4059.8 сая ам.доллар, үүнээс экспорт 1927.9 сая ам.доллар, импорт 2131.9 сая ам.доллар болсон байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 51.4 сая ам.доллар буюу 1.3 хувь, импортын хэмжээ 336.1 сая ам.доллар буюу 13.6 хувиар буурчээ. Харин экспортын хэмжээ 284.7 сая ам.доллар буюу 17.3 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний таван сард 824.7 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ оны эхний таван сард 204 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 620.8 сая ам.доллараар буурчээ.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 284.7 сая ам.доллар буюу 17.3 хувиар нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний экспорт 239.5 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүнийх 45.2 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 336.1 сая ам.доллар буюу 13.6 хувиар буурахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 232.6 сая ам доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 145.6 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн аж.

Агаарын тээврээр зорчигчид буурсан байна
Агаарын тээврээр энэ оны эхний таван сард 1328.8 тонн ачаа, давхардсан тоогоор 248.2 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 166.4 тонн буюу 11.1 хувь, зорчигчдын тоо 26.3 мянган хүн буюу 9.6 хувиар буурчээ. Агаарын тээврээр энэ оны эхний таван сард дотоодод зорчигчдын тоо 95.6 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.3 мянган хүн буюу 25.3 хувиар буурсан байна. Олон улсад зорчигчдын тоо 152.6 мянган хүн болж, зургаан мянган хүн буюу 4.1 хувиар өсчээ. Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны тавдугаар сард 247 мянган тонн болж, өмнөх сарынхаас 38.4 мянган тонн буюу 13.4 хувь, зорчигчдын тоо 45.9 мянган хүн болж, 5.4 мянган хүн буюу 10.4 хувь, орлого 13.4 тэрбум төгрөг болж, 5.9 тэрбум төгрөг буюу 30.5 хувиар буурчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 96.6 мянган тонн буюу 28.1 хувь, зорчигчдын тоо 11.3 мянган хүн буюу 19.8 хувь, орлого хоёр тэрбум төгрөг буюу 13 хувиар буурсан байна. Агаарын тээврийн салбарын орлого энэ оны эхний таван сард 75.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 тэрбум төг буюу 2.2 хувиар буурсан байна.

Ж.БАЯРСАЙХАН /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих